ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, дэд хурандаа Ч.Чинбат энэ сарын 17-нд zarig.mn сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн биед халдсан тухай мэдээлэл цацагдсан.

Тодруулбал, тус сайт нь ТЕГ-ын дарга Д.Гэрэл болон түүний хүү, эхнэртэй холбоотой баримтуудыг дэлгэн нийтэлжээ. Иймд тэд тагнуулын байгууллагын нэр хүндэд халдсан хэмээн үзэж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан аж. Энэ дагуу /2020.04.17/ Цагдаагийн дэд хурандаа Ч.Чинбат нь сэтгүүлч Н.Өнөрцэцэгээс мэдүүлэг авах үеэрээ биед халдсан аж.

Эл асуудлаар өнөөдөр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр, сэтгүүлч Н.Өнөрцэцэг болон өөр хэргээр хохирсон www.dorgio.mn мэдээллийн сайтын сэтгүүлч А.Баярмаа нар мэдээлэл хийлээ.

Х.Мандахбаяр, сэтгүүлч Н.Өнөрцэцэг болон өөр хэргээр хохирсон www.dorgio.mn мэдээллийн сайтын сэтгүүлч А.Баярмаа нар мэдээлэл хийлээ.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг “Манай сайтын зүгээс ТЕГ-ын дарга Д.Гэрэл болон түүний хүү, эхнэртэй холбоотой баримтуудыг дэлгэн нийтэлсэн. Үүнтэй холбоотойгоор тэд тагнуулын байгууллагын нэр хүндэд халдсан хэмээн үзэж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Үүний дагуу энэ сарын 17-нд Ч.Чинбат хурандаа надаас мэдүүлэг авах үеэр миний биед халдсан.Ч.Чинбат хурандаа намайг намайг түлхэж, цохиж өрөөнөөсөө гарахын шаардсан. Улмаар миний утсыг булааж авсан. Энэ үеэр гаднаас Цагдаагийн ажилтан орж ирсэн. Намайг зодуулсан бичлэг тархсаныг хараад миний эрхийг хамгаалахаар орж ирж байгаа юм байна гэж ойлготол Ч.Чинбат хурандаа ажил үүргээ явуулахад саад болсон гээд дуудчихсан байсан. Генерал Д.Гэрэлийн нэхэмжлэлтэй шүүх хурал Лхагва гарагт болно” хэмээн ярилаа.

МСНЭ-ийн дарга Х.Мандахбаяр: “Сэтгүүлч иргэдийн мэдэх эрхийг хангаж ажиллах, хэвлэл мэдээллийн хэрэгсэл үнэнийг мэдээлэл боломжгүй болох аюул руу явж байгаа нь харагдаж байна. Цагдаагийн байгууллага сэтгүүлчтэй хамтарч ажиллах ёстой. Харамсалтай нь биед нь халдаж байна. Энэ нэг хүнийг өмөөрч хэлж байгаа юм биш. Нийт сэтгүүлчдийн дуу хоолой. Цагдаа нар сэтгүүлчдийг загнадаг байсан бол одоо зоддог боллоо. ЦЕГ-ын дотоод хяналт шалгалтын хэлтэс, УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, АТГ зэрэг байгууллагуудад хариуцлага нэхэж хандах болно. Хэрэв холбогдох байгууллага энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд яаралтай арга хэмжээ авахгүй бол энэ цар тахлын үед бид гудамжинд гарч жагсаал цуглаан хийхэд бэлэн” гэлээ.