УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.


-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх зургадугаар сард болох УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах санал гаргасан. Таны байр суурь ямар байгаа вэ?

-Сонгуулиа хойшлуулж болохгүй. Энэ маш буруу. Харин ч урагшлуулах ёстой. Учир нь, явах хүнээр ачаа бүү татуул гэж үг бий. Сонгууль болж, шинэ парламентаас маш их зүйл хүсэн хүлээж байна. Шинэ Засгийн газар, шинэ төсөв төлөвлөгөө, НӨАТ-ыг гурван хувь болгох, зээлийн хүүг царцаах, хойшлуулахыг ард түмэн хүлээж байна. Эдгээрийг энэ Засгийн газар хийхгүй байна. Хойшилбол бүр хийхгүй л гэсэн үг. Ажил хийдэггүй Засгийн газар, УИХ-ыг удаан байлгах нь буруу. Ерөнхийлөгч эдийн засгийн нөхцөл байдлаас болж сонгуулийг хойшлуулахыг уриалж байна гэвэл болохгүй. Монголд өнөөдөр онц байдал зарлаагүй байна.

Ерөнхийлөгч үнэхээр хүнд байгаа гэж үзэж байвал онц байдал зарлах тогтоолоо өргөн барьж болно. Ерөнхийлөгч хууль дүрмийн дагуу ажиллах ёстой. Эдийн засгаа аваръя гэвэл аль болох хулгайч биш хүмүүсийг хурдан гаргаж ирэх хэрэгтэй.

-Засгийн газраас хэрэглээний зээлийн хүүг 90 хоногоор хойшлуулах шийдвэр гаргасан. Гэвч энэ шийдвэр хэрэгжихгүй гурван долоо хоног болж байна. Банкууд татвар төлөгчдөөс зургаан зуун тэрбум төгрөг нэхсэн мэдээлэл бий шүү дээ?

-Та бүхэн санаж байгаа бол би өмнө нь мэдээлэл хийж байсан. Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай уулзаад Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн зэрэг хүмүүс мэдэгдэл хийж байсан.

-Ямар мэдэгдэл хийсэн бэ?

-Бид хоёр асуудлыг шийдлээ. Нэгдүгээрт, хүүгийн бодлогоо багасгалаа. Хоёрдугаарт, актив чанарыг хоёр хувиар буурууллаа. Ийм учраас өнөөдрөөс эхлээд зургаан сараар банкны зээл хойшилж, хүү царцаж байна гэсэн мэдэгдэл хийсэн. Харамсалтай нь энэ мэдэгдлээс хойш энэ асуудал хэрэгжээгүй. Иргэдийг залилан мэхэлж, хуурсан учраас холбогдох байгууллагуудаас асуудлыг тодруулсан.

-Та бүхний зүгээс ямар асуудлыг хөндөж байгаа вэ?

-Хадгаламжийн хүүг яах юм бэ гэдэг нэг асуудлыг яриад байгаа юм. Жишээ нь 1.2 сая иргэн зээлтэй гэж үзье. Энэ хүмүүсийн зээлийг хойшлууллаа гэхэд 18 хувьтай, ипотекийн зээл найман хувьтай гэж бодъё. Тэгвэл хадгаламжийн сар болгон өгдөг зардлыг яах юм бэ. Таны хэлж байгаагаар 600 тэрбум гарсан гэх мэдээлэл бий. Би онцгойлон нэг зүйлийг хэлье. Хадгаламж эзэмшигчдийн 95 хувь нь манай мөнгө, төгрөгтэй улс төрд нөлөө бүхий гэгддэг хүмүүс байгаа. Тэгэхээр өнөөдөр 100 саяас дээш хадгаламж эзэмшигчдийн нэрсийг гаргах хэрэгтэй байна Б.Лхагвасүрэн дарга аа.

Хэдийгээр хадгаламж эзэмшигчдийн нэр нууц байдаг боловч банкууд нь мөнгө нэхэж байгаа юм бол зайлшгүй хүүхдийн мөнгөө хадгалуулчихсан, хэдэн төгрөг хийсэн хүнд инфляц нь цохилт өгөөд хадгаламжийн хүү авахгүй байгаа юм уу. Аль эсвэл оффшорчид, ЖДҮ-чид, 60 тэрбумынхан маань мөнгөө хадгалуулаад байгаа юм уу. Жишээ нь, Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг 1.9 тэрбум хадгаламжтай гээд хэвлэлээр яриад байна шүү дээ. Үнэн худлыг нь мэдэхгүй. Хадгаламж эзэмшигчид үнэхээр тийм мөнгөтэй юм уу. Тэгвэл тэрийгээ зарлавал 600 тэрбумаас өөрсдийгөө эх орончид гэж яриад байгаа хүмүүсийн мөнгийг чөлөөлөхгүй байж болохгүй юу. Хуулиндаа шаардлага нь байгаа шүү дээ. Үүнийг шийдмээр байна гэдэг асуудлыг ярьсан.

Хоёрдугаарт, Монгол улсын Ерөнхий сайд юу яриад байгаа юм бэ. Энийг бас ойлгох хэрэгтэй. Өнөөдөр банкны салбар, системийг тогтвортой байлгах тухай хууль гэж байгаа. Системийн гэж нэрлэгдэх томоохон банкнуудад төр хөрөнгө оруулаад хэдэн ч хувиар хувьцаа эзэмшээд тэр банкийг авах боломжтой болчихоод байгаа. Ийм байдлаар өвтгөх гээд байна уу. Эсвэл манайхны хэлж байгаагаар өрсөлдөх банк оруулж ирнэ гээд байгаа юм уу. Энийг тодорхой болгох шаардлагатай байна.

-Манай банкны системд реформ хийх бодит шаардлага бий юу?

-Миний ойлгож байгаагаар тийм. Ялангуяа нэг хоёр хүнээс хамааралтай банкнаас болж 1.2 сая иргэд хохирч болохгүй. Тиймээс өмчийг нь 20 хувь үлдээгээд үлдсэнийг нь олон нийтэд хувьчил, зар. Ингэж байж банкны засаглал бий болно. Хоёрдугаарт, хууран мэхэлсэн үйлдэлд хэн хариуцлага үүрэх юм. Сангийн сайд хариуцлага хүлээх юм уу, банкнууд хариуцлага хүлээх юм уу. Яагаад гэхээр иргэд хууртсан. Би хүртэл хууртсан.

-Та бас хууртаа юу?

-Би хоёрдугаар сарын 12-нд мэдэгдэл хийсэн. Хүү царцаж, зээл хойшилж байгаа юм байна гэж ярьсан. Маш олон хүн энд төрийн байгууллага орох уу, хувийн байгууллагад хамаатай юу л гэж асуусан болохоос зуун хувь төрд итгэсэн. Төрд итгэсэн итгэлийг үнэгүйдүүлчихлээ. Тийм учраас Ардын намынхан үүн дээр шийдэл гаргах ёстой. Миний ойлгосноор 600 тэрбум төгрөгийг бид хадгаламжийн хүүг тэглэвэл зээлийн хүү багасгах юм уу тэглэж болох юм байна. Тэгвэл тэр хадгаламжийн хүүгийн зөрүү мөнгийг та нар төл гэж хэлсэн байна. Төлбөл хоёр талтай. Хэрвээ У.Хүрэлсүх сайдын 1.9 тэрбум төгрөг байгаа бол би тэр банкны зүйлийг чинь сайн мэдэхгүй. Хэвлэлээр гарсныг харах юм бол татвар төлөгчийн мөнгөөр Ерөнхий сайддаа мөнгө өгмөөргүй байна.

Уул уурхай, байгалийн баялгийг авсан хүмүүс өнөөдөр гучин гэр бүл байгаа гэж хэлээд байгаа тэр хүмүүсийн хадгаламжийн хүүгийн мөнгийг татвараас өгөх үү, үгүй юу гэдгийг бодох хэрэгтэй. Банкуудын яриад байгаа 600 тэрбумыг тохиролцоогүй байж яагаад ард түмэнд хэлж байгаа юм. Үүнийгээ гаргаж ирэх ёстой. Нийт хадгаламж эзэмшигчдийн тоо олон байж магадгүй. Гурван сая иргэд хадгаламж эзэмшигч шүү дээ. Бид хүүхдийн мөнгө, тэтгэвэр, цалингаа авдаг. Гурван сая иргэд бол хадгаламжтай хүмүүс. Үүн дотор 100-аас дээш сая төгрөгийн хадгаламжтай иргэд нийт хадгаламж эзэмшигчдийн 95 хувь байгаа. Хөрөнгө оруулгын мэдүүлэг дээр бүх зүйл тодорхой байна. Хадгаламжийн хүүнээсээ татгалзчих л даа. Өнөөдөр банкнуудыг жаахан эх оронч байгаасай гэж хүсээд байгаа юм. Нэг банк жилдээ 100 сая ам.долларын ашиг хийж байна. Таван банк гэхэд ойролцоогоор хоёроос гурван их наяд төгрөгийн цэвэр ашиг олж байгаа. Тэгвэл энэ ашгаасаа яагаад өгч болдоггүй юм бэ. Өнөөдөр банкинд 5.1 их наяд төгрөг бий шүү дээ.

-Тэгээд хүмүүст зээл өгөх боломжтой байж яагаад өгөхгүй байна вэ?

-Өнөөдөр маш ноцтой мэдээлэл авсан. Банк бус санхүүгийн байгууллагууд банкнууд зээл өгөхөөсөө айж байна. Яагаад гэхээр чанаргүй зээлдэгчийн тоо нэмэгдэх гээд байгаа учраас зээл өгөхөөсөө айж байна. Зээл өгөхгүй бол өнөө яриад байдаг эдийн засаг чинь байхгүй болно. Нөгөө талаас хүүг багасгах гэсэн болохоос өөрсдийгөө хаацайлаад, өөрсдийгөө яриад байж болохгүй. Зорилтод бүлгийн асуудлуудаа шийдчихмээр байна. Эсвэл ипотекийн зээлийг, энгийн зээл, бизнесийн гэж байгаа бол ЖДҮХС-гийн зээлийг мөнгөний хомсдолтой үед бушуухан эргүүлээд төлөх ёстой. Энэ мөнгүүдээ чөлөөлмөөр байна. Өдөр болгон айдас төрүүлсэн мессеж ирээд байна шүү дээ. Тэнд эдийн засагч, банкны ажилтанд л уурлаад байх юм. Банкны эздүүдэд, Сангийн яаманд, Ерөнхий сайддаа гарц гаргалгаа гаргаач ээ гэсэн хүсэлт тавиад байна.