Сайнаа гэдэг жаал: Аутизм. Найдвар

Түүнийг Сайнаа гэдэг. Одоо тэр долоон настай. Үеийнх нь хүүхдүүд хэдийн сургуульд орж, хичээлдээ явж, тарж, харьж, бөмбөг өшиглөцгөөж, гар зөрүүлж, бас эвлэрч байна.

Харин энэ бүхнээс гэрийнхээ цонхоор тусгаарлагдсан манай Сайнаа тэгэж чадахгүй. Тэгэх дургүй гэвэл илүү ононо. Үгүй дээ, тэр харваас эрхтэн бүрэн, энгийн л нэгэн жаал. Гэвч тэр бусад хүүхдээс тэс өөр. Тэр ганцаараа тоглох дуртай. Бусадтай тэр бүр харьцдаггүй. Хүний үг авдаггүй, өөрийнхөөрөө. Үг дуу тун цөөтэй... Саяхан болтол Сайнааг аав ээж нь эрхэлсээр байгаад ийм болчлоо гэж боддог байсан. Эмчид үзүүлэхэд дүлий гэдэг онош тавьсан удаатай. Сайнаа гэж ийм л жаал. Тэр дүлий биш. Тэр хэлгүй биш. Тэр аутизмтай. Аутизм гэж юу юм бэ? Анагаах ухаан, сэтгэл судлал, нейропсихологи, парафизиологийн нарийн мэргэжилтэн биш тул өөрөө ойлгосон хэмжээндээ, өөр  шигээ энгийн хүмүүст ойлгомжтой “хэлээр” тайлбарлах гэж оролдъё.


Мэдэхгүй газар, танихгүй хүмүүс дунд гэнэт хаягдвал та яах вэ? Хүрээлэн буй юмс үзэгдлүүд харь хахир, хүн байгалийн дуу чимээ чихэнд чийртэй бол ямар санагдах вэ? Эд юмс маань зөв байрлалдаа атал  эргэн тойрныхон үргэлж өөрчлөөд байвал уур хүрэх үү? Хүсээгүйг хүчилж хийлгээд байгаа хүмүүст хүссэнээ хүргэж ойлгуулж чадахгүй бол яах вэ?  Гарц ганцхан... Өөрийгөө тусгаарлах. Үл анзаарах. Миний ойлгосон аутизмын шинж тэмдэг-симптом энэ юм.
 
Өнөөдөр манай гараг дээрх 88 хүүхэд тутмын 1 нь аутизм гэсэн оноштой гэж www.autismspeaks.org хэлж байна.  Тэр тусмаа охидтой харьцуулахад хөвгүүдэд 4 дахин илүү тохиолддог гэжээ. 10 мянган хүүхэд тутамд 5-20 тохиолдол гэсэн тоо ч бий. Аутизмыг ихэнх эмгэг шиг эмнэлгийн нарийн шинжилгээгээр (биохими, томограф, эсийн г.м.) илрүүлэх боломжгүй. Аутизмын шалтгаан нөхцөл, эх үндсийг ч эрдэмтэн судлаач нар эцэслэж нэг мөр тогтоогоогүй. Тийм болохоор хүүхдийн зан байдлын онцлогийг ажиглан харж байж л “Энэ бол аутизм” гэдэг эцсийн харамсалтай оношийг нь тодорхойлдог хачин жигтэй эмгэг. 

“Сонсголын бэрхшээлтэй эсвэл хэл ярианы доголдолтой байна гэх мэтээр төөрөлдсөн оношилгоо явчихдаг сөрөг тал их гарч байна. “Танай хүүхэд хэлд орохгүй байна уу? Дүлий.” гэж хэлж байгаа монгол эмчийн буруу биш. Монгол улс, Монголын анагаах ухаан аутизмыг таниагүй байна. Энэ чиглэлээр эмч, судлаач бэлтгээгүй болохоор эмчлэх, засах байтугай оношлох, таних тал дээр таг суучихаад байгаа нь энэ. 

Сүүлийн үед аутизмын тухай Монголын олон нийт аажим боловч ойлголт мэдлэгээ нэмэхэд “Анд Хүүхдүүд” ТББ зэрэг үүсгэл санаачилгын байгууллагуудын оруулсан хувь нэмэр асар их. Хүүхэд нь аутизмтай (аутистик ч гэдэг) гэж оношлогдсон эцэг эхчүүдийн хувьд 4 дүгээр сарын 2 бол төрсөн өдөр, хуримын ойгоос нь дутахгүй чухал өдөр. Энэ асуудалд анхаарлаа хандуулахыг уриалж дэлхий нийтээр эл өдрийг олон улсын аутизмын өдөр болгон зарлажээ. Эрт бөгөөд зөв оношлуулж чадахгүй байгаа явдлыг таслан зогсоож, үндэсний боловсон хүчинтэй болох, аутизмтай хүүхэд, тэдний гэр бүлийг нийгмийн зүгээс зөв ойлгодог болоход мэдээ мэдээллээр дэмжих гээд энэ өдөр бодож тунгаах, санаж сэрэх ажил зөндөө. Аутистик хүүхэд шинэ орчин, дадал болоогүй үйл үйлдлээс эгшин зуурт татгалзан уйлж хашгирах энүүхэнд болохоор эцэг эхчүүд нь энгийн хүмүүс шиг үр хүүхдээ дагуулан гэр бүлээрээ хоол идэх, зугаалах, айлд зочлох, үсээ засуулах гэдэг ямар том бэрхшээл, аль хэр хэцүү гачлан болохыг бид мэдэхгүй. “Дэндүү эрхэлчихсэн, дураараа хүүхэд”, эсвэл “Оюуны бэрхшээлтэй юм байна, зайлуул”. Энэ бол бидний хамгийн эхний, хамгийн түгээмэл хандлага. Насан туршид нь анхаарал халамж, сэрэмж болгоомж алдалгүй цаг мөч бүхэнд үрийнхээ төлөө сормуус нийлүүлэх завгүй, зарим тохиолдолд зовхи хуурайгүй яваа ээж аавууд харин аутизмтай хүүхэд өсгөхийн зовлонг яс махаараа мэдэрнэ. Аутистик хүүхэдтэй гэр бүлийн дундах салалтын түвшин маш өндөр гэсэн харамсалтай статистик бас бий.

Бага хэмжээний бэрхшээлтэй хүүхэд зөв эмчилгээ сургалтанд эрт хамрагдвал сургуульд орох насандаа “зохисгүй” биеэ авч явах байдал нь бараг үгүй болж жирийн хүүхдүүдээс ялгагдахгүй болдог. Багадаа хүнд байсан хүүхэд цаашид ч бэрхшээлүүдтэй хэвээр байдаг. Хэрвээ аутизмтай хүүхэд бага насных бол хэдэн жилийн дотор тэр хүүхэд сургалт оролцооны үр дүнд сайжирна. Ер нь эрт, эрчимтэй оролцоо маш ихийг өөрчилдөг гэж мэргэжлийн судлаачид зөвлөж байна. Тийм ч учраас нэгэнт аутизмтай нүүр тулсан гэр бүлийнхэн чухам эрт бөгөөд зөв оношлохыг тэгэж их чухалчлан бусдад анхааруулаад байгаа хэрэг. Яг үнэндээ энэ бол тэдгээр эцэг эхчүүдийн бидэнд хандсан анхаарал, сэтгэл, сэрэмжлүүлэг юм.

-Оюуны чадавх маш өндөр атлаа хамгийн энгийн, өдөр тутмын өөртөө үйлчлэх чадваруудыг маш удаан сурдаг байх жишээтэй. Гоц авьяас хөгжсөний шалтгаан аутизмтай хүний тархины хэсгүүд тус бүрдээ маш хүчтэй хөгжсөн байдагтай холбоотой. Харин хүнтэй харилцахад тэр хэсгүүд нь хамтран ажиллах ёстой байдаг бол аутизмтай хүний тархины хэсгүүд хоорондын холбоо их сул гэж мөнөөх А.Амарбуян хэмээх аутизмтай хүүгийн ээж ярьсан нь “мэргэжлийн” эмч, сэтгэл судлаачдаас илүүтэйгээр аутистик хүүхдүүдийн гэр бүлийнхэн аутизмыг таньж, судалж чадаж байгаа манай өнөөдрийн харамсалтай бодит байдал.

Барри Левинсоны найруулж, Дастин Хоффман, Том Крүз нарын тоглосон “Борооны хүн” хэмээх алдарт кино аутизмын тухайд дэлхийн үзэгчдийн нүдийг нээсэн бол “Анд хүүхдүүд” ТББ-аас NTV телевизтэй хамтран хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд үзүүлсэн аутизмтай хөвгүүн Монголд ирж засал хийлгэсэн тухай өгүүлдэг “Морьтой жаал” баримтат киноны үзлэг манай олон нийтийн энэ тухай мэдлэгийг маш ихээр тэлсэн төсөл болсон билээ. 
 
Дөрвөн настайдаа хамгийн бага тоо бол тэг гэж хэлсэн багшийнхаа хэлснийг сөрөг тоонууд байдаг гэж засаж байсан, 11 настайдаа аутизмын нэг хэлбэр Аспергерийн эмгэгтэйгээ үл харгалзан Их Британий Нээлттэй их сургуульд математикын шинжлэх ухааны чиглэлээр суралцсан нэрт математикч Камерон Томпсон бол аутизм бол ялын тогтоол биш гэдгийн хамгийн тод, бас том нотолгоо. Хэдийгээр аутизмын шалтгааныг тогтоох болон нэг мөр засч эмчлэх талаар ярихад эрт байгаа ч шинжлэх ухааны хөгжил өдөр цагаар урагшилж байгаа өнөөгийн нөхцөлд олон гэр бүлийн өмнө найдвар хэмээх эрхэм цамхагийн бараа алдраагүй байна. Харин түүнээс өмнө манай Сайнааг сайн ойлгодог нийгэмтэй болох нь бидний үүрэг.
PS: Аутизмтай хүний тархи дуу чимээ, дурс хоёрыг зэрэг хүлээж авдаггүй байж магадгүй гэсэн судалгааны дугнэлт гарчээ. Аутизмтай ба аутизмгүй хүүхдүүдэд алхаар хадаас хадаж байгаа дүрс үзүүлж. Дуу дүрсийг нь заримдаа зэрэг тавьж, заримдаа зөрүүлэв. Дүрс нь дуу чимээтэйгээ зөрөлгүй давхацсан тохиолдлыг аутистик хүүхэд энгийн хүүхдээс хоёр дахин удаан хугацаанд ухамсарлан ойлгож байжээ. Заримдаа ТВ-ээр дуу нь дурснээсээ хоцроод байдаг даа. Тийм үед зурагтаар юун тухай өгүүлээд байгааг ойлгоход ямар хэцүү болдог билээ дээ. Аутизмтай хүүхдэд цаг үргэлж тийм байдаг байж ч болох юм...