Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ дэлхий даяар коронавирусний цар тахлын 300 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэнийг тэмдэглээд, уг халдвар улам хурдацтай тархаж буйг анхаарууллаа.

Манай улсад өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвартай болох нь батлагдсан 10 тохиолдолтой байгаа. Эдгээр иргэд тусгай үүргийн онгоцоор халдварын голомттой газраас ирсэн. Өөрөөр хэлбэл, зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол юм. Гэсэн хэдий ч манай улс нийтээрээ гараа сайтар зөв угааж, амны хаалт зүүж хэвшсэн. Гэвч өчигдрөөс эхлээд нийтийн тээвэр хоорондын зай холдсон бололтой. Өглөө, оройдоо автобусанд суух гэж тэмцэлддэг үе эргэн иржээ. Өнөө өглөө ч мөн адил энэ байдал ажиглагдав. 

Өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ үед хэт бөөгнөрөл үүсгэж болохгүй гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж буй. Мөн ДЭМБ-аас ч өчигдрөөс эхлээд хоёроос дээш хүн нэг дор цуглавал үүнийг бөөгнөрөл гэж үзнэ. Хамгийн багадаа хоёр хүн хоорондоо хоёр метрийн зайтай харьцах шаардлагатай байна" гэдгийг ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл онцолсон. Тэгвэл хэт бөөгнөрөл үүсэхээс гадна хоёр метрийн зайтай зогсох нь бүү хэл хүн зөрөх ч завдал алга. 

Нийтийн тээврийг угааж, цэвэрлэж байгаа хэмээж буй ч хувийн хэвшлийнхэн нь үүнийг нь үл мөрдөнө. Тоос, шороо бужигнаж, хиртэй бариултай автобус үйлчилгээнд мэр сэр явж л байна. Сургууль, цэцэрлэг хөл хорионд байгаа энэ цагт уг нь иргэд нийтийн тээврээсээ багтаж суулгүй үлдэх нь тун ховор баймаар. Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч нар  зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавин, амны хаалтгүй иргэдэд зөвлөмж өгч ажиллаж байгаа аж.

Тэгвэл тэд ч бас иргэдийг бөөгнөрөл үүсэхээс сэргийлж хяналт давхар тавих хэрэгтэй байна. Коронавирусийн халдвараас гадна бусад халдварт өвчин хаврын цагт ихээр дэгддэг гэдгийг эмч, мэргэжилтнүүд анхааруулж буй. Тэгвэл нийслэл хотынхон хамгийн багадаа нэг метрийн зайнаас харьцахыг  зөвлөсөн ДЭМБ-аас зөвлөмжийг нийтийн тээвэрт мөрдүүлж чадахгүй нь ээ.