Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар сар шинийн баяраар нийтийн тээврийн үйлчилгээг зогсоох шийдвэрийг гаргалаа. 

Хот хоорондын хөдөлгөөнийг түр хязгаарласан амралтын өдрүүдэд буюу шинийн 1-нээс 3-ныг дуустал (хоёрдугаар сарын 24, 25, 26) өдрүүдэд нийтийн тээврийн үйл ажиллагааг зогсоож байгаа аж. 

Ингэхдээ онцгой нөхцөлд ажиллаж буй төрийн албан хаагчид болон, үйлчилгээний албан хаагчдад зориулан тусгай автобус гаргаж өглөө, оройдоо явуулах юм байна. 

Хуралдааны үеэр хотын дарга С.Амарсайхан “Нийтийн тээвэр зогссон өдрүүдэд Нийтийн тээврийн удирдлагууд ариутгал халдваргүйжүүлэлтийг сайтар хийж, хяналт тавьж ажиллах ёстой. Шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх ажилд иргэн бүрийн идэвхи оролцоо чухалд төдийгүй нийслэлчүүд сар шинийн өдрүүдэд аль болох айлаар зочлохгүй гэр бүлийнхэнтэйгээ баяраа тэмдэглэн өнгөрүүлэхэд анхаарах хэрэгтэй. Түүнээс гадна амралтын өдрүүдэд сайжруулсан түлшний нийлүүлэлт, түгээлтэд холбогдох албан тугаалтнууд анхаарч ажиллах ёстой” гэдгийг онцолсон гэж Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.