М.Сономпил нь Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа Эрчим хүчний яам, Эдийн засгийн хөгжлийн яам, БНХАУ-ын “Ч” /Ch буюу цаашид С гэх/ -ийн хооронд 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан “А” дулааны станцын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх ХХХ дугаартай гэрээний 9 дүгээр зүйлийн “Гэрээний хэрэгжилттэй холбоотой Монгол улсын татвар ногдуулах дараах татвар, хураамжийг гүйцэтгэгч хариуцна” гэсэн заалтын дагуу гүйцэтгэгч тал БНХАУ-ын “Ч” /C/ нь Монгол улсад төлөгдөх татвар, хураамжийг хариуцахаар үүрэг хүлээсэн байхад албан тушаалын эрх мэдлээ урвуулан Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 4 дүгээр хуралдаанд “А” дулааны станцын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх гэрээнд Монгол улсад ногдуулах татвар хураамжийг гүйцэтгэгч тал хариуцна гэж заасныг танилцуулалгүйгээр “...Амгалан дулааны станцын барилга угсралтын ажил хийж гүйцэтгэх явцад ...газар чөлөөлөх, төмөр зам барьж байгуулах ...зэрэг тооцоогүй ажлууд нэмэгдсэн учраас Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх нь зүйтэй...” гэсэн бодит үндэслэл, тооцоолол, судалгаанд тулгуурлаагүй асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлэн, уг хуралдаанд оролцсон гишүүдээр тухайн асуудлыг дэмжүүлж Засгийн газрын 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн ЗГ-1/38 дугаартай албан бичгээр Гааль болон Нэмэгдсэн өртөгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг Улсын Их Хурлаас 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдөр батлан гаргуулж тухайн хуулиудын дагуу Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 219 дүгээр тогтоолоор “Гаалийн албан татвар болон Нэмэгдсэн өртөгийн албан татвараас чөлөөлөх Амгалан дулааны станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт”-ыг батлуулж албаны эрх ашгийн эсрэг хийх ёсгүй үйлдлийг хийж БНХАУ-ын “Ч” /С/-д давуу байдал бий болгон тус дулааны станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн 8.731.362.025 төгрөгийн Гаалийн болон Нэмэгдсэн өртөгийн албан татвараас үндэслэлгүйгээр чөлөөлүүлж Монгол улсын эрх, ашиг сонирхолд 8.484.264.045 төгрөгцйн буюу онц их хэмжээний хохирол учруулсан байна.

Мөн  Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 306 дугаар тушаалаар байгуулагдсан “Дарханы дулааны цахилгаан станцад хаягдал үнсэн сан шинээр барих” /Дархан-Уул/ (ХХҮI.1.63) ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зохион байгуулах Үнэлгээний хорооны даргаар Эрчим хүчний хөгжлийн төвийн захирал Я.П-ыг томилуулж, түүнд “Тендерт оролцож буй компаниудаас “Х” ХХК-ийг шалгаруул” гэсэн хууль бус үүргийг амаар өгч, тус компанийн Ерөнхий захирал А.Х-ын тендерт шалгарах гэсэн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, улмаар Үнэлгээний хорооны дарга Я.П нь Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 301 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журам”-ын 4.2-т заасан “Үнэлгээний хорооны хуралдаан гишүүдийн олонхийн ирцтэйгээр хүчин төгөлдөрт тооцогдоно” гэснийг зөрчиж үнэлгээний хорооны дарга, гишүүд, нарийн бичгийн дарга гэсэн 7 гишүүнээс П.Э, Б.Б, Г.Т, Б.Ө, Р.Д нар нь гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанд оролцоогүй, дээрх журамд заасны дагуу ирц бүрдээгүй байхад тухайн гишүүдийг оролцсон мэтээр хууль бусаар хурлын ирцийг бүрдүүлж “Х” ХХК-ийг тендерт шалгаруулсаны төлөө өөрийн үүсгэн байгуулсан ХХК, “Х” ХХК-уудын хооронд 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 01/05 дугаартай “Түншлэлийн гэрээ”-г байгуулж, уг гэрээндээ тендер зуучлалын хөлс /2014.05.16-ны өдрийн ЭХА-31/14/ гэрээний үнийн дүнгийн 10 хувь болох 800.000.000 төгрөгийг авна гэж тусган, гэрээгээр халхавчлан “Х” ХХК-ийн ерөнхий захирал А.Х-аас:

  • Өөрийн хүү Д-ын эзэмшлийн Хаан банкин дахь ххх дугаарын дансаар 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 60.000.000 төгрөг
  • Мөн С.Д-ын эзэмшлийн Голомт банкин дахь ххх дугаарын дансаар 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 4.000.000 төгрөг, мөн өдрөө 2.000.000 төгрөг нийт 6.000.000 төгрөг,
  • Өөрийн үүсгэн байгуулсан “З” ХХК-ийн эзэмшлийн Хаан банкин дахь ххх дугаарын дансаар 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 200.000.000 төгрөгийг, нийт 266.000.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт холбогдож анхан шат, давж заалдах болон улсын дээд шүүхээс ял оноосон.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч М.Сономпилд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч М.Сономпилд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.  М.Сономпилд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг болгон өөрчилж, М.Сономпилыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сономпилыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил хасаж, 4 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сономпилын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч М.Сономпилээс 266.000.000 /хоёр зуун жаран зургаан сая/ төгрөг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.С, түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, Д.Доржсүрэн, Д.Оросоо нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Тиймээс М.Сономпил УДШ-эд хандсан. Тэрбээр Улсын дээд шүүхэд гаргасан өргөдөлдөө “ Анхан болон давж заалдах шатны шүүхээс М.Сономпил надад холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, ял оноохдоо хувийн байдлыг харгалзаж үзээгүйд гомдолтой байна. Миний бие өмнө нь гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, үйлдсэн гэмт хэрэгт анхан болон давж заалдах шатны шүүхээс гэм буруутайд тооцож, хорих ял оноож шийдвэрлэсэн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, хүлээн зөвшөөрч байгаа болно. Миний бие төрийн өндөр албан тушаал хашиж байхдаа хуулиар хүлээсэн үүрэг, ёс зүйгээ хөсөрдүүлж, гэмт хэрэгт ял шийтгүүлсэндээ туйлын харамсаж байгаагаа хяналтын шатны шүүхэд хандан илэрхийлж, уучлалт хүсэж байна. Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг нь торгуулийн ялтай, сонгомол санкцтай. М.Сономпил надад торгуулийн ял оноож болохгүй нөхцөл байдал хэрэгт нотлох баримтаар тогтоогдоогүй тул хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглэхгүй байна гэж үзэж байна.

Би одоо 55 настай, ахимаг настай, даралт ихсэх өвчтэй, эхнэр Д.Б чихрийн шижин өвчнөөр олон жил өвдсөнөөс олон эрхтэний хавсарсан өвчтэй болсон, намайг ял шийтгүүлснээс хойш буюу 2019 оны 10 дугаар сард БНСУ-д очиж ходоод тайруулах хагалгаа хийлгэсэн, одоо хүүхдүүд тусдаа гарсан ганцаараа амьдардаг тул асаргаа шаардлагатай байна. Иймд надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, багасгаж өгнө үү. Торгуулийн ялаар сольж өгөх хуулийн заалтыг хэрэглэж өгнө үү. М.С би хохирлыг төлж барагдуулах болно” хэмээжээ.

Улсын дээд шүүхээс анхан болон давж заалдах үатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээсэн. Ингэхдээ М.Сономпилд ашигтай байдлаар ялыг хууль нийцүүлэн  оногдуулсан. Тодруулбал, гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт эд хөрөнгийг хурааж, 5-аас дээш 10 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан бол одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа 2015 оны Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт хорих ялын доод хэмжээг 2 жил, дээд хэмжээг 8 жилээр тогтоосон байна. Иймд шүүх 2015 оны Эрүүгийн хуулийг шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль гэж сонгон хэрэглэсэн нь зөв бөгөөд хуулийн ашигтай байдлыг харгалзан буцаан хэрэглэхдээ хуучин хуульд зааснаас доогуур хэмжээний буюу 4 жил хорих ял оногдуулсан байна.