Хүн төрөлхтөн үүсч хөгжсөн цагаас хойш нийгмийн бүхий л тогтолцоонд байгалийн гамшиг, гэнэтийн осол, гал түймэр, халдлага, дээрэм зэрэг хүний амьдарлын хэвийн үйл явцыг алдагдуулах хүчин зүйлүүдтэй тулгарсаар ирсэн. Үүнийг эрсдэл гэж нэрлэдэг.

Эрсдэл учирсан үед эд хөрөнгөө нөхөн сэргээх эх үүсвэртэй байх сонирхолтой байдаг бөгөөд үүн дээр тулгуурлан даатгал үүссэн гэж үздэг.

Сүүлийн жилүүдэд манай улсад даатгалын компаниудын тоо ч нэмэгдэж, албан болоод албан бус даатгалын төрлүүд ч их болсон билээ. Хамгийн ойрын энгийн жишээ бол та автомашин эзэмшигч болон жолооч бол жолоочийн албан журмын даатгалд заавал хамрагдсан байх ёстой. 

Түүнчлэн та ипотекийн зээлд хамрагдсан л бол заавал амь нас, эрүүл мэндийн даатгал хийлгэх ёстой гэсэн заалтуудтай тулгарсаар нэлээд хэдэн жилийг үдсэн байх. Харин эдгээр даатгалтай холбоотойгоор сайн, муу гэх компаниуд борооны дараах мөөг шиг л олон болсон. Яагаад сайн муу гээд ялгаад байна гэхээр энэ салбарт иргэдийн нөхөн олговорын асуудал, маргаан үргэлжилж л хэл ам дагуулсаар байгаа. Харин даатгалын хувийн компаниудыг хуулийн дагуу удирдан чиглүүлж, үйл ажиллагааны эрхийг олгодог Санхүүгийн зохицуулах хороо нь тус байгууллагуудад төдийлөн чанга гараар атгаж чадахгүй байгаагаас олон иргэн хохирсоор байна. 

Энгийн нэг жишээ л гэхэд, Даатгалын компаниудын цэвэр ашиг 2016 онд 11.4 тэрбум төгрөгт хүрч 2015 онтой харьцуулахад 60.5 хувиар өсчээ. 2016 онд жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйл ажиллагаанаас гэхэд нийт 27.8 тэрбум төгрөгийн хураамж төвлөрүүлж, 33,188 даатгуулагчдад нийт 14.8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр өгчээ. Үүнээс харахад даатгалын компаниуд жолоочийн хариуцлагын албан журмын даатгалаас хамгийн багадаа 13 тэрбум төгрөгийн ашиг олсон байна.

Харин жирийн иргэд энэ байдалд шулуусаар байх уу. Энэ асуудлыг өнгөрсөн оны сүүлээр ярьсаар өдийг хүрсэн, харин дорвитой арга хэмжээ авалгүй ингэж үргэлжлүүлсээр байх гэж үү. 

Түүнчлэн ипотекийн зээлээр байр авсан иргэд ч ийм асуудал их тулгарах болжээ. Хамгийн сүүлд хэвлэлээр гарсан баримтыг дурьдвал, ипотекийн буюу найман хувийн зээлээр байр авсан гэх 96 мянган иргэн байгаа аж. Харин зээлд хамрагдсан нас барсан иргэд даатгалын гэрээний дагуу нөхөн олговор авч үлдэгдэл зээлээ тухайн гэрээ хийсэн даатгалын компаниасаа гаргуулах заалттай ч олонх нь мэдлэг дутмаг болон даатгалын компанийн элдэв чирэгдэлээс үүдэн нөхөн төлбөрөө олж авч чадалгүй байсаар ард үлдсэн гэр бүлийн гишүүд нь хохирдог байж болзошгүй аж.

Энэ төрлийн зээлд хамрагдсан ч өвчний улмаас нас барсан нэгэн зээлдэгчийн хүү Ц.Билгүүн гэх залуу хэвлэлд даатгалын компанийн хуудуутай үйлдлийн талаар мэдээлэл хийсэн юм. 

Ц.Билгүүний өөрийнх нь тайлбарлаж буйгаар "Мандал даатгал" компани шинэчилсэн гэрээндээ гаднын нөлөөгөөр нас барсан хүнд нөхөн төлбөр олгоно гэсэн заалт оруулан тайлбарлажээ. Гэвч шинэчилсэн гэрээнд талийгаач гарын үсэг зурж баталгаажуулаагүй аж. Тэрбээр “Ээжийн хийсэн гэрээг судлаад үзтэл даатгалын газар анх хийгдсэн гэрээ нь гарын үсэгтэй,  сүүлд хийгдсэн гэх гэрээ нь гарын үсэггүй байсан. Голомт банканд хандтал ийм л даатгал хийгдсэн байна Санхүүгийн зохицуулах хороонд хандаарай гэсэн. Энэ маргаан Дээд шүүхэд очоод байна” гэв. Хуулиараа энэ тохиолдолд Санхүүгийн зохицуулах хороо шүүхийн шатанд аваачихгүй албадлагын арга хэмжээ авах бүрэн эрхтэй. 

Энэ мэтээр арга хэмжээ авах газар нь тодорхой зүйл заалтад үндэслэн асуудлыг хойшлуулсаар иргэд л хохирсоор, харин даатгалын хувийн компаниуд ашиг орлогоо нөхөн хөлжсөөр байна. 

Даатгалын компаниудын цэвэр ашиг өнгөрсөн 2019 онд 22.7 тэрбум төгрөгт хүрч, 2018 оны мөн үеэс 4.3 тэрбум төгрөгөөр өссөн дүн гарсан гэсэн баримт бий. Ийм хэмжээний ашиг олоод буй тэд иргэдээ бодох сэтгэл байхгүй, дуу унжиж явах сэдэл л байдаг бололтой.