Монгол Улсын Засгийн газраас тусгай үүргийн нислэг үйлдэн гадаад улсад буй иргэдээ эх оронд нь авчирч, цар тахлын тархалтаас сэргийлэн тусгаарлалтан 21 хонуулж байгаа билээ. Тэгвэл тусгаарлалтанд байгаа зарим иргэн дүрэм журмаа зөрчиж байгаа хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байна. 

Улсын онцгой комиссын шийдвэрээр гадаад улсаас татан авсан Монгол Улсын иргэдийг Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цэлмүүн трейд” ХХК-ийн “Дрийм-1, 2” зочид буудалд байрлуулж, тусгаарлан ажиглах үеийн хамгаалалтыг Экологийн цагдаагийн албанаас хариуцан ажиллаж байна.

Хамгаалалтын явцад түр тусгаарлах арга хэмжээ авагдсан иргэн С энэ оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 0.75 литрийн согтууруулах ундааг зочид буудлын хашааны завсраар бусдаас авах гэж байсан үйлдлийг таслан зогсоож Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 5.13.1 дэх хэсэгт заасны дагуу 150,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ тооцсон байна.