Улс төрд найз байдаггүй, мөнхийн эрх ашиг л гэж бий. Тэр эрх ашиг хаана хүрч огтлолцохоос улстөрчдийн сайндаж, муудах шалтгаалдаг. Өнөөдөр үй зайгүй нөхөд байснаа маргааш өстөн дайсан болдог улстөрчдийн араншинг андын журам, нөхөрлөлийн үнэ цэнтэй зүйрлэх аргагүй. Тиймдээ хамгийн увайгүй, явуургүй арга ашиглаж, улс төрд шат ахисан, өндөр албан тушаалд хүрсэн хүмүүс захаас аваад мундахгүй олон бий. Нэг ёсондоо тэд эрх ашгийн эрэмбээ алдсан хүмүүс. Нэн түрүүнд улс орны бус хувийн эрх ашгаа чухалчилдаг тэд улс төрийн намуудад харьяалагдаж, өөрсдөдөө ашигтай зүйлд гадна талдаа хонь, чоно мэт харьцаж, хөшигний цаана тэврэлдэцгээж байдаг. Тиймдээ ч МАНАН гэх нэр томьёо улс төрд хэрэглэгдэх болсон биз.

Энэ удаагийн парламентад АН арай чүү бүлэг байгуулах чадамжтай есхөн суудал авч, явцын дунд хоёр гишүүнээ “алдсанаар” одоо Зөвлөлийн статустай үйл ажиллагаа явуулж буй. Тэд сөрөг хүчний үүргийг хангалттай  биелүүлж чадахгүй байгаа. Товчхондоо, УИХ-д 65 суудал авсан эрх баригчид АН-ынханд хороо цэрэг л гэсэн үг. Хороо цэргийн өмнөөс долоон гишүүн сөрөх нь утгагүй гэж бодсон уу, эсвэл гишүүд нь сул, шинэ учраас жулдаж байна уу. Сөрөг хүчин гэхээр л зөв, буруу хамаагүй бүхнийг харлуулдаг, баллуурддаг гэж улстөрчид ойлгожээ. Ялангуяа, АН ээлжит УИХ-ын дөрвөн жилд дорвитой дуугарсангүй, хааяа дуугарахаараа хэт улстөржиж, асуудлыг мушгин гуйвуулж, эрх ашгийн эрэмбээ, юу чухал вэ гэдгээ ангилж чадахгүй харагдана. 

2008 оны сонгуулийн өмнө АН-ынхан иргэн бүрт нэг сая төгрөг тараана гэхэд тухайн үеийн МАН-ын дарга С.Баяр багтартлаа уурлаж, “Ингэж мөнгө тараавал энэ улс орны эдийн засаг даахгүй. Ийм тэнэг зүйл хийж, улсаа хорлодог улс төрийн хүчин байж болохгүй” хэмээж байсан ч төд удалгүй С.Баяр “Иргэн бүрт 1.5 сая төгрөг тараана” хэмээн хагас сая төгрөгөөр ахиулан амлаж, үр дүнд ч хүрсэн билээ. 

Уг нь 1996-2000, 2012-2016 онд парламентад олонх болж, засгийн эрх барьж байсан, 30 жилийн түүхтэй улс төрийн хүчин хэр нь намынх нь дарга С.Эрдэнийн хэлж буй үг хэдхэн сарын дараа болох сонгууль, албан тушаалаас өөрийг харахгүй болтлоо харалган болжээ гэж хэлэх байна. Тэрбээр дэлхийн дахиныг түгшээсэн коронавирусийн халдварын дэгдэлтээс үүдэж, гадаадаас зарим хүнээ эх оронд нь авчирсан явдлыг эрс шүүмжлэв. Энэ тухай тэр “Өнгөрсөн гурван сар орчмын хугацаанд хөл хорио зохион байгуулсан. Үүнийг АН буруутгаагүй. Харин цар тахлын аюулыг гадаадаас импортолж оруулж ирж байгаад санал нэгдэхгүй байна. Гадаадад байгаа иргэдээ авчрах нь зүй ёсны асуудал мэт боловч Монголд байгаа гурван сая гаруй иргэний эрүүл, аюулгүй байдал, амь насны баталгааг хангах нь төр засгийн үүрэг. Монголчуудын эрүүл мэнд, аюулгүй байдлаар дэнчин тавьсан улс төрийн попорсон үйл ажиллагаагаа зогсоовол яасан юм бэ. Яагаад үүнийг өөхшүүлээд байгаа юм. Үүний ард нэг л их сайхан эх оронч сэтгэгдлүүдийг зохион байгуулалттайгаар явуулж, маш их хөрөнгө мөнгө зарж байна. Шууд хэлэхэд эрх мэдэлтнүүдийн ар гэрийг аврах нь чухал уу, нийт ард түмнээ хамгаалах нь чухал уу” гэсэн юм.
Ямар ч улс орон ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг нэгдүгээрт тавьж, гамшгийн бүсээс иргэдээ татах нь байдаг л зүйл. Төр хийх ёстой ажлаа гүйцэтгэж байгааг С.Эрдэнэ дарга өөрөө улстөржүүлж байна. Түүнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа нийгмийн даатгалын сангийн мөнгийг нааш, цааш болгож, зувчуулсан гэх мэдээлэл гарч, шалгана гэж байсан ч тэгсхийгээд намжсан. Үүнд ганц С.Эрдэнийн болон ойрын хүмүүс нь оролцоогүй МАН-ын зарим гишүүн холбоотой гэх мэдээлэл бий. Тиймээс МАН засаглаж байгаа энэ цаг хугацаандаа шалгаж чадахгүй, амандаа бууз үмхсэн мэт дуугүй байгааг зарим эх сурвалж хэлдэг. 
Үүнээс гадна АН олонх байж, засаглаж байсан 2012-2016 онд “Чингис”, “Самурай” бондын зарцуулалтыг шалгаж, Хөгжлийн банкнаас олгосон зээл, санхүүжилтийг хянах ажлын хэсэг гарсан ч мөн л замхарсан. Энэ үед сөрөг хүчний сул гишүүн байсан одоогийн УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар ажлын хэсэгт нь багтаж, сүржин мэдэгдэл хийж байсан ч шалгалтын дүнг олон нийтэд танилцуулалгүй хав дарсан. Ажлын хэсэгт багтсан Л.Энх-Амгалангийн хувь эзэмшдэг компаниуд бондын хөрөнгөнөөс өндөр дүнтэй зээлүүд авсныг тухайн үеийн эрх баригч АН ч олон нийтэд дэлгэж байв. Үүнээс болсон уу, бондын зарцуулалтыг шалгасан ажлын хэсгийн мэдээлэл хоёр парламент дамнан яригдсангүй, хав дарагдав. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нэг удаа мэдээлэл хийж, шалгахаа мэдэгдсэн ч мөн л тэгсхийгээд өнгөрсөн. 
Бас нэгэн жишээг хэлэхэд, 2012-2016 онд сул гишүүн байсан одоогийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар НӨАТ-ын буцаан олголттой холбоотой хуулийг эрс эсэргүүцэж, сэтгүүлчдэд мэдээлэл өгч байв. Уг хууль 2015 оноос хэрэгжиж эхэлсэн. Тэрбээр тухайн үед “Би саяхан тойрогтоо ажиллаад ирлээ. Иргэд НӨАТ-ын баримт нэхэж, эдийн засаг хүнд байгаа үед баримт хэвлэдэг машин авахаас эхлүүлээд аж ахуйн нэгжүүдэд дарамт болж байна. Мөн НӨАТ төлдөг болсноор өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдэд хүндээр тусаж эхэлсэн” хэмээн хээвнэг хэлж байсныг сэтгүүлчид мартаагүй байгаа. Тэгвэл одоо тэр “НӨАТ-ын буцаан олголтыг улирал бүр олгоно, НӨАТ төлснөөр далд эдийн засаг арилах сайн талтай” гэж боломж гарангуут л магтаал, сайшаалын үг унагах болжээ. 
Дараагийн ойрын жишээг дурдвал, АН-ын даргын зөвлөх З.Энхболд Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга байхдаа Тавантолгойн ордын талаар илэрхийлж байсан байр суурь нь тэнгэр газар шиг зөрснийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэл гайхаж байсан юм. Түүнийг албан тушаалтай байхдаа нэг өөр, албан тушаалгүй болонгуутаа тэр байр сууринаасаа тэс өөр зүйл ярьж байгаа нь жудаггүй, хүний мөсгүй үйлдэл хэмээн эгдүүцэж, ҮАБЗ-ийн хурлын мэдээллийг ил болгохыг тус зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүхэд хэвлэлээр хаяглаж байв.      
Өөр нэг жишээ, 2008 оны сонгуулийн өмнө АН-ынхан иргэн бүрт нэг сая төгрөг тараана гэхэд тухайн үеийн МАН-ын дарга С.Баяр багтартлаа уурлаж, “Ингэж мөнгө тараавал энэ улс орны эдийн засаг даахгүй. Ийм тэнэг зүйл хийж, улсаа хорлодог улс төрийн хүчин байж болохгүй” хэмээж байсан ч төд удалгүй С.Баяр “Иргэн бүрт 1.5 сая төгрөг тараана” хэмээн хагас сая төгрөгөөр ахиулан амлаж, үр дүнд ч хүрсэн билээ. Гэхдээ том зургаараа ард түмэн хохирсон. Тэр амлалтын ачаар МАН сонгуульд 2000-2004 оны амжилтаа бататгаж 76 суудлаас 72-ыг нь аваагүй ч парламентад 45 суудал авч, олонх болж, засгийн эрхийг авч байв. 2010-2012 он хүртэл иргэн бүрт сар бүр 21 мянган төгрөг өгч,  2012 оны сонгуулийн өмнө ахмадуудад нэг сая төгрөг тараасан билээ. Ингэлээ гээд МАН хожоогүй. 2012 оны сонгуульд УИХ-д 26 суудал авч, сөрөг хүчин болж байсан түүх хуучраагүй байна.  
Бас нэг жишээ, 2012 оны сонгуулийн өмнө МАН-ын генсек Ж.Мөнхбат сонгуулийн саналыг автоматаар тоолох хар машиныг хамгийн ихээр үзэн ядаж, бүр зургийг нь хүртэл шатааж, үүгээр тооллого явуулбал сонгууль будлиантай болно хэмээн эрс шийдэмгийгээр Төв талбайд жагсаж, тэмцэж байв. Харин одоо МАН хар машиндаа хамгийн их итгэж байна. 
Дээр дурдсан жишээнүүдээс харахад, улстөрчид “Манай, танай нам” гэж камерын өмнө талцаж, маргалддаг хэр нь цаанаа эрх ашиг нь, мөнгө нь нэгтгэж, нийлүүлж байх. Тэд зөвхөн олон нийтэд таалагдах гоё ганган, чамин үгийг олж хэлж, эсвэл өөрөө хувь хүртэж чадаагүй бол нэгнийгээ хэвлэлээр “намнадаг” байдал жирийн үзэгдэл болчихлоо. Мэдээлэл хомс олон нийт ч нэгнийх нь талд орж, хөл хөөр болж гүйх маягтай. Одоо АН эрх баригч МАН-ыг боломж л гарвал өөлж, гоочилж, муулж байгаа ч сонгуулийн дараа тэд эргээд л тэврэлдэцгээнэ, хүзүү сээрээ холбоцгооно. Хувьсгалын бус хувийн эрх ашиг нь тэднийг нэгтгэх учраас тэр. Тэдний тэврэлтээс иргэд л хохирч байна даа. 

 

Үндэсний шуудан сонин