УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-д гишүүнээр элсэхээр болсон талаар өмнө бид мэдээлсэн билээ.  Тэрбээр өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 22-ны 12:00 цагт Ардчилсан Намын байранд тус намын дарга С.Эрдэнээс үнэмлэхээ гардаж авлаа. 

Тэрбээр энэ сарын 20-ны өдөр МАХН-аас гарч байгаагаа албан ёсоор мэдэгдсэн билээ. "Авлига, хээл хахуультай холбоотой хүмүүсээ дэвшүүлэхгүй гэх юм бол би ардчиллын төлөө хамтран ажиллахад бэлэн гэсэн. Надад 100 сая төгрөг байхгүй. Гэхдээ 100 сая төгрөгтэй болох боломж бий болсон. Х.Ганхуяг намайг АН-д 100 сая төгрөг өгсөн гэж гүтгэсэн. Би энэ дагуу гомдол гаргасан. Гүтгэсэн нь тогтоогдвол би 100 сая төгрөгтэй болох боломжтой. Тэгэхээр Х.Ганхуягтаа баярлалаа" хэмээсэн ярьсан байсан. 

Тэгвэл өнөөдөр тэрбээр мэдэгдэл хийж, өнөөдөр миний бие АН-ыг бүлэгтэй болгох, хүчтэй сөрөг хүчнийг бий болгох зорилгоор Ардчилсан намд элсэхээр шийдлээ гэсэн юм.

“2016 онд ард түмэн эрх баригч МАН-д хангалттай олон суудал өгсөн. Гэтэл өнөөдөр 14 аймгийн Засаг дарга авлигын хэрэгт холбогдож, гурван гишүүн нь шоронд орох нөхцөл байдалд байна. 

МАН сөрөг хүчнийг хүчээр байхгүй болгосон. Тиймээс 2020 онд УИХ дахь АН-ын суудлыг 39 болгох шаардлагатай гэж би үзэж байгаа. Яагаад гэвэл 1992 оноос хойш АН нэг ч удаа 39 суудал авч байгаагүй. Тэгсэн хэр нь янз бүрийн намтай эвсээд явахараа алаг бөөр шиг өөр өөр үзэл бодолтой олонх болдог. 

Одоо МАН дүнгээ тавиулах цаг болсон. Нийтээрээ МАН-ээс хариуцлага нэхье. Тиймээс сөрөг хүчнийг нэгтгэе, АН-ыг бүлэгтэй болгоё гэдэг үндсэн дээр АН-д орж байна” гэв.