Дарханы зам үлгэр болж, Б.Энх-Амгалан сайдад далим болов

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ашиглалтад орох байсан Дарханы замын үлгэр энэ өдрүүдэд үргэлжилж байна. Ирэх зургадугаар сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байсан уг замын ажил дахин хойшлогдохоор боллоо. Тодруулбал, Улаанбаатар-Дархан чиглэлийн замын бүтээн байгуулалтад ажиллах 105 ажиллах хүчнийг  чартер нислэгээр татаж авахаар болсон тухайгаа гурав хоногийн өмнө Б.Энх-Амгалан сайд дуулгасан. Гэтэл энэ шийдвэр нь цахим орчинд шүүмжлэлд дагуулсан учир Засгийн газар дахин хуралдаж, Хятад иргэдийг авчрах ажлыг хойшлууллаа. 

Ийн Улаанбаатар-Дархан чиглэлийн замын ажил хэрхэн яаж үргэлжлэх нь тодорхойгүй боллоо. Энэ чиглэлийн дөрвөн эгнээ 204.11 км авто замыг богино хугацаанд тавьж дуусгахын тулд таван багцад хуваан аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулсан байдаг. Эдгээр ААН-үүдийн хувьд бүгд Хятад компани. Гэтэл урд хөршид шинэ төрлийн коронавирусийн тархалт өндөр байгаа учир иргэд ийнхүү хүчтэй эсэргүүцэв. 

Дарханы замын ажлыг санхүүжүүлэгч байгууллага нь Азийн хөгжлийн банк бөгөөд тус банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газар болон хариуцагч мэргэжлийн инженер, зөвлөх инженерүүд замын ажлыг гэрээний хугацаандаа дуусгавар болгоход хяналт тавьж ажиллах үүрэг хүлээсэн. Иймээс өнгөрсөн долоо хоногийн эхээр  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Азийн хөгжлийн банкны төлөөлөгчтэй уулзах үеэр гэрээт хугацаандаа ашиглалтад оруулахыг гүйцэтгэгч компаниудад шахаж ажиллуулахаа Азийн хөгжлийн банкны төлөөлөгч мэдэгдээд, хэрэв гүйцэтгэгч компаниуд асуудал гаргавал хар жагсаалтад оруулна гэдгээ илэрхийлж байв. Гэвч урд хөршөөс ажилтнууд авах асуудал ийнхүү хойшиллоо.  Ингэснээр Б.Энх-Амгалан сайд гүйцэтгэгч компаниудтайгаа хамт хар жагсаалтад орохоор болчихлоо. 

Өнгөрсөн жилийн зун намрын турш Улаанбаатар-Дарханы замыг хааж, энэ чиглэлд зорчих иргэдийн бухимдлыг дээд цэгт нь хүргэсэн. Бүх л бүтэн таван сарын турш хааж, сүпер зам тавина гэсэн амлалт хумхын тоос болов хувирсан байдаг. Эцэст нь Улаанбаатар-Дархан чиглэлийн чиглэлд машин хурдтай зөрөх төдийд хайрга чулуу үсэрсэн, энхэл донхолтой, эвдэрч сүйдсэн зам болон хувирсан. Харин одоо энэ чиглэлийн замын ажил хэрхэн яаж үргэлжлэх нь тодорхойгүй байна. 

Нэг үгээр Улаанбаатар-Дархан чиглэлийн зам барьж байгуулах үлгэр үргэлжилж, Б.Энх-Амгалан сайд коронавирустэй холбоотой урд хөршөөс ажилчид авч чадаагүй  гэх тайлбар тавих далим гарч ирэв. 

О.ОНОН

www.Olloo.mn