Монгол Улсын Ерөнхий сайд, АН-ын дарга асан Н.Алтанхуяг 2018 оны 12 сарын 19-нд  мэдээлэл хийж, "Нэгдмэл Монгол" хөдөлгөөн үүсгэн байгуулж буйгаа олон нийтэд зарласан билээ. Үүнээс хойш тэрээр нэгэн цагт даргаар нь ажиллаж байсан Ардчилсан Намынхаа удирдлагуудтай эргэлт буцалтгүй түнжин хагарсан юм.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, АН-ын дарга С.Эрдэнэ нарын үйл ажиллагааны тухай тодорхой давтамжтайгаар видео мэдээлэл хийж, тэд нь үгүйсгэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн улс төрийн бодлогын зөвлөхийн ажлаа хүсэлтээрээ өгч Ерөнхийлөгч Х.Баттулгатай зам салсан, АН-ын Үндсэн дүрмийн хорооны Сонгинохайрхан дүүргийн салбар хорооноос түүнийг  Ардчилсан Намын гишүүнчлэлээс дөрвөн жилийн хугацаатай хассан гээд үйл явдлууд ихэвчлэн Н.Алтанхуягт халгаатай өрнөсөн нь нууц биш.

 

Гэвч Н.Алтанхуягт бэлдсэн нууц хөзөр байлаа.

Энэ нь МАН-ын удирдлагуудын дэмжлэгийг авах замаар АН-ын саналыг хуваахуйц улс төрийн нам байгуулах, Ц.Элбэгдорж, М.Энхболдын нар удирдаж асан МАНАН дэглэмийн үргэлжлэл, залгамжлагчид бол С.Эрдэнэ тэргүүтэй АН-ын өнөөгийн удирдлага гэдгийг олон нийтэд өөрийн биеэр ухуулан сурталчилах.

 

 

Үүний сацуу шинэ байгуулагдсан намаасаа УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвших, сонгогдож чадвал Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд АН-аас нэр дэвшигчийн саналыг хуваах, АН-ын удирдлагыг шүүмжлэх зэрэг ямар нэг байдлаар эрх баригч МАН-тай хамтран ажиллах.

Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суух Ерөнхий консулаар томилогдсон Б.Ургамалцэцэг бол Н.Алтанхуягт өгөх ийм шагналын урьдчилгаа гэж ярилцах хүмүүс ч улс төрийн хүрээнд байсан.

Гэвч "ухаангүй ноёнд урагшгүй албат" гэгчээр түүний багийнхан Ардчилал Шинэчлэлийн Намыг УИХ-ын  сонгуулийн тухай хуулийн дагуу УИХ-ын 2020 оны сонгууль товлон зарлахаас өмнө бүртгүүлж чадаагүй юм.

Ингэснээр 2020 оны 2 сарын 21-нд Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн тус нам УИХ-ын 2020 оны сонгуульд оролцох боломжгүй болсон.

 

Үүнтэй зэрэгцэн Н.Алтанхуягтай ямар нэг хэлбэрээр тохиролцохгүй, түүнийг УИХ-ын 2020 оны сонгуульд намаасаа нэр дэвшүүлэхгүй гэсэн шийдвэрээ эцсийн байдлаар С.Эрдэнэ, З.Энхболд тэргүүтэй АН-ын удирдлагууд гаргажээ.

 

Ингэснээр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт УИХ-ын 2020 оны сонгуульд оролцох гуравхан хувилбар үлдэж байна.

Үүнд: 1. Бие даан нэр дэвших, 2. МАН, АН-аас бусад ямар нэг намын гишүүнээр элсэж, нэр дэвших 3. Ямар нэг намд элсэлгүй УИХ-ын 2020 оны сонгуульд оролцох аль нэг нам, эвслээс нам бусаар нэр дэвших.

Эдгээр хувилбарын алийг нь ч сонгосон бай Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн улс төрийн зам ихэд мухардаж буй нь гарцаагүй юм.

 

Э.Мягмар

www.Sonin.mn