• Хүн бүрийг тусад нь өрөөнд тусгаарлахад 360 орчим хүнийг хүлээж авах боломж байгаа
  • Токио дахь Элчин сайдын яамны бүртгэл зогссон. Одоогоор 700 гаруй хүн ирэхээр бүртгүүлсэн байна
  • Хэрэв тусгаарлах байрны төлбөрөө төлчихөөд онгоцонд багтаагүй бол төлбөрт шилжүүлсэн мөнгийг нь буцааж өгнө

БНСУ­-аас эх орондоо ирэх хүсэлтэй иргэн олон бий. Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх сарын 2­-нд БНСУ-­ын Сөүл хотоос, 3­-нд Японоос монгол иргэдийг татаж авах болсон. Энэ талаар ГХЯ-­ны Консулын хэлтсийн дарга Л.Мөнхтүшиг “Сөүл, Токио, Станбул, Берлингээс ирэх хүсэлтэй иргэдийг тодорхой шалгуур тавьж, тухайн орнуудад үйл ажиллагаа явуулж буй Элчин сайдын яамд болон Консулын газар бүртгэл хийсэн. Гэтэл ганц нислэгт багтахааргүй олон хүн бүртгүүлээд байна. Тухайлбал, Сөүл дэх Монголын Элчин сайдын яаманд хоёр өдрийн турш 500 гаруй хүн дугаарлаж бүртгүүлжээ. Тиймээс энэ удаагийн нислэгээр 10 гаруй хоногийн өмнө бүртгүүлсэн, хүндэтгэх шалтгаантай иргэдийг авчирна. Элчин сайдын яам ажиллахгүй байна, хүмүүсийг бүртгэхгүй байна гэсэн гомдол гарсан. Тийм биш гэдгийг хэлье. Өмнө нь бүртгүүлсэн хүмүүсийн нэрийг МИАТ компани өгч тасалбарыг нь бичүүлсэн. Тасалбар бичих явцад зарим иргэн буцаах тохиолдол гарч байна. Буцаасан тасалбарыг дараагийн хүнд шилжүүлж байгаа. Харин Токио дахь Элчин сайдын яамны бүртгэл зогссон. Одоогоор 700 гаруй хүн ирэхээр бүртгүүлсэн байна. Гэхдээ дөрөвдүгээр сарын 3-­нд 10 хоногийн өмнө бүртгүүлсэн хүмүүсийг авчирна. Хүмүүс цахим орчны мэдээлэлд итгэснээс болоод буруу зөрүү ойлгох тохиолдол гарч байна. Гадаадад байгаа Элчин сайдын яамдыг эрсдэлд оруулахгүйн тулд цахимаар бүртгэж эхэлсэн” гэлээ. Энэхүү мэдээллийг өгсний дараа түүнээс зарим зүйлийг тодруулсан юм. 

-Бусад оронд байгаа монгол иргэд эх орондоо ирэх хүсэлт тавиад буй. Тэднийг татан авах боломж бий юу? 

-Гадаадын 45 бүс нутгаас манай улсын 5600 иргэн ирэх хүсэлтээ гаргаад байна. Байгаа газраас нь очиж авах боломж алга. Тэгэхээр хамгийн боломжтой хувилбарыг сонгож иргэдээ авчирна. Ирсэн иргэдийг 14 хоног тусгаарладаг байсан бол хугацааг нь сунгаж 21 хоног болголоо. Мөн нэг нэгээр нь тусад нь байлгахаар шийдвэрлэсэн учраас байрны асуудлыг нэн даруй бэлдэх шаардлага тулгарч байна. Тиймээс бид бэлтгэсэн байрныхаа нөөц боломжид тулгуурлаад иргэдийг авчрах ёстой болох нь. АНУ­-д амьдарч байгаа иргэдийн дунд тодорхой тоонд хүрвэл тусгай нислэг үйлдэж авна гэсэн тухай ташаа мэдээлэл тархаж, хүмүүсийг төөрөгдүүлж байна. Тус улсаас 1000 гаруй хүн буцаж ирэх хүсэлт гаргасан.Тэгэхээр бид эдгээр иргэнийг яаж авчрах вэ гэдгийг нарийвчлан судална. 

-АНУ-аас ирэх хүсэлтэй иргэд Сөүл, Токиогоор дамжих боломжтой юу?

-БНСУ дөрөвдүгээр сарын 1-­ээс эхлэн тус улсад зорчих гадаад, дотоодын иргэдийг 14 хоног тусгаарлах журам гаргажээ. Ингэж тусгаарлагдах иргэд хоногийн 100 мянган вон төлнө. Энэ бол манай улсыг бодоход өндөр төлбөр шүү гэдгийг иргэд бодолцох хэрэгтэй. АНУ, Канадаас ирэх хүсэлтэй олон иргэн бий. Тэд Сөүл, Токиогоор дамжиж ирвэл 14 хоног тусгаарлагдаж, өндөр төлбөр төлнө гэдгийг анхаарвал зохилтой. 

-Сөүл дэх Элчин сайдын яам ажиллахгүй байна гэсэн. Зарим хүмүүс тухайн нислэгт багтсан эсэх талаар мэдээлэл авч чадахгүй байна. Нислэгт багтаагүй иргэдийн тусгаарлах байрны төлбөрт шилжүүлсэн мөнгийг буцааж өгөх үү?

-Сөүл дэх Элчин сайдын яамны ажилтнууд утсаар мэдээлэл өгч байгаа. Дөрөвдүгээр сарын 2­-ны нислэгээр ирэх хүмүүсийн нэрсийг МИАТ компанид бүртгүүлсэн. Тасалбар бичихдээ тухайн иргэнтэй ярьж, ирэх, эсэх тухай мэдээллийг нь баталгаажуулж байгаа. Хэрэв тусгаарлах байрны төлбөрөө төлчихөөд онгоцонд багтаагүй бол төлбөрт шилжүүлсэн мөнгийг нь буцааж өгнө. 

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин