УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ мэдээлэл цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр:

-Дэлхий дахинаа тархаад байгаа короновирус цар тахлын улмаас дэлхийн олон улс орон хөл хорио тогтоох, агаарын хилээ хаах, зарим улс орон халдварын тархалт өндөр, хүнд нөхцөлд байгаагийн улмаас нэн тэргүүн ээлжид өөрийн улсын иргэддээ анхаарч, халдвар авсан гадаад улсын иргэдийг эмнэлгүүд авах эсэх нь тодорхойгүй зэрэг хүнд асуудлууд үүсч байна.

Манай Улс энэ цар тахлыг даван туулах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа хэдий ч гадаад улсад олон шалтгааны улмаас түр хугацаагаар зорчсон ч эх орондоо эргэн ирж чадахгүй гацсан маш олон иргэн байр, хоол унааны мөнгөний хувьд хүнд байдалд орсон маш олон иргэд байна. Олон иргэд нисэх онгоцны буудалд олон хоног өнгөрүүлж байгаа талаар ч өгүүлэмж байна.

Түүнчлэн Гадаад Улсад суралцаж байгаа иргэдийн хувьд оюутны байруудыг нь тусгаарлах байр болгох зорилгоор гадаад оюутнуудыг дотуур байрнаас нь гаргасан, ажил эрхлэх боломжгүй, олдохгүй байгаа зэрэг шалтгаанаас нэн хүнд нөхцөлд орсон олон оюутнууд байна. 

Эх орондоо иргэн ирэх хүсэлт гаргасан иргэдийг эх орондоо тусгай үүргийн онгоцоор авч ирж байгаа боловч тусгай үүргийн онгоц очих боломгүй улс орнуудад байгаа Монгол улсын иргэдийнхээ эрхийг хамгаалах, тэдэнд дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлага үүсээд байна.

 

2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар дэлхийн 34 улсаас 7,624 иргэн нутаг буцах хүсэлтээ гаргаад байгаа бөгөөд тэдгээр иргэдээс бага насны хүүхэдтэй 830, эрүүл мэндийн шалтгаантай 86, өндөр настай 278, жирэмсэн 32, хүүхэд 307, оюутан 973, богино хугацааны визтэй 215, байрлах газаргүй 409, санхүүгийн боломжгүй  89 иргэн байгаа бөгөөд цаана нь эх орондоо ирэх хүсэлтээ хаана гаргах, хэнд хандахаа мэдэхгүй, тухайн улсад суугаа элчин сайдын яамтайгаа холбоо барьж чадахгүй зэрэг олон шалтгаантай иргэд байна. 

Гадаадад хүнд нөхцөлд орсон иргэдээ төр эдийн засгийн хувьд дэмжих, туслах зайлшгүй шаардлага үүсээд байна. Тиймээс Гадаад улсад хүнд нөхцөлд байгаа Монгол Улсын иргэдийн эрхийг хамгаалах тухай УИХ-ын тогтоолын төсөл санаачилж байна.

Улсын Их Хурлын тогтоолын төсөл нь хоёр хэсэгтэй. Нэгдүгээр хэсгээр Гадаад Улсад суралцаж байгаа болон түр хугацаагаар зорчиж тухайн улсдаа короновирус цар тахлын улмаас хөл хорионд гацсан Монгол Улсын иргэдийн эрхийг хамгаалах үүднээс авах арга хэмжээний талаар, хоёр дахь хэсгээр тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах, танилцуулах зэрэг асуудлыг зохицуулахаар тусгасан.   

Хуулийн төсөл батлагдсаны дараа үүсэж болох нийгэм, эдийн засаг, хууль зүйн үр дагавар, тэдгээрийг шийдвэрлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал.

Тогтоолын төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засаг, хууль зүйн сөрөг үр дагавар үүсэхгүй гэж үзэж байна. Харин ч гадаад улсад хүнд нөхцөлд орсон иргэдийнхээ эрхийг хамгаалж, эдийн засгийн болон сэтгэл зүйн тусламж, дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой.

Судалгаагаар манай улсын 200 000 орчим иргэн байна гэж тооцоод үүнээс зайлшгүй тусламж, дэмжлэг шаардлагатай 50 000 орчим иргэдэд сарын 500 ам.долларын хүнсний болон амьжиргааны наад захын хэрэгцээг хангахад зориулж тусламж дэмжлэг үзүүлнэ гэж тооцвол сард 25 000 000 ам.доллар буюу 69 тэрбум 535,5 сая төгрөгийн тооцоо гарна. Хэрэв хагас жилээр тооцвол 417 тэрбум 213 сая төгрөгийг гадаадад ажиллаж, амьдарч буй иргэддээ олгох юм.

Мөн АН-аас аж ахуйн нэгжийн зээлийн хүүг бууруулах, иргэн бүртээ 1.2 сая төгрөг олгох ажлыг зохион байгуулах талаар санал гаргаж байсан. Хэрэгжих боломжтой саналуудад эрх баригчид хайнга хандаж байна хэмээгээд сэтгүүлчдийн асуултад хариулав. 

-Энэ мөнгийг өгөх төсөв хэр байгаа вэ?

-Төсвөөс эх үүсвэр хангалттай байгаа. Барилга байшин барих цаг биш. Хүний эрүүл мэндээ бодох хэрэгтэй. 

-АН-аас сонгуульд нэр дэвшихээр  хэдэн горилогчид татвараа төлсөн бол?

-Улс төрийн намын санхүүжилтий ил тод болгох шаардлагыг тавьж байгаа. Анх удаа АН 2020 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо янз бүрийн шүүмжлэлд орж байгаа. Үүн ямар ч хууль зөрчсөн зүйл  байхгүй.  Эрх баригчид сонгуулийн санхүүжилтийн эх үүсвэрээ зарлах хэрэгтэй.