“Хар мягмар гариг” хэмээн түүхэнд тэмдэглэг­дсэн 2008 оны долоодугаар сарын 1-н давтагдаж мэдэх нь. Ханш нээгдэхтэй зэрэгцэн хаврын синдром эхэлснийг Иргэний нийг­мийн хөдөлгөөнийхний өчигдрийн үйл хөдлөл гэрчилнэ.

Тэд өчигдөр Төрийн ордны гадаа жагсав. Төр засагт болохгүй байгаа бүхний төлөө тэмцэхээр дуу хоолойгоо нэгтгэсэн нь энэ. Жагсаал гурван өдөр үргэлжлэх бөгөөд иргэдийнхээ санал хүсэлтийг авч төрийн өндөрлөгүүдэд хүргэх гэнэ.

Мөн “Монголдоо сайхан амьдармаар байна” нэртэй анхдугаар чуулганаар хэ­лэлцсэн эдийн засаг, хууль, шударга ёс, хүний эрх, байгаль орчин, түүх соёлын талаар тулгамдсан асуудлуудыг ч Төрийн өндөрлөгүүдэд сонордуулах аж. Түүнчлэн шударга бус явдлын төлөө тэмцэх болно гэдгээ ч хариуцлагатайгаар мэдэгдэж байсан юм. Тухайлбал, шүүгчийн цалин 3-5 сая төгрөг атал бусад нь 300-500 мянга төгрөг авах нь зүйд нийцэхгүй гэдгийг тодотгож байлаа.

Нөгөөтэйгүүр, парламент нь ард иргэдтэйгээ, иргэний нийгмийн байгууллагуудтайгаа хамтран Засгийн газрыг хуулийн дагуу ажиллуулах саналыг мөн дэвшүүлэн тавив. Тэгэхгүй бол цадигаа алдсан өнөө үед “давхар дээл”-нүүдээс болж парламент нь Засгаа хянаж чадахаа больсон, төдийгүй хууль бус явдал газар авч буйг ч тэд онцлон тэмдэглэсэн юм. Ямартай ч төр засгийн буруутай үйл ажиллагааны эсрэг Монголын нийгэм тэр аяараа дуу хоолойгоо нэгтгэж, үргэлж тэмцэхгүй бол хааяа нэг дуугардаг иргэний нийгмийнхнийг сонсдоггүй. Тиймээс хүчээ нэгтгэе хэмээн уриалжээ.

Жагсагчид урт нэртэй хуулийн заалтыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж “Монгол ахан дүүсээ уул ус байгаль дэлхийгээ хамгаалсан хүмүүс Монголын дайсан уу”, “Эх орон байгаль дэлхийгээ хамгаалсан Ц.Мөнхбаяр нарт ямар ч буруу байхгүй”, “Тэд эх орныхоо төлөө тэмцсэн юм” гэсэн агуулгатай уриа лоозон барьсан байв. Үүнээс гадна төрөө луйвардаж гадаадад бүгсэн томчуудын хүүхдүүдийн нэрийн жагсаалт, хэн хэн гэдэг сайд хэдий хэмжээний өр зээлтэй болохыг ч дурьджээ. Хэдийгээр суулт гурван өдөр үргэлжлэх ч ингээд дуусахгүй гэнэ. Энэ үеэр иргэдээс авсан саналаа нэгтгэж, төрийн өндөрлөгүүдэд хүргэж, хариу шаардах аж. Хэрэв ямар нэгэн хариу өгөхгүй бол ирэх долоо хоногт дахин жагсаал зохион байгуулах гэнэ. Тэгэхдээ энэ удаагийнх шигээ тайван замаар цөөн хүн байхгүй гэдгийг зарим хүн тодотгож байлаа. Өөрөөр хэлбэл, тэртээх хар өдрийг санагдуулам үйл явдал болж болзошгүй бололтой. Энэ талаар “Гал үндэстэн” холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ц.Энхбаяр “Монголчуудын амьдрал хүнд байна. Ц.Мөнхбаярын үйл хэргийг бид үргэлжлүүлнэ. Иргэний хөдөлгөөнийхөн гэлтгүй иргэд ч сэтгэл зүрхээрээ нэгдэж босоход бэлэн болж. Тэгэхээр төр дуугарсан нэгнээ ялын тогтоолоор дарамталдаг үзэгдлээ хойш тавих хэрэгтэй. Тэгдэг үе ард хоцор­сон. Иргэний нийгмийнхэн хэсэг зуур чимээгүй байлаа. Төрийн үйл ажиллагааг хөндлөнгөөс ажиглалаа. Энэ хугацаанд иргэний нийгмийн шинэ байгууллага ч олноороо байгуулагдаж. Эдгээр байгууллагатай хамтран тэмцэх болно. Тэгсэн цагт тэмцлийн үр дүн гарна” гэв. Энэ бүхнээс харахад төр засгийн удирдлагууд тоймтой хариу өгөхгүй бол хэзээд босоход бэлэн болсныг түүний яриа ийн гэрчилнэ.
Мөн хууль зүйн салбарын шинэчлэлийн талаар ч иргэний хөдөлгөөнийхөн шүүмжлэлтэй хандаж буй юм. Мэдээж Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өөрийнхөө үйлдлийг зөвтгөж, ойлгуулахыг хичээж байгаа ч салбарынхан нь хүлээн авдаггүй. Тиймээс сайд энэхүү үйлдлээ гагцхүү тэд л одоохондоо ойлгохгүй байгаа юм гэх байдлаар тайлбарладаг. Гэвч бодит байдал дээр салбарынхан нь төдийгүй иргэд хүртэл түүний шинэчлэл гэх замбараагүй үйлдэлд шүүмжлэлтэй хандаж буй юм.

Энэ үеэр “Монгол Улсын аюулгүй байдлын төлөө зүтгэе” Төрийн бус байгууллагын тэргүүн Азартай ярилцлаа.
-Та бүхэн юу хүсч талбай дээр суулт хийж байгаа юм бол?
-Сайд дарга нар эдийн засаг хүндрээгүй, ард түмний амьдрал хэвийн тогтвортой байна гээд байгаа. Үнэхээр тийм байна уу гэдгийг ард түмнийхээ дунд санал асуулга, хэлэлцүүлэг явуулахаар энд ажиллаж байна.
-Талбай дээр жагсаал цуг­лаан хийхэд зөвшөөрөл авдаг. Зөвшөөрлөө авсан уу?
-Тэгсэн. Энэхүү санал асуулгыг явуулахаар зөвшөөрлийг нь авлаа. Бид санал асуулгыг эдийн засгийн өнөөгийн бодит нөхцөл байдал, үндэсний аюулгүй байдал зохих хэмжээндээ байж чадаж байна уу гэдгийг ард түмнээсээ асууна. Мөн Оюутолгойн гэх мэт уул уурхайн олон гэрээ ямар ач холбогдолтой байна вэ гэх мэт арав гаруй асуулт тавьж буй. Одоогийн байдлаар 40-өөд санал асуулга цугларсан. Оюутолгойн гэрээ ямар ч ашиггүй, зөвхөн эрх баригчдад ашигтай гэрээ болжээ гэдгийг хүн бүр хэлж байна.
-Хүмүүс санал асуулгад хэр оролцож байна. Санал асуулгаас харахад ямар дүгнэлт хийж байна?
-Иргэдээс ирж байгаа санал асуулгатай танилцахад үнэндээ төр засагт итгэхэд хэцүү болжээ. Улс орон хөгжиж байна гэх боловч бодит байдал дээрээ ард түмний амьдрал улам доройтож байна гэж санал асуулгад оролцсон иргэдийн дийлэнх хувь нь хариулсан. Ард түмний амьдрал ямар түвшинд байна гэсэн асуултад сайн, дунд гэсэн хариултыг өгөхгүй шууд л ядуу гэж байна. Энэ бол тун аюултай үзүүлэлт. Мөн саяхан эдийн засгийн форум боллоо. Тэгэхэд 40 жилийн дараа манай эдийн засгийн үзүүлэлт ийм хэмжээний байна гэж ярилаа. Үнэндээ 40 жил байтугай дөрвөн жилийн хугацаанд байх уу, үгүй юү гэдэг нь тодорхойгүй болоод байна. Бид элгээрээ мөлхчихөөд байна шүү дээ гэдгийг олон иргэн хэлдэг. Үнэндээ цөөхөн тооны хүмүүс л баяжиж ард түмний ихэнх нь ядуурсан. Улс орон ямар хэмжээнд байгаа талаар чин үнэнийг ард түмнээсээ асууж төр засагт хүргэхийг зорьж байна. Түүнээс бус улстөржиж байгаа юм биш.
-Хүний эрх их зөрчигдөж байна гэж та хэллээ?
-Хүний эрх их зөрчигдөж байна. Тэр дундаа их хэмжээний мөнгө идсэн хүмүүс ялгүй шахуу мултарч байхад эх орныхоо төлөө буу бариад тэмцсэн хүн 20 гаруй жилийн ял авсанд ард түмэн дургуйцэж байна. Энэ нь хэдийгээр хуулийн байгууллагын хийж байгаа ажил боловч ард түмэн гэдэг шүүгчдээс юу гэж үзэж байгаа талаар асууж төрийн өндөрлөгүүд, хуулийн байгууллагуудад хүргэх санаатай байгаа юм.
-Ц.Мөнхбаяр нарын гаргасан үйлдлийг нийгэм янз бү­рээр ярьдаг. Ерөнхий прокурор Д.Дорлигжав саяхан Ц.Мөнхбаяр нарт оноосон ял хуульд нийцсэн гэж байсан?
-Өнөөдөр 4000 гаруй гол горхи ширгэж, 1200 гаруй нуур цөөрөм ширгэжээ. Тиймээс урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхгүй байна гэж хэрэгт холбогдоод байгаа энэ хүмүүс Дээд шүүхэд санал тавиад, Дээд шүүхээс Засгийн газар хуулиа хэрэгжүүлээгүй байна, энэ бол буруу гээд байхад хуулиа хэрэгжүүлэхгүй байгаа мөртлөө дахиад өч төчнөөн лиценз өгөөд байх юм. Үүнээс болж дахин гол ус ширгэх асуудалд хүрнэ. Тиймээс энэ хүмүүс бухимдахдаа ийм асуудал гаргасан. Түүнээс бус буу бариад гранат цуглуулсан явдлыг нь өмөөрөөгүй. Энэ бол гэмт үйлдэл. Гэхдээ өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч болоод хохирогч байхгүй. Тийм атал олон жилийн ял өгчихсөн нь сонин байгаа юм. Хэдэн арван тэрбум төгрөг идэж уусан хүмүүс өнөөдөр дөрөв, тавхан жилийн ял сонсоод сууж байна. Энэ бол шүүх байгууллага шударга бус байгааг харуулж буй хэрэг.

Г.ХИШИГСҮРЭН