Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хувийн эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 26-ны өдөр гоо сайхны хагалгаанд орж өөхөө соруулсан 29 настай эмэгтэй нас барсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тодруулбал, "Тод каннам" гоо сайхны эмнэлэгт өөх соруулах хагалгаанд орж байгаад зүрх нь зогсч, Улсын нэгдсэн нэгдүгээр эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлэгдэж байгаад дөрөвдүгээр сарын 01-ний өдөр нас барсан байна. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж дуусаад хэргийг прокурорт шилжүүлсэн билээ. Прокурорын байгууллагаас хэргийг яллах дүгнэлттэйгээр шүүхэд шилжүүлсэн юм. Ингэхдээ "Тод Каннам" эмнэлгийн захирал, ерөнхий эмч Д.Тодномбат болон сувилагч Б.Мөнгөнчимэг нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

10.6 дугаар зүйл. Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох
Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байна. 

Тэгвэл энэ хэргийн шүүх хурал өчигдөр 2020.03.18-ны өдөр  10:00 цагт болсон ч өнөөдрийн  10:00 цаг хүртэл хойшлоод байсан юм. Яг одоо шүүх хурал эхлэх гэж байна. 

Бид уг хэргийн талаар эргэж мэдээлэх болно.