УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл боловсоруулсан байна. Ингэснээр цэргийн ангиудын тусгай хэрэгцээний газрын төлбөрийг  БҮРМӨСӨН чөлөөлөх гэнэ.

 

Монгол Улсын Их Хурлаас 1997 онд “Газрын төлбөрийн тухай” хуулийг баталж, тус хуулиар газрын төлбөр төлөгч, төлбөр ногдуулах газар, газрын төлбөр тооцох үзүүлэлтийг тодорхойлох, газрын төлбөрийн хувь, хэмжээ, газрын төлбөрөөс чөлөөлөх, газрын төлбөр ногдуулах, газрын төлбөрийг төлөх, тайлагнах, газрын төлбөртэй холбогдсон маргааныг хянан шийдвэрлэхтэй холбогдсон нийтлэг харилцааг зохицуулж байна. Засгийн газрын 1997 оны “Газрын төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 152 дугаар тогтоол, Засгийн газрын 2015 оны “Тогтоолд нэмэлт оруулах тухай” 291 дүгээр тогтоолын дагуу газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоож иржээ. Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл /бүс/, суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай” 182 дугаар тогтоолын дагуу 2018, 2019 онуудад Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нь газрын суурь үнэлгээ, төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоож байна.

 

Зэвсэгт хүчний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5-д “Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллага, салбар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд шаардагдах тусгай хэрэгцээний газартай байна” гэж заасан. “Газрын төлбөрийн тухай” хуулийн 4 дүгээр зүйлд  “ ... Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах болон тусгай хэрэгцээний газарт төлбөр ногдуулна. гэж заасны дагуу батлан хамгаалах зориулалт бүхий тусгай хэрэгцээний газрын төлбөрийг жил бүр улсын төсвөөс тодорхой мөнгөн дүнг батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний төсвийн багцад тусган санхүүжүүлж ирсэн. Тодруулбал, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Төрлийн цэргийн командлалын харьяа анги, салбаруудын тусгай хэрэгцээний газрын төлбөрт 2018, 2019, 2020 онд батлан хамгаалахын сайдын багцаас 320 орчим сая  төгрөг жил бүр төсөвлөгдсөн. Улс орныг батлан хамгаалах зориулалт бүхий цэргийн анги, байгууллагын тусгай хэрэгцээний газрын төлбөрийг улсын төсвөөс санхүүжүүлж байгаа хэдий ч Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2018, 2019 онуудад газрын суурь үнэлгээ, төлбөрийн хувь хэмжээг нэмсэнтэй холбогдуулан төсвөөс олгосон санхүүжилтээс 2 дахин их төлбөрийг газрын албанд төлөх нөхцөл байдал үүсээд байна. Тухайлбал, Харин Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолоор “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээ”-г шинэчилсэнтэй холбоотойгоор Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх, Налайх дүүрэг, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь,  Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хэнтий, Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор газрын төлбөрийн хувь хэмжээг нэмэгдүүлэн тогтоосонтой холбоотойгоор 2018, 2019, 2020 онд Зэвсэгт хүчний Жанжин штаб, Төрлийн цэргийн командлалын харьяа анги, салбаруудын тусгай хэрэгцээний газрын төлбөрт төсөвлөсөн мөнгөнөөс гадна 1 308 630 952 / нэг тэрбум гурван зуун найман сая зургаан зуун гучин мянган/ төгрөгийн өр төлбөр үүсээд байна. Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас 2019 онд Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.5-д “төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх гэж заасныг удирдлага болгон 2020 оны батлан хамгаалахын төсвийн багцад газрын төлбөрт 1.6 тэрбум төгрөгийг төсөвлөн Сангийн яаманд хүргүүлсэн боловч батлан хамгаалахын сайд, төсвийн ерөнхийлөн захирагчийн багц дахь газрын төлбөрийн санхүүжилтийг 2020 онд 339 525 900 /гурван зуун гучин есөн сая таван зуун хорин таван мянган/ төгрөгөөр тогтоожээ.

 

 Иймд улсын төсвөөс санхүүждэг цэргийн анги, байгууллагын санхүүгийн боломж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх нөхцөл боломжийг хангах хүрээнд улсыг батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хангах зориулалтаар олгосон тусгай хэрэгцээний газрыг газрын төлбөрөөс нэг мөр чөлөөлөх, ингэхдээ Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт оруулах замаар шийдвэрлэх нь зүйтэй гэж хууль санаачлагчын зүгээс хуулийн төслийг боловсруулжээ.

Уг хуульд нэмэлт оруулснаар тусгай хэрэгцээний газрын төлбөртэй холбоотой төсвийн нэг байгууллагаас төлбөр авч нөгөө байгууллагад шилжүүлэх, төрийн байгууллагуудын хооронд өр төлбөр үүсэх, үр ашиггүй зардал гарах зэрэг асуудлыг нэг мөр шийдвэрлэх боломжтой болох юм байна. Хуулийн төслийг Төсвийн тухай хуульд нийцүүлэн 2021 оноос дагаж мөрдөхөөр тусгасан байгаа аж.

Нэмэлт өөрчлөлтийг хэзээ хэлэлцэх эсэхийг УИХ-ын даргын зөвлөл шийднэ. Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.