Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр сэтгүүлчидтэй онлайн ярилцлага хийлээ.

Тус ярилцлагад “Соён гэгээрүүлэгч”  телевизийн захирал Ш.Хишигсүрэн,  “Монцамэ” агентлагийн дэд дарга, сэтгүүлч Ш.Батболд,  “ТВ-9” телевизийн сэтгүүлч П.Пүрэвжаргал, “Зууны мэдээ” сонины тоймч Ч.Үл-Олдох, “Itoim” сайтын сэтгүүлч С.Одончимэг, “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Б.Номин-Эрдэнэ нар оролцож,  сонирхсон асуултдаа хариулт авсан юм. “ТВ-9” телевизээр шууд  дамжуулсан тус ярилцлагыг  бүрэн эхээр нь хүргэж байна.

“Соён гэгээрүүлэгч”  телевизийн захирал Ш.Хишигсүрэн:

 

-Бид өнөөдөр дэлхий нийтээрээ удирдагч, соён гэгээрүүлэгч нараасаа нэг зүйлийг асууж байна. Хүн төрөлхтөн юутай нүүр тулчихав аа. Юуны өмнө ирэв. Монгол Улсыг олон жил тэргүүлж байсан хүний хувьд хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй энэ халдварт өвчний асуудлыг хэрхэн харж байна вэ?

 

- Би гадаадаас ирээд 21 хоногийн тусгаарлалтад орсон байна.  Айж сандарсан, бачимдсан зүйл байхгүй. Авах ёстой арга хэмжээ учраас тайван байна. Монгол түмэн минь бас тайван амгалан байгаарай.  Эрүүл ахуйн ариун цэврээ сахиж, болгоомжтой байгаарай. Энд ажиллаж байгаа эмч эмнэлгийн ажилтнууд маань өөрсдийгөө эрсдэлд оруулж, ажиллаж байна.  Тэгэхээр энэ өвчинтэй гардан тэмцэж байгаа хүмүүстээ нэн тэргүүнд баярлалаа гэж хэлэх нь зүйтэй. ОБЕГ, хилийнхэн, Элчин сайдын яамныхан, нисэхийнхэн талархаж байна.  Аймшигтай халдварт өвчин дэлхийн 200 гаруй орныг хамран тархлаа.  Улс орон бүхэн ард түмнийхээ эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгаа эрсдэлд оруулахаас сэргийлэх арга хэмжээг авч байна.  Тэгэхээс өөр аргагүй.  Айж эмээж, сандарч энэ аюулыг давахгүй. Харин ухаантай, шийдэмгий цогц арга хэмжээ авч давах учиртай. Түүнчлэн коронавирусын дараах дэлхий ямар байх тухай төсөөллийг олон улсын судлаачид яриад эхэллээ.

 

 

 

Байгаль орчноо хайрлах, хүн хүндээ уян зөөлөн хандах, төр засаг нь ч эдийн засгийн асуудлуудаа шийдэхгүй бол болдоггүй гэсэн томоохон сорилт болж байна. Ухаантай хүмүүс сорилтыг боломж гэж хардаг гэсэн үг бий.  Тэгэхээр нөгөө талаар энэ цаг үеийг боломж болгож харах хэрэгтэй.  Эрүүл мэнд, боловсролын салбараа яаж хөгжүүлэх үү, ард түмнийхээ амьдралыг хэрхэн дээшлүүлэх үү, төр засаг нь хэрхэн онцгой хариуцлагатай ажиллах уу зэргээр асуудлуудаа оновчтой шийдэж чадвал Монгол Улсад өөрчлөлт авчирна. 

 

 

 

 

Цаашлаад дэлхий өөр болно, та бидний амьдрал ч өөр болно.  Тэгэхээр хүнд хэцүү цаг үеэс дэлхийн нийт маань зөв гарцаа олж, гарч чадна гэдэгт би итгэлтэй байна.

 

“Монцамэ” агентлагийн дэд дарга, сэтгүүлч Ш.Батболд:

 

-Коронавирусын нөхцөл байдалтай холбоотойгоор Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах уриалга гаргасан. Харин Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх сонгууль хойшлуулах нөхцөл байдал үүсээгүй гэж мэдэгдсэн.  Танай нам, “Та бидний эвсэл”-ийн хувьд сонгууль хойшлуулах асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

 

-Төрийн тэргүүний зүгээс үүсээд байгаа нөхцөл байдалд судалгаа шинжилгээ хийсний үндсэн дээр ийм уриалга гаргасан байх. Ерөнхийлөгчийн санаачилгыг уншиж, танилцсан. Шуудхан хэлэхэд би сонгууль хойшлуулахыг дэмжиж байгаа. Яагаад гэхээр бид бодит дүгнэлт гаргах ёстой. Сая Солонгос, Турк, Орос, Германаас 1000-аад хүн ирлээ. Үүнээс одоогийн байдлаар 10 гаруй хүнд коронавирусын халдвар илэрсэн. Цаашлаад олон мянган иргэн эх орондоо ирэх хүсэлтэй байна. Энэ хүмүүсээ Монгол Улс  авах ёстой. Үндсэн хуульдаа Монгол Улсын иргэд эх орондоо орох гаргах нь чөлөөтэй гэж заасан.  Тэгэхээр иргэдээ  гадаадад байгаа цаашаа гэж адлаж болохгүй.  Өвчин гэдэг хэлж ирэхгүй, хийсч ирдэг зовлон учраас үүнийг ойлгох хэрэгтэй.  Тэгэхээр одоо 5000 мянга орчим хүн ирэхээр нөхцөл байдал өөр болно. Тэр дотор коронавирусын халдвар авсан хүн байж магадгүй.  Болгоомж илүүдэхгүй.  Ерөнхий сайд өөрөө “Монголчууд үхэх үү, сэхэх үү сорилтын өмнө ирсэн байна” гэж хэлсэн. Тэгж хэлчихээд сонгууль болно гэхээр өөрөө зөрчилтэй. Тиймээс эхлээд үхэх үү, сэхэх үү гэдгээ эхлээд шийдье. Дараа нь албан тушаалын төлөө улайрч тэмцэлддэг ажилдаа оръё.  Одоо бол ард түмнийхээ өвчин зовлонг эдгээгээд, аюулгүй амьдрах нөхцлийг бүрдүүлээд, ядарч зүдэрсэн иргэдийнхээ ахуй амьдралыг яаж өөд нь татах вэ гэдгээ яръя гэж хэлмээр байна.  Сонгуулийг  орон нутгийн сонгуультай хамт явуулж болно.  “Та бидний эвсэл”-ийнхэн ийм байр суурьтай байгаа. Ерөнхийлөгч Х.Баттулгын гаргасан санаачилгыг дэмжиж байгаа. Нөгөө талаар сонгуульд орох гэж улайрсан хүмүүсээс “сонгууль болох уу, үгүй юү” гэж асуух нь ашиг сонирхлын зөрчил. Ялангуяа эрх барьж байгаа намаас асуух нь буруу. Ийм үед Ерөнхийлөгч шууд шийдвэрээ гаргах учиртай.  Төрийн тэргүүний хувьд хариуцлагаа үүрээд, өөрийн гаргаж байгаа үндэслэлээ тайлбарлаад намуудад үүрэг чиглэл өгөх хэрэгтэй. Түүнээс  биш энэ бол нэг, нэгнээсээ асуугаад олонхиороо шийддэг асуудал биш. Коронавирус олонхоор дарагддаг өвчин биш. Тиймээс албан тушаалын сонгуулиа хойшлуулаад  ард иргэдийнхээ амгалан тайван байдалд анхаарах нь зүйтэй гэж бодож байна.

 

“Зууны мэдээ” сонины тоймч Ч.Үл-Олдох:

 

-ЖДҮХС-гаас төрийн өндөр албан тушаалтнууд зээл авсан, энэ хэрэг одоо ч шийдэгдээгүй байна. Нөгөө талаар энэ салбар хөгжөөгүй гэдэг нь өвчний үед ч харагдаж байна.  Монгол Улс маскны үйлдвэргүй байна.  Ер нь энэ мэт гажуудлыг яаж засах ёстой юм бэ?

 

-Улстөрчдийн ЖДҮХС-гаас зээл авсан асуудлыг яриад олон сар болж байна.  МАН-ын дарга 60 тэрбумтай холбоотой хүмүүсийнхээ асуудлыг шийдчихээд ЖДҮ-гээс зээл авсан хүмүүст хариуцлага хүлээлгэнэ гэж хэлсэн.  Харамсалтай нь одоог хүртэл хариуцлага хүлээлгэж чадсангүй, цаг алдаж байна.  Сингапурын дарга байсан Ли Куан Ю гэдэг хүн яагаад амжилтад хүрсэн бэ гэхээр өөрийн хамаатан садан, найз нөхөд, намын гишүүд гээд дотны хүмүүс нь хээл хахуульд өртсөн байвал хамгийн хатуу хариуцлага хүлээлгэж байсан.  Энэ нь ч ард түмэнд итгэл үнэмшил төрүүлж байсан.  Хэрэв тэгж чадахгүй бол шударга ёсыг тогтооно гэж яаж ч яриад ард түмэн итгэхгүй.

 

 

Тэгэхээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд сайн санааны үүднээс зөвлөхөд ЖДҮ-гийн асуудлаа л яаралтай шийдчих.  Тэгвэл бусад бүх зүйл болно.  Хэрэв үүнийгээ шийдэж чадахгүй бол бусад ярьж хэлж байгаа нь хүмүүсийн санаа бодлоор  тоглосон, хий хоосон зүйл болж хувирч байна. 

 

 

 

-“Та бидний эвсэл”-ээс мөрийн хөтөлбөртөө иргэдийн цалинг таван сая болгох боломжтой гэжээ.  Яагаад энэ дүнг гаргаж ирэв.  Энэ талаар тайлбар өгөхгүй юу?

 

-Монголд хээл хахуулийн төвшин дунджаас дээгүүр байгаа.  Дэлхийн судлаачид авлигын төвшин дээгүүр байгаа  улс орнуудыг судлаад тухайн улсын ДНБ-ий 5-7 хувьтай тэнцэх хэмжээний хээл хахууль байна гэдгийг тогтоосон. Монголын жишээн дээр ДНБ 40 их наяд төгрөг гэж үзвэл ойролцоогоор 2.5 их наяд төгрөг болж байна.  Тэгэхээр энэ асуудалтай сайн тэмцэж чадвал 2.5 их наяд төгрөг шууд болон шууд бус утгаараа цалин нэмэгдүүлэх эх үүсвэр болж чадна.  Энэ мөнгийг өнөөдөр 188 мянган төрийн албан хаагчдын цалинд өгье гэж тооцохоор нэг хүнд сарын 1.2 сая төгрөгийн нэмэгдэл болж очно.  Түүний дараа төрийн албан хаагчдын бодит цалин 2.3 сая орчим болох юм.  Тэгэхээр хээл хахуультай тэмцэж чадвал цалингаа нэмүүлэх боломж байна.  Хоёрдугаарт, МАН, АН-ынхан сонгуульд хууль бусаар мөнгө цуглуулж оролцдог.  Сонгуульд гарч ирээд хууль бус мөнгөө нөхөхийг тулд нөгөө хүмүүсээ төрийн албан тушаалд хууль бусаар томилдог.  МАН-ынхан өнөөдөр 20 гаруй мянган хүн оруулчихлаа гэж байна.  АН-ынхан өмнөх сонгуулийн дараа 10 гаруй мянган хүн оруулсан.  Нийтдээ 35 мянга орчим хурган дарга нар бий болжээ. Тэгж албан тушаалд очсон хүмүүс мөн шархаа нөхөх гэж ярьдаг.  Ингэж хээл хахуулийг даамжируулж байна. Тэгэхээр бид тэмцэж чадвал тэр 35 мянган хүн хүссэн хүсээгүй энэ төрийн албанаас явна.  Тэдний дундаж цалин сарын 1.5 сая гэж бодоход жилд 630 тэрбум төгрөг төсвөөс гарч байна.   Энэ мөнгийг багш, эмч нарынхаа цалин дээр нэмээд олгоход дунджаар 600 мянган төгрөгөөр нэмж болж байна.  Гурав дахь эх үүсвэр нь Оюутолгой,  Тавантолгой гээд хоёр том орд байна.  Энэ ордод тус бүр одоогийн ханшаар 450 тэрбум ам.долларын хэмжээний баялаг байна. 

 

Үүний 10-хан хувийг ашиг гэж бодоход 90 тэрбум ам.доллар  орж ирнэ.  Үүнээс шууд цалин нэмж болно.  Мөн хөрөнгө оруулалтын эх үүсвэр болгож, боловсруулсан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрүүдийг барих хэрэгтэй. Монгол Улсын хөрөнгө оруулалтын бодлогыг өөрчлөх хэрэгтэй. Өнөөдөр хөшөө, цэцэрлэгт хүрээлэн, усан оргилуур барих байдлаар урсгал зардал нэмсэн хөрөнгө оруулалтыг маш их хийж байна. Үүнийг болих хэрэгтэй. Ингэвэл Монгол Улсын, монголчуудын орлого нэмэгдэнэ, цалин нэмэх эх үүсвэр, хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэнэ.  Өнөөдөр “Эрдэнэт”  үйлдвэрийн инженер сард 2.3 сая төгрөгийн цалин авч байна. Яг түүнтэй адилхан инженер хүн Чили улсад сардаа 10  гаруй сая төгрөгийн цалин авч байна. Оюутолгой дээр ажиллаж байгаа монгол инженер дунджаар зургаан сая төгрөгийн цалинтай.  Харин Оюутолгойн гадаад инженерүүд хамгийн багадаа 15 сая төгрөг авдаг. Яагаад Монгол хүн 2-3 дахин бага цалин авч байгаа юм.  Яагаад “Эрдэнэт”-ийн инженер багадаа таван сая төгрөгийг цалин авч болдоггүй юм.  Тэр үйлдвэр өөрөө хээл хахуулийн сүлжээнд орсон учраас хүмүүсийнхээ цалинг нэмж чадахгүй байна. Тэгэхээр бид оюун ухаандаа хувьсгал гаргаж, гадаадынхантай адилхан биш гэхэд ядахнаа хөдөлмөрийн үнэлэмжийг дөхүүлэх хэрэгтэй байна.

 

Дараагийн нэг асуудал нь  Монголбанкны бодлогын хүү гэж том хана, хэрэм байна. Ахуй амьдралаа өөд татъя гэж байгаа хүн бүрийн очоод мөргөж унадаг, цөхрөнгөө барж байгаа хана хэрэм. Монголбанкны бодлогын хүү их өндөр байна. Үүнээс болоод бүх зээлийн хүү өндөр болчихсон. Үйлдвэрлэл явуулах, хөрөнгө оруулах эх үүсвэр байхгүй болчихсон. Тиймээс Монголбанкны бодлогын хүүг бууруулах, тэглэх хүртэл арга хэмжээ авах хэрэгтэй. АНУ-ын Холбооны нөөцийн сан буюу Төвбанк нь бодлогын хүүгээ тэг болгочихлоо. Саяхан Сингапурын бодлогын сан ч тэг болголоо.  Гэтэл манай Засгийн газраас үүн дээр ерөөсөө дуугарахгүй,  бодлогын хүүг хэвээр хадгална гэж байна. Хэрэв бодлогын хүүг бууруулбал цалин нэмэгдүүлэх эх үүсвэр тэндээс гарна.  П.Цагаан, Ц.Элбэгдорж хоёр Эрдэнэтийн овоолго дээр зэс хайлуурах үйлдвэр барьчихаад цэвэр зэс үйлдвэрлээд асар их орлого олж байна. Инженерүүд нь өндөр цалин авч байна.  Яагаад Монголын төр засаг ийм зохицуулалтыг  хийхгүй байгаа юм. Бид өндөр цалин авах бүрэн боломжтой.  Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж доогуур байна. Монголбанкны бодлогын хүү өндөр байна.  Хээл хахууль газар авсан байна.  Үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт байхгүй байна.  Оюутолгой, Тавантолгойгоо монголын ард түмэн авч, зөвөөр ашиглаж чадвал цалин таван сая битгий хэл, түүнээс ч өндөр болно. Үүнд итгэх хэрэгтэй.  Би Ерөнхий сайд байхдаа Мянганы замыг эхлүүлсэн. Дэд бүтэц, автозамын салбарынхан орж ирээд Мянганы зам эхлүүлье гэхэд нь би анх итгээгүй.  Гэхдээ сонсоод итгэл үнэмшил төрж  зүтгэж үзэхээр шийдсэн.  Бодлого гаргасан.  Харин тэр үед Мянганы зам  Мянгуужингийн үлгэр л гэж ярьдаг байсан шүү дээ. Одоо Мянганы замаар тэр хүмүүс явж байна. Тэгэхээр Мянганы зам өнөөдөр бодит биелэлээ олсон байна.  Үүнтэй адил таван сая төгрөгийн цалин бол үе шаттайгаар хийх гэж байгаа ажил.  Мөн дараагийн нэг цалин нэмэх эх үүсвэр нь Ховд аймгийг Дорнодтой холбосон мянганы төмөрзам барих ёстой.  Энэ төмөр зам бол маш олон ажлын байр бий болгоно. Монголын баялагийг нэмэгдүүлнэ. Гадаадын хөрөнгө оруулалтыг татна. Ингэснээр бидний орлого нэмэгдэх юм.  Хээл хахуулийг үгүй хийж, оффшор дансанд байгаа мөнгийг оруулж ирж, банкны хүүг бууруулж, Тавантолгой, Оюутолгойн ордуудаа авч  цогц арга хэмжээ авсан байхад монгол хүн ашигтай орлоготой сайхан амьдарна. Тэгэхээр таван сая төгрөгийн цалин авах боломжид эргэлзэх ямарч шаардлага байхгүй.  Таван сая төгрөгийн цалин амлаж байгаа хоёр улс төрийн хүчин байгаа. Нэг нь “Та бидний эвсэл” бид.

 

 

 

МАН-ынхан бас таван сая төгрөгийн цалин амлаж байгаа. Гэхдээ тэд 2050 он гэхэд монгол хүн таван сая төгрөгийн цалин авна гэж байгаа. Инфляци гэж юм бий.  Одоогоор манай улс жилийн долоон хувийн инфляцитай байгаа. 2050 он хүртэл 30 жилийн хугацаанд 200 орчим хувиар төгрөгийн ханш буурна.

 

 

 

Тэгэхээр 2050 оны таван сая төгрөгийн цалин бол өнөөдрийн 1.2 сая төгрөгтэй тэнцүү. Тэгэхээр МАН-ынхан цалинг таван сая төгрөг болгоно гэж байгаа ч өнөөдрийн 1.2 сая төгрөгийн худалдан авах чадвартай цалинтай байлгана гэж байна. Өөрөөр хэлбэл, цалин нэмэхгүй гэж байна.  Тэр бол худлаа.  Байж болохгүй, эвлэрч болохгүй зүйл. Яаралтай цалинг нэмэх арга хэмжээ авах хэрэгтэй.  Ингэснээр гадаадад байгаа монголчуудаа буцааж авчирна.  Энэ бол геополиток талаас ч том бодлого шүү.

 

“Өдрийн сонин”-ы сэтгүүлч Б.Номин-Эрдэнэ:

 

-Дэлхийн улс орнууд коронавирусаас шалтгаалан эдийн засгаа сэргээх, уналтыг сааруулах арга хэмжээ аваад эхэллээ. Манай улсын хувьд эдийн засгаа сэргээх ямар гарц гаргалаа байна гэж та харж байна вэ?

 

-Манай Засгийн газар ажиллахгүй биш ажиллаж байна. Ялангуяа тусгаарлах, газар авахуулахгүй хамгаалах тал дээр сайн ажиллаж байна.  Харин эдийн засгийн асуудал дээр тааруу байгаа нь үнэн. Эдийн засгийг дэмжих бодлого нь хууль зөрчиж байна. Төр засаг хууль зөрчиж ажиллаж болдоггүй. Хууль нь дутуу байвал нэмээд, засаад явах ёстой. Тухайлбал, 5.1 их наяд төгрөгийн эх үүсвэр гаргаж коронавирусаас үүссэн эдийн засгийн хүндрэлийг давна гэж байна. Энэ бүхэн хуультай. Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйл дээр ДНБ-ний гурван хувиас дээш орлого, зарлага нэмэгдвэл заавал УИХ шийднэ гэсэн байгаа.  5.1 их наяд бол өнөөдрийн төсвийн бараг 40 орчим хувь нь байна. Гэтэл Засгийн газар төсөвт тодотгол хийхгүй энэ эх үүсвэрийг гаргана гэдэг худлаа. Яаралтай чуулган хуралдуулж, төсвөө тодотгох хэрэгтэй.  Мөн аж ахуйн нэгжүүдээс татвар авахгүй гэж байна. Яг үнэн хэрэг дээрээ татвар өгөх компани угаасаа цөөхөн болсон. НДШ авахгүй гэж байна. Тэртээ тэргүй НДШ өгөх мөнгө байхгүй. Цалинтай хүмүүсээс НДШ авахгүй гэж байна. Гэтэл нөгөө талдаа цалингүй хүмүүс яах вэ. Бүр орлогогүй болчихсон хүмүүс яах вэ. Энэ тал дээр бодлого байхгүй. Тэгэхээр Монголбанк бодлогын хүүгээ бууруулаад, зээлийн эх үүсвэрээ нэмэгдүүлээд, өр ширэнд орчихсон байгаа хүмүүсийнхээ зээлийн эх үүсвэрийг хөнгөлөх эсвэл тэглэх хэрэгтэй.  Ерөнхий сайд бараг үхэх үү сэхэх үү гэдгээ шийдэх цаг гэж хэлсэн. Тэгвэл энэ цаг үед ард иргэдээ шулах ажлаа болих хэрэгтэй.  Ажлын байраа авч үлдсэн компаниудад хөнгөлөлттэй зээл өгөх хэрэгтэй. АНУ яг тэгж байгаа. 90-ээд доошгүй хувийн ажлын байраа хадгалж үлдсэн компаниудад таван жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээл олгож байна. Нэг хүнд 1200 ам.доллар өгч байна. 17 нас хүрээгүй хүүхдэд 500 ам.доллар өгч байна.  Тэгэхээр бид бэлэн мөнгө өгч ард иргэдээ дэмжихгүй бол байдал хэцүүдэх нь.  Би нэг зүйлийг У.Хүрэлсүх сайдад зөвлөж хэлье. Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгчийн албан тушаал өөрөө хүнийг юу ч бүтэхгүй, мөнгө өгч болохгүй гэж хэлэхэл хүргэдэг. Байгууллагынх нь онцлогт автаад ийм хүмүүжилтэй болчихдог юм.  Би Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа хүүхдийн мөнгөний асуудлыг яриагүй биш ярьсан.  Тухайн үед Сангийн сайдаар ажиллаж байсан  Ч.Улаанаас асуусан.  Хүүхдийн мөнгө гэж яриад байна хэрэгжих боломж байна уу гэж. Ч.Улаан сайд маш итгэлтэйгээр хэрэгжих боломжгүй гэж хэлсэн.  Монгол Улсын төсөвт ийм мөнгө байхгүй гэсэн. ОУВС, Дэлхийн банк зөвшөөрөхгүй гэсэн.  Би Ерөнхий сайд ч гэлээ Сангийн сайддаа итгэсэн. Түүний дараагийн сонгуулийн үр дүнд бид хамтарсан Засгийн газар байгуулсан.  Сангийн сайдын албан тушаалыг АН-ынханд өгсөн.  Тэд сонгуулиар амласан Хүүхдийн мөнгөө өгч эхэлсэн.  Тэр үед Ч.Улаан сайд надтай уулзсан. “Сангийн сайдыг АН-д өгөхгүй. Хүүхдийн мөнгийг өгөх боломжтой” гэсэн.  Тэр хүний үзэл бодол 180 хэм эргээд орж ирсэн.  Мөн одоогийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тэр үед Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга байсан.  Түүнийг дуудаад асуухад мөн л хүүхдийн мөнгө өгөх бололцоо байсан гэсэн.  Тэгэхээр У.Хүрэлсүх Ерөнхий сайдад хэлмээр байна. Сангийн сайдынхаа үгэнд битгий ор. Ялангуяа энэ үед битгий ор. Ч.Хүрэлбаатар гэдэг хүн сайн, муудаа биш. Сангийн сайд гэж хүн угаасаа болохгүй л гэж хэлнэ. Болно оо, болгох хэрэгтэй Ерөнхий сайд аа. Ингэж байж бид энэ хүнд хэцүү байдлаас гарна. Сангийн сайдын үгээр яваад энэ хүнд, хэцүү байдлаас гарахгүй шүү гэж зөвлөмөөр байна.

 

“Itoim” сайтын сэтгүүлч С.Одончимэг:

 

-Сангийн сайд төсөвтөө тодотгол хийхгүй гэж удаа дараа мэдэгдсэн. Энэ онд 3.1 их наяд төгрөгөөр бүтээн байгуулалт хийхээр байгаа. Эдийн засаг хүндрээгүй байхад баталсан төсвийг одоогийн нөхцөл байдал нийцүүлэн өөрчлөх шаардлага байгаа юу?

 

-Энэ төсвийг өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард баталсан. Коронавирус гэдэг юм бүр дуулдаагүй байсан. Энэ их аюул нүүрлэчихээд байхад төсвөө яагаад өөрчлөхгүй байгаа юм бэ. Хар ухаанаар бодоход ч болохгүй. Тиймээс төсвийн тодотгол заавал хийх хэрэгтэй. Хуульдаа ч тийм. Төсвийн тодотгол хийхээс өөр аргагүй. Нөгөө талаар бид хөрөнгө оруулалтын бодлогоо өөрчлөх хэрэгтэй. Ингэж байж төсөв үр ашигтай зарцуулагдана.  Одоо бол УИХ-ын гишүүн бүхэн тойрог бүрдээ хэдэн төгрөг тавиулчихаад байна.  Өөрийнхөө хамааралтай компаниуд, Засаг даргатай яриад тендер авдаг.  Увс, Хэнтий, Өвөрхангай, Баянхонгорын жишээнүүдийг хэвлэл мэдээллийнхэн маань мэдээлсэн.  Яг л тийм хууль бус хөрөнгө оруулалтууд Улсын төсөвт явж байна.  МАН-ын 65 гишүүн үүнийгээ таслан зогсоох хэрэгтэй. Тэгэхгүй өөрийн оруулсан төсөвтөө барьцаалагдаад байна. Дундаас нь хэдэн төгрөг авч сонгуулийн зардлаа нөхөхөөр ярьсан байдаг ч юм уу. Ерөөсөө төсвөө хөдөлгөж чадахгүй байгаа нь нэг л сэжигтэй байна.  Тиймээс Ерөнхий сайд  үнэхээр шударга юм бол Сангийн сайд, Их хурлын гишүүдийнхээ үгэнд оролгүйгээр энэ хөрөнгө оруулалтын гурван их наяд төгрөгөө болиулаад эдийн засгийг сэргээх багц асуудалдаа зарцуул. Хөрөнгө оруулалтаа зогсоо гэж зөвлөх байна. Одоо бүтээн байгуулалтууд эхлээгүй байгаа.  Хүнд хэцүү үеийн  эдийн засагт зарцуулах хэрэгтэй. 

 

“ТВ-9” телевизийн сэтгүүлч П.Пүрэвжаргал:

 

-2021 онд төлөх өрийн асуудал хүнд байна.  Танд ОХУ-д төлөх их өрийг тэглэж байсан туршлага бий.  Одоогийн 30 гаруй сая ам.долларын өрийг хэрхэх вэ. Энэ асуудлаар байр сууриа илэрхийлэхгүй юу?

 

-Саяхан НҮБ-ын харьяа байгууллагаас уриалга гаргасан. Коронавирусын аюул нөмөрсөн үед хөгжиж байгаа, ядуу буурай орнуудад өгсөн зээлээ тэглэх, бууруулах, хугацаагаа хойшуулах талаар уриалгад тусгажээ.  10 их наяд ам.долларын хөнгөлөлт үзүүлэх хэрэгтэй ч гэж заасан байна.  Энэ үед Монголын Засгийн газар ажиллах хэрэгтэй.  НҮБ-аас ийм уриалга гаргаж байхад өрийн асуудлаа зохицуулах ажлын хийх хэрэгтэй. Оюутолгойтой гэрээ байгуулахдаа буруу байгуулсан учраас өнөөдөр монголчууд тавих ёсгүй өрөө тавьчихаад байна.  Монголчууд Оюутолгойгоос 34 хувийн ашиг авна.  Гэхдээ түүнээс эргээд өрөө төлнө.   Хөрөнгө оруулалтаа хийж, өрөө дарж дууссаны дараа монголчууд ногдол ашиг авна.  Тэр нь магадгүй 2040 он гэж байгаа.  Энэ бол дээд зэргийн луйвар, хариуцлагагүй үйл ажиллагаа. Зүй нь 34 хувийг бид өр болгож бичиж авахгүй, зүгээр Монголын хувь гэж авах ёстой.  Би 34 хувийг ч  голдог.   Би Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа 34 биш 5 1хувь байх ёстой гэсэн байр суурьтай байсан.  Гэхдээ 34 хувьтай муу гэрээ байлаа гэхэд ядаж ногдол ашгийг өнөөдрөөс эхэлж хүртэх ёстой.  Дараагийн нэг асуудал нь Дубайн гэрээг хүчингүй болгож, тэр дээр бий болсон гурван их наяд гаруй төгрөгийн зөрчлийн өрийг Монгол Улсын төсөвт буцааж авах хэрэгтэй.   Ер нь аливаа асуудалд улс орон, ард түмнээ бодож ажиллаж чадах юм бол хөрөнгийн эх үүсвэр бүрэн байна.  Өр зээлээ төлж болно, заримыг нь хойшлуулж, тэглэж болно.  Гадаадынхан дандаа “Риотинто” компанитай адилхан шуналтай байдаггүй.  Монгол Улс хүнд хэцүү нөхцөлд байхад 150 сая ам.долларын торгууль тавиад Арбитрын шүүхэд хандаж байдаг тийм даварсан байдаггүй. НҮБ-ын уриалгаас харахад хүнд хэцүү нөхцөл байдалд бие биедээ тусалъя гэсэн сэтгэлтэй бодлоготой улс орон олон байгаа. 

 

“Соён гэгээрүүлэгч”  телевизийн захирал Ш.Хишигсүрэн:

 

-Өвчний нөхцөл байдалтай холбоотойгоор сонгууль хугацаандаа болвол ирц хүрэхгүй  байдаг ч  юм уу ямар нэгэн эрсдэл үүсэх үү. Та хэрхэн харж байна вэ?

 

-Гадаад улсаас дахин олон мянган иргэнээ авчирна. Энэ дундаас халдвар авсан хүмүүс гарвал яах вэ. Үүнийг бодох хэрэгтэй. Мөн өөр замаар өвчин орж ирвэл, эдийн засгийн асуудал улам хүндэрвэл яах вэ.  Эрүүл мэндийн асуудал бүрэн шийдэгдээгүй байна. Эдийн засгийн асуудал шийдэгдэж эхлээгүй байна. Энэ үед ард иргэдийнхээ айдас, хүйдэс дээр тоглож төрийн эрх барьж байгаа ганцхан намын хүмүүс байнга телевизээр гарч хүч түрэн сонгууль явуулж болохгүй.  Өөрт ашигтай дүн бичих гэж байгаа бол бүтэхгүй.  Сонгууль хойшилж байж, шударга сонгууль явагдана.   Монголчуудынхаа өвчин зовлон дээр дөрөөлж явуулдаг сонгууль гэж байж болохгүй. Үхэх, сэхэхдээ тулсан байгаа шүү гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө хэлчихээд сонгууль хэвийн болно гэж хэлж байгаа нь өөрөө зөрчилтэй,  хариуцлагагүй байна гэсэн үг.  Тиймээс энэ сонгуулийг хойшлуулж, орон нутгийн сонгуультай хамт хийе гэж зөвлөж, бас шаардаж байна.  Ер нь сонгуулийг шударга явуулахын тулд яах ёстой вэ гэхээр гадаадад байгаа иргэдээ санал өгөх боломжоор хангах хэрэгтэй. Хар машинаар тоолсон тооллогоо гараар тоолж баталгаажуулах ёстой. Түүнчлэн бүртгэл мэдээллийн байгууллага дээр будилдаг. Тэр мэдээллээ засах хэрэгтэй.  Ийш тийшээ баахан царцаа нүүлгэдгээ болих хэрэгтэй.  Мөн сонгогч болгон саналаа өгдөг тэр хууль эрх зүйн орчныг бүрдүүлмээр байна.  Залуучууд маань өгдөггүй баймааргүй байна.  Иргэн бүр саналаа өгч, олон хүний үзэл  бодол тусч байж ардчилсан төр бий болдог. Сонгогчдыг 35 хувь нь өгөхгүй бол энэ ардчилсан төр биш.  Энэ бол сонгуулийн саналыг өөртөө ашигтай болгож байгаа луйврын ажиллагаа юм.  Мөн мөнгөөр сонгууль явуулж болохгүй.  Олигархиуд халааснаасаа хэдэн тэрбумаар мөнгө гаргаж байна.  МАН,  АН-ынхан бусад намыг мөнгөөр зодож сонгогчдын саналыг луйварддаг ийм тогтолцоог үгүй хийх хэрэгтэй. Тийм учраас Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж, төр засгийн мөнгөөр л сонгууль хийх хэрэгтэй.  Эргээд төр засагтаа шударгаар ажиллах хэрэгтэй.  Тэгэхгүй наанаа шударга тангараг өргөчихөөд ардаа хувийн компанийн эрх ашигт нийцсэн үйл ажиллагааг явуулдаг энэ сонгуулийн тогтолцоог өөрчлөх цаг болсон. Ийм асуудлуудаа шийдэхгүй байж, ард түмнийхээ айдас хүйдэс дээр дөрөөлөн луйврын сонгууль хийхээ болих хэрэгтэй.

 

“Монцамэ” агентла­гийн дэд дарга, сэтгүүлч Ш.Батболд:

 

-Сонгууль хойшлуулах эсэхийг УИХ шийднэ. Хэрэв нөхцөл байдал гайгүй байгаад сонгууль хугацаандаа болбол танай эвсэл нэр дэвшигчдээ ямар шалгуур тавих вэ. Нэгэнт эвсэл болж орж байгаа учраас танай гурван намын нэр дэвшүүлэх квот ямар байхаар ярилцсан бэ?

 

-Хариуцлагагүй сонгууль болохгүй байх гэж бодож байна. Мэдээж “Та бидний эвсэл” сонгуулийн бэлтгэлээ хангаж байгаа. Урьдчилсан байдлаар хоорондын харилцааны асуудлаа гэрээгээр зохицуулсан. Тэр гэрээгээ СЕХ-д өгсөн. МАХН-аас ИЗНН, МУНН-аас хэд хэдэн хүн нэр дэвших вэ гэдгээ гэрээндээ суулгасан.  “Та бидний эвсэл” маань мөн мөрийн хөтөлбөрөө өгсөн.  Ард иргэд маань нэгийг бодож хоёрыг тунгааж байгаа болов уу гэж бодож байна. Яг сонгуулийн маргааш алга болчихдог хүмүүс бий. Харин бид өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд аймаг бүрт 2-3 удаа очсон.  Ард иргэдтэйгээ гэрт нь орж уулзсан. Хашаанд, гудамжинд, нүүгээд явж байхад нь хүртэл замд нь тосч уулзалтуудыг хийсэн. Ингээд ард түмний захиа даалгавраар “Та бидний эвсэл” мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. Манай мөрийн хөтөлбөр бол дандаа ард түмний захиа даалгавар. Зүгээр л Улаанбаатар хотод, зөөлөн сандал дээр сууж байгаад зохиогоод гаргачихсан юм биш.  Яг л хүйтэнд хөрж, халуунд халж, гандаж гундаж яваад ард түмнийхээ санаа бодол сэтгэлийнх нь хүсэл тэмүүллийг шингээж бичсэн ийм мөрийн хөтөлбөр.  Ард түмэн маань ямар хүмүүс нь биднийг хаяж хэн нь биднийг орхихгүйгээр эргэн ирж уулзаж, санал бодлыг сонссон гэдгийг мэдэж байгаа.  Тэгэхээр энэ мөрийн хөтөлбөрийн маань үр дүнг монголчууд үзнэ гэдэгт итгэлтэй байна.

 

“Зууны мэдээ” сонины тоймч Ч.Үл-Олдох:

 

-Сонгуулийн хуулийн шинэчлэсэн найруулгад эрх баригчид зөвхөн танд  зориулсан заалтыг оруулж баталсан гэх яриа бий.   Энэ заалтаар Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэсэн байна.  Энэ талаар  тайлбар өгөхгүй юу?

 

-МАНАН гэдэг бүлэглэлтэй тэмцэхээр л сонгуульд орох эрхээ хязгаарлуулчихаад байгаа юм. Энэ бүлэглэл байна уу гэхээр нэг хүн байна, нөгөө хүн нь байхгүй гэж хэлснээр үгүйсгэгдчихдэг юм биш.   Энэ бүлэглэл байгаа гэдгийг би баталгаатай хэлнэ.  Тухайлбал Оюутолгойн гэрээг өөрчлөе гэхээр өөрчилдөггүй, Дубайн гэрээг хүчингүй болгох гэхээр болгодоггүй.  Ийм байдал үргэлжилж байгаа нь МАНАН байгааг батлаад байна. Сонгуулийн хуулийн энэ асуудал Оюутолгой,  Дубайн гэрээний хажууд том асуудал биш л дээ.  Гэхдээ Н.Энхбаяр гэдэг хүнийг сонгуульд оруулахгүй байна гэхээр МАНАН байна л гэсэн үг.  Анх 2012 онд намайг шүүх хурал болохоос өмнө шүүх, прокуророос СЕХ-нд бичиг өгсөн байдаг.  “Н.Энхбаярыг бид удахгүй шүүж, ял өгнө.  Тийм учраас сонгуульд битгий оруул” гэсэн.  Ардчилсан оронд шүүх урьдчилан шийдвэр гаргадаггүй. Гэтэл гаргасан байсан.  Тэгээд надад ял өгөөд явуулсан.  2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр би нөгөө газар байсан учраас оролцож чадаагүй. 2016 сонгуульд оръё гэхэд ялтай, ялгүй гэсэн маргаан үүссэн.  2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд мөн л урьдын нөхцөл байдал үүссэн.  Мөн нэг инээдтэй зүйл нь “Та хүмүүжээгүй байна, хүмүүжсэн гэдэг нь батлагдахгүй байна” гэсэн асуудлыг ярьсан.  Би хүмүүжлээ яаж тайлбарлах вэ гэхээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч, лекц уншсан уу гэсэн.  Тэгвэл тэр лекцийг сонссон бүх үзэгчдээс Н.Энхбаярын уншсан лекцнээс их юм ойлголоо гэсэн бичиг авч ир гэсэн.  Тэр бол бүтэхгүй л дээ.  Ингэж дайжигнасан. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд мөн оролцож чадаагүй.  Харин манай намаас С.Ганбаатар дарга маань нэр дэвшиж ялсан.   Харамсалтай нь МАНАН-гийнхан саналыг нь луйвардсан.  2020 оны сонгуульд намааг оруулахгүй гэхдээ Сонгуулийн хуульд надад зориулсан заалт оруулсан. Үүнийг  зарим гишүүд шууд хэлж байна.  Үндсэн хуулийн цэц яг энэ заалттай холбоотой асуудлаар 2008 онд шийдвэр гаргаж, ямар нэгэн хүний улс төрийн эрхийг насан туршид хязгаарлаж болохгүй гэсэн байдаг.  Тэгэхээр Цэц үнэхээр шударга,хараат бус юм бол 2008 оныхоо шийдвэрийг баталгаажуулна  гэдэгт итгэлтэй байна.

 

“Itoim” сайтын сэтгүүлч С.Одончимэг:

 

-Танай эвсэл нэр дэвшигчдээсээ дэнчингийн мөнгө авах уу. Сонгуулийн зардлаа хэрхэн босгох вэ?

 

-АН 60, 100 сая төгрөгийн босго тавиад нэр дэвшигчдээсээ мөнгө цуглуулж байгаа юм билээ. Үүнийг би буруу гэж үзэж байгаа. Шударга сонгууль хувь хүн, пүүс компанийн мөнгөн дээр явдаггүй. МАН-ынхан 60 тэрбумын луйвар гээд бөөн хэл аманд орсон. Гэтэл хаширахгүй байна. АН-ын дэнчин бол 60 тэрбумын нэг хувилбар. МАН-ынхан мөнгөгүй сонгууль хийнэ гэж байна. Энэ бас худлаа. Тийм хууль байхгүй. Нууж байгаад ямар нэгэн эх үүсвэрээс олох гэж байгаа. Төрийн өмчийн компаниудаас татах гэж байна уу, ЖДҮ-д өгсөн хүмүүсээсээ авах гэж байна, бизнесийн дэмжлэг үзүүлэх гэж байгаа хүмүүстэйгээ цаанаа тохирч байна уу. Ийм булхайн аргаар хийнэ. Тиймээс ингэж бие биенээ гэнэн хүүхдүүд шиг хуурах хэрэггүй гэж хэлмээр байна. Манай намын хувьд хамгийн бага мөнгөөр хамгийн их үр дүнтэй ажиллаж, УИХ-д суудалтай байгаа нам. Биднийг бүх талаар хавчдаг. Тиймээс бид мөнгө төгрөгөө зохицуулахдаа туйлын болгоомжтой, арвич хямгач ажиллана. Бид 100 хувь хандиваар сонгуулийн санхүүжилтээ босгоно. 2017 онд ч гэсэн бид хандиваар санхүүжилтээ босгож байсан. Зах дээр, орцны гадаа зогсож хандив цуглуулж хийсэн.  Ард түмэн биднээс мөнгө төгрөгөө харамлахгүй өгсөн.  Энэ сонгууль  ч бидний хувьд зардал багатай үр ашигтай сонгууль болно гэдэгт найдаж байна.

 

“ТВ-9” телевизийн сэтгүүлч П.Пүрэвжаргал:

 

-Та төрийн олон өндөр албан тушаал хашиж байсан.  Одоо энэ  ярьж байгаа зүйлүүдээ тухайн үед хийж байхгүй яасан бэ гэсэн шүүмжлэл байдаг л даа.   Тэр үе болон одоогийн нөхцөл байдлын ялгааг тайлбарлахгүй юу?

 

-Энэ асуултад их  олон удаа хариулж байна.  Би шийдвэр гаргах түвшинд 2000-2009 онд ажилласан байна. Энэ есөн жилийн хугацаанд Мянганы замыг бүтээн байгуулсан.  Эрчим хүчний нэгдсэн сүлжээ гэдгийг бас л хэзээ ч бүтэхгүй гэж ярьж байлаа.  Сум болгон гэрэлтэй болохгүй гэж байсан. Энэ хөтөлбөр батлагдаад сум болгон эрчим хүчтэй болсон. ОХУ-ын Их өрийн асуудлыг шийдсэн. Ард иргэд, улс орон маань эдийн засгийн асуудлаа шийдвэрлэж, тусгаар тогтносон улс гэдгээ баталгаажуулсан.  АНУ-аас 280 сая.ам долларын буцалтгүй тусламж авсан.  Манай цэргүүд энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож эхэлсэн.  Энэ шийдвэрийг гаргахад хэцүү байлаа.  Зарим хүмүүс нэг монгол цэрэг дайсны суманд өртвөл Н.Энхбаяр шууд хариуцлага хүлээх  ёстой гэж хүртэл ярьж байлаа.  Энэ бүх эрсдлийг хүлээж шийдвэр гаргасан.  Монгол цэргүүд сайн гэдгээ харуулсан.  Бид үнэхээр бахархсан.  Иргэдэд газар хувьчлуулах ёстой гэсэн шийдвэр гаргасан.  Үдийн цай хөтөлбөрийг ажил хэрэг болгосон. Энэ мэтчилэн олон ажлыг хийжээ.   Мөн тухайн үед Тавантолгойн ордыг хувь хүмүүсийн гарт байхад нь ойлголцох үедээ ойлголцож, шаардах үедээ шаардаж байгаад хувь хүмүүсийн гараас төрд буцааж авч байсан.  Одоо энэ компани маань “Эрдэнэт” үйлдвэрээс илүү орлогыг Улсын төсөвт төвлөрүүлж байна.  Тухайн үед хийх зүйлээ хийсэн гэж боддог.  Түүнээс хойш дэлхий өөрчлөгдөж байна.  Монгол өөрчлөгдөж байна. Үүнээс илүүг хийх хэрэгтэй.  Монгол айл өрх бүрэн тавтай тухтай орон сууцанд амьдрах ёстой. Авч байгаа цалин нь амьдралд нь хүрэх ёстой.   Боловсрол, эрүүл мэндийн асуудлыг нь төр засаг хариуцах ёстой.  Ердөө энэ асуудлыг төр засаг эхний ээлжинд хиймээр байна.   Байгалийн баялагаа ард түмэндээ өгөх хэрэгтэй.  Зарим улс оронд эдгээр асуудал шийдэгдсэн ард иргэд нь тавтай тухтай амьдраад байна.  Гэтэл тэр ая тухыг нэхэхээр зах зээлийн, эдийн засгийн эсрэг гэж яагаад бидний хэлж ярьсныг мушгин гуйвуулаад байгаа юм.  Англи,  Герман бол зах зээлийн эдийн засгийн орон. Швед, Дани бүгд адилхан.  Тэнд эрүүл мэнд, боловсролын салбар нь үнэгүй.   Тэд худлаа онол бариагүй. Жинхэнэ ард түмнийхээ эдийн засгийг өөд нь татна гэсэн үзэл баримтлалаар ажилладаг.  МАХН ч яг ийм социал демикрат үзэл баримтлалтай, залуу хүмүүсийн дэмждэг нам. Ийм нийгмийг хүсдэг. Тэгэхээр ард түмэн маань аливаа асуудлыг ухаантай бодож шийдэж чадна гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин