Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Нийслэлд байгаль, экологийн асуудлууд өндрөө аван яригдаж эхэллээ. Агаар бохирдол бол мөнхийн сэдэв болсон. Дээр нь хөрсний  бохирдол, цэвэрлэх байгууламжийн хүчин чадал, ундны усны хомсдол гээд танаас асуух олон зүйл байна. Ер нь нийслэлийн экологийн чиглэлээр одоогоор ямар ажлууд хийгдэж байна вэ?

-Дэлхийн хотуудын хөгжлийн чиг хандлагыг ажиглахад өргөн талбай, шил толь болсон өндөр байшин, барилгаас илүү хүрээлэн буй орчинтойгоо зохицон хөгжих нь чухал болсон байна. Тиймээс бид ч юу дутах билээ.  Эколого байгаль дэлхийтэйгээ хэрхэн нийцэж хөгжих вэ гэсэн асуудал зайлшгүй гарч ирнэ. Агаар хөрсний бохирдол, автомашины хорт утаа, төлөвлөлт муутай, замбараагүй барьсан барилгууд, бохирдол ихтэй гэр хороолол гээд нэрлэвэл олон бэрхшээлтэй асуудал байна. Гэхдээ энэ бүгдийг үргэлжүүлэх биш цэгцлэх цаг үе нь иржээ. Бид олон талын бодлого шийдвэр гарган ажиллаж байна.

-Та хүрээлэн буй орчиндоо зохицон хөгжих гэж ярьлаа. Бид тэгж хөгжиж чадаж байна уу?

-Нийслэл маань дөрвөн уулын голд оршдог. Дундуураа Туул голтой. Тэр голыг маань мөн хот дундуур урсдаг Сэлбэ, Улиастай, Зүүн, Баруу салааны голууд сэлбэн оршиж байна. Ингээд бодохоор нийслэлийнхээ байршилд хамгийн таатай хотыг бий болгож болохоор санагддаг. Гэтэл голууд минь ширгэлээ. Байгаа ганц  хоёр нь  маш их бохир байна. Гол усаа хайрлан хамгаалах ажлыг бид хамгийн эхэнд хийх хэрэгтэй гэж бодсон. Саад бэрхшээлтэй зүйл цөөнгүй бий. Гэхдээ олон талын асуудал оруулан, хэрэгжүүлэхээр зүтгэж байна.

-Сэлбэ голыг тохижуулах ажил нэлээд удаан явагдаж байна. Энэ хаанаа гацчихаад байдаг юм бэ?

-Сэлбэ голыг гурван хэсэгт хуваан тохижилтын ажил хийж урсацыг сайжруулах ажил эхлээд удаж байна. Гэтэл тодорхой үр дүнд хүрсэнгүй. Ажлыг эхлүүлсэн боловч өөх ч биш булчирхай ч биш болгоод орхисон байна. Хотын өнгө үзэмжид сайнаар нөлөөлөх, агаарт чийг нэмэх Сэлбэ голоо бид дариухан сэргээмээр байна. Мөнгө санхүүгийн асуудал бага багаар шийдэгдэж байгаа. Мөн үүнтэй зэрэгцэн Улиастай голын асуудал байна. Бид орон нутгийн хамгаалалтад авах хүсэлтээ гаргасан. Яагаад гэхээр нийслэлийн газар өмчлүүлэх 52 байршилд Улиастай голын минь эх ундарга хэсэг багтсан байна. Тэнд буусан байгаль дэлхийтэйгээ зөв харьцаж чадахгүй бол Баруун,Зүүн салааны голуудаа ширгээсэн шиг юм болно. Ширгэлээ гэхэд дагаад Туул голын минь урсацад муугаар нөлөөлнө.  Ундны усны хомсдол гэж ярьж байгаа өнөө үед байдал улам л хэцүүдэх байх. Тиймээс хамгаалалтад авахаас өөр аргагүйд хүрээд байгаа юм.

-Гадаа дулаарахаар агаарын бохирдлын халааг хөрсний бохирдол авах юм.  Энэ нь агаарын бохирдлоос ч илүү хортойг эрдэмтэн судлаачид нотолдог. Хөрсний бохирдлын асуудал дээр хийж хэрэгжүүлж байгаа дорвитой ажил юу байна вэ?

-Гэр хороололд 190 орчим мянган айл амьдарч байна. Бүгд л хашаандаа бие засах газар, муу усны нүхтэй. “Гэрээ тойруулж нүх ухсаар байтал эрүүл газаргүй боллоо” гомдоллоод ирдэг хүн ч бий. Жил бүрийн өдийд хөрсний ариутгаж гэж хийдэг. Энэ тийм ч үр дүнтэй ажил биш. Шалгарсан арга нь гэр хорооллын айлуудын цэвэр бохир усны шугам сүлжээг хэсэгчлэн байгуулах юм. Нэг гудамжаараа, 400-500-гаараа нийлээд энэ асуудлыг шийдэж болно.

-Цэвэрлэх байгууламжийн асуудал хүндхэн байгаа энэ цаг үед шалгарсан арга байж чадах уу?

-Цэвэрлэх байгууламжийн асуудал хүндхэн байгаа нь үнэн. Япон болон Монголын Засгийн газар хамтран шинэчлэх ажил эхэлсэн. Одоогоор 190 мянган метр куб бохирыг цэвэрлэх хүчин чадалтай ажиллаж байна. Үүнийг 250 болгочихвол 2030 он хүртэл боломжийн төвшинд байна гэсэн тооцоо гарсан. Мөн Төв цэвэрлэх байгууламж гэдэг нэг л газарт бүх бохирдлыг төвлөрүүлээд байх нь оновчгүй юм. Тиймээс хэсэгчилсэн газарт цэвэрлэх байгууламжтай болмоор байна. Бид одоогоор арьс ширний үйлдвэрүүдэд бохироо 98-100 хувь хүртэл саарал ус болгох хэмжээнд цэвэршүүлэх, “Харгиа” цэвэрлэх байгууламжийнхаа хүчин чадал, техник технологийг нэмэгдүүлэх шаардлагыг хүргүүлээд байна.  

-Одоогоор цэвэрлэх байгууламжаас гарсан саарал усыг Туул голд нийлүүлж байна.  Энэ нь саарал ус гэхээс илүү бохир лаг болоод байгаа юм. Түүнээс болоод Туул голын бохирдол ихсээд байна. Ер нь Туул голыг хамгаалах талаар олон төсөл хөтөлбөр хэрэгждэг атлаа яагаад үр дүнд хүрдэггүй юм бол?

-Туулын голын бохирдлын лагийг цэвэрлэх ажлыг БОНХЯ хариуцаж байна. Тэр бохирдол, тэр лагийн асуудал маш том төсөл. Үүнийг нийслэлийн төсвийн хэмжээнд шийдэж чадахгүй.  Гэхдээ бид зүгээр хаяхгүй хамтраад хийнэ.  Туул голыг тойрсон хог хаягдал, машинаа, хувцасаа угааж байгаа энэ асуудлыг таслах зогсоох болно. Тиймээс эрэг хавийн газрыг аж ахуй нэгжүүдэд эзэмшүүлж, зугаалгын бүс болгон хөгжүүлнэ. Ямар нэгэн аж ахуй нэгжид “Энэ хоёр га газарт аялал жуучлалын үйл ажиллагаагаа явуул. Байгальдаа ээлтэй, цэвэрлэх байлгана шүү” гэсэн шаардлагыг тавиад өгөхөд тэр газар эзэнтэй болж байгаа юм. Эзэнтэй газарт ёс бус үйлдэл гарахгүй.  Мөн голын эргийг дагасан дугуйн болон явган хүний зам байгуулна.

-Дулаан ороод зам, барилгын ажил эхэллээ. Үүнийг дагаад хайрга дайрга хууль бусаар олборлох асуудал олон гардаг. Энэ асуудлыг яах вэ?

-Энэ их төвөгтэй асуудал. Хулгайгаар авч байна нэг хэсэг нь худлаа ярьж авна. Бидэнд дийлдэхгүй байна. Гэхдээ энэ жилээс нэлээд хатуу бодлого баримтлан ажиллахаар болсон. Шууд хуулийн байгууллагад шилжүүлнэ. Ингээд ирэхлээр хайрга дайрга олборлодог холбоодууд “Одоо яах вэ,замаа тавьж барилгаа баримаар байна” гээд бидэнд хандаад ирж байна.  Бид заавал хот орчим гэхгүйгээр тодорхой нэг газарт олборлоод төмөр замаар зөөх талаар яригдаж байна. Том машинаар зөөхөөр машин, зам эвдэнэ.  Тэгэхээр төмөр замын асуудлаа ч  сайжруулъя гэж зорьж байна. 

-Саяхан таны хүчин зүтгэлээр Нийслэлийн мал хамгаалах сан байгуулагдсан. Хотоос малыг гадагшлуулах байтал сан хүртэл байгууллаа хэмээн шүүмжлэх гишүүн олон байлаа. Энэ санг яагаад байгуулах болсон бэ?

-“Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд бүх аймаг суманд энэ сан байгуулагдсан.  Нийслэлд байгуулъя гэхэд хүмүүс гайхаж, буруу зөрүү шийдвэр мэтээр хүлээн авсан. Гэхдээ хүн бүхэн сүү ууж ,мах иддэг нь үнэн биз дээ. Улаанбаатарт 300 мянга орчим мал байна. Гэтэл үүнийг тойрсон бодлого байдаггүй. Тэгээд л хуурай сүү биш жинхэнэ монгол сүү таргаа уух хүсэлтэй хүмүүс байдаг. Тэр л хэрэгцээг хангах үүднээс бид энэ санг байгуулсан. Уламжлалт нүүдлийн гэхээсээ илүү фирмийн эрчимжүүлсэн аж ахуйг нийслэлдээ байгуулахаар зорьж байна. 150,250,350 үнээний жишиг фирм байгуулахаар зураг төсөл нь гарсан.  Үүнийг хэрэгжүүлж чадвал 500-1000 км-ийн цаанаас махаа сүүгээ зөөж идэх шаардлагагүй болно гэсэн үг.

-Хятадын хуурай сүү уулаа гэж халагладаг хүмүүст сайхан мэдээ байна. Гэхдээ зохицуулах, эрчимжсэн мал аж ахуйгаа хаанаас бий болгох гээд асуудал бий байх?

-Тийм ээ. Бид энэ асуудал дээр Үйлдвэр хөдөө аж ахуйн яамтай хамтран ажиллаж байгаа. Малчидтайгаа ч уулзсан. Нийслэл орчимд байдаг малтай айлууд “Газар нутгийг нь заагаад тодорхой бодлогоор дэмжээд өгвөл бид заавал хот руу зүтгээд байх шаардлагагүй” гэж байсан. Тэд хамгийн гол нь сүү цагаан идээгээ борлуулахаар хот барааддаг.  Тэгвэл борлуулдаг тэр сүлжээг нь бий болгоод өгөх хэрэгтэй юм.

-Мөн нийслэлийн иргэдийн хүсэн хүлээж байгаа нэг зүйл бол “Тасганы овоо”-ны цэцэрлэгт хүрээлэн. Олон жил яригдаж байна. Ашиглалтад орох болоогүй юу?

-Энэ жил ямар ч гэсэн ашиглалтад оруулна. Уул овоо учраас ургамал ургах нөхцөл бага. Тиймээс Дэлхийн банктай хамтран судалгаа хийж 20 см хөрсийг нь хуулаад, Австрали хөрс дэвсэхээр болсон. Хүмүүсийн хүлээсэн сэтгэлд сайхан бэлэг болно гэж бодож байна. Ер нь Улаанбаатар хотыг хэд хэдэн цэцэрлэгт хүрээлэнтэй болгох бодлого баримтлан ажиллаж байгаа. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн гэж байдаг ч гэлээ гэр хорооллоос хүмүүс хичнээн автобус дамжин ирэх билээ. Тиймээс гэр хороололд хоёр цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болсон.  Хоёр га газарт жижигхэн ч гэлээ экологийн ач холбогдолтой.

                                                                                                                                                                                                                                                                                    Т.БАТСАЙХАН