Манай улсад коронавирус зөөвөрлөгдөн орж ирж анхны тохиолдол бүртгэгдээд байгаа билээ. Эл өвчин хамгийн анх БНХАУ-д бүртгэгдсэн цагаас эхлэн манай улсын ЭМЯ-ныхан цал алдалгүй иргэддээ мэдээлэл өгч, зөвлөгөө өгсөөр байна. Өнөөдрийн зөвлөгөөг хүргэе.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд шинээр 11 оронд коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдлээ. Манай оронд зөөвөрлөгдөн орж ирсэн нэг тохиолдлын ойрын хавьтлуудыг шинжилгээнд хамруулж дуусаад байгаа.

ДЭМБ-аас уг цар тахлыг тархалт удаан үргэлжлэх төлөвтэй байгааг мэдээлсэн. Түүнчлэн олон улсын эрдэмтэн судлаачид БНХАУ-тай 4,600 гаруй км газар нутгаар хиллэдэг Монгол Улсад халдвар бүртгэгдээгүй, мөн зөөвөрлөгдөн очсон нэг тохиолдлоос өөр халдвар бүртгэгдээгүй байгаа нь хязгаарлалтуудыг шуурхай авч ажилласны үр дүн хэмээн дүгнэлээ. Цаашид манай улсад коронавирусийн тархалтыг нэмэгдүүлэхгүй байх нь чухал. Иймд иргэд гараа сайтар савандаж угаах, амны хаалт зүүх бол халдварт өвчнөөс хамгаалах хамгийн шилдэг, үр дүнтэй арга билээ. Ард иргэд та бүхэн ЭМЯ-наас өгч буй энэ дэглэмээсээ битгий уйдаарай, гурав, дөрөв дүгээр сард Монгол хүний дархлаа мууддаг, халдварт өвчин дэгддэг сар. Тиймээс дэлхий нийтээр хэрэгжүүлж буй уламжлалт зөвлөмжийг уйдалгүй хэрэгжүүлээрэй" хэмээн зөвлөлөө. Мөн сода, жамц давстай бүлээн усаар хоолой, амаа зайлах хэрэгтэйг анхааруулав.