Төрийн өндөр албан тушаалтнууд татвар төлөгчдийн мөнгөөр тансаглаж, түмэн олныхоо халаасыг хоосоллоо гэх шүүмжлэл сонгуулиас сонгуулийн хооронд үргэлж яригдсаар ирсэн.

Эдийн засгийн хямралыг зөвхөн иргэдийн нуруун дээр үүрүүлэхгүй, төр нь бас тансаг хэрэглээгээ хумина хэмээн олон жилийн турш ярьсан, өнөө ч хэвээрээ. Гэвч тухайн үед сонгогчдоос, ард түмнээс “вазари” үнэлгээ авах гэсэн шалихгүй тактик л байж. Өнөөдөр төрийн сайд, дарга нар Range Rover-оос эхлээд “Ланд 200”-гийн хамгийн сүүлийн загвар, “Лексус 570” гээд л он залуу, загвар сайтайг нь шилж, захиалж хөлөглөдөг хэвээр. Төрийн байгууллагуудын үүдэнд ҮБҮ, ҮНҮ, УБЗ зэрэг дугаартай тансаг жийпүүд эзнээ хүлээн дүүхэлзэн зогсох нь дарга нарын тансаглал дуусаагүйн илрэл. Наанаа хямрал ярьсан Монголын төр цаанаа тансаг хэрэглээнээсээ татгалзаж чадахгүй байна. Зөвхөн яамны сайд, төрийн байгууллагуудын дарга гэлтгүй орон нутгийн удирдлагууд ч хамгийн сүүлийн үеийг жийпийг захиалан төсвийн хөрөнгөөр авч, түүнийгээ хотод ирж гайхуулдаг болоод багагүй хугацаа өнгөрчээ. Гурван жилийн өмнө Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас төрийн байгууллагуудын хэрэглээнд зориулж төсвийн мөнгөөр том оврын жийп машин тавыг худалдан авсан байдаг. 

Харин таван жилийн өмнө дарга нарын албан хэрэгцээнд зориулж 18.9 тэрбумаар 172 ширхэг “Ланд-200”, “Ниссан Патрол”, “Лексус-570” шинээр худалдан авсан нь тухай үедээ шүүмжлэлийн гол бай болж байлаа. Хэдэн жилийн өмнө өндөр үнэтэй, тансаг зэрэглэлийн машиных нь жилийн хэрэгцээнд 50-иад тэрбум төгрөг зарцуулдаг байсан нь өнөөдөр буураагүйгээр үл барам улам өсчээ. Шатахуун, сэлбэг, жолоочийн цалин гээд явж өгнө. Үүнээс гадна хоёр жилийн өмнө ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж иж бүрэн тоноглолтой “Лексус-570” маркийн төмөр хүлэг авахуулаад бас л шүүмжлэлд өртөж, эцэст нь буцаасан. Энэ нь ШШГЕГ-т төсөвлөсөн мөнгөнөөс авсныг тухайн үед баримтаар нотолж байлаа. Намын даргадаа бангадуулсан ч хашралгүй өнгөрсөн жил өөрийн хэрэглээндээ “Ланд-200” шинээр авсан. Зөвхөн сайдууд гэлтгүй дүүрэг, аймгуудын Засаг дарга нар орчин үеийн тансаг жийпэнд дуртай болж, орон нутагт төсөвлөсөн мөнгөөр хамгийн түрүүнд өөртөө жийп цохдог моод дэлгэрч байна. Шинэ төмөр хүлгээ Улаанбаатарын гудамжинд гайхуулж, иргэдийн нүдийг хужирлана. Харин бид гоё, ганганыг гайхахаас цаашгүй. Жийп унахгүй л бол ажлаа хийж чадахгүй мэт болсон сайд, дарга нарынхаа тансаглалыг хязгаарлъя. 

Эдийн засгийн хямралтай, аж ахуйн нэгжүүд дампуурлаа зарлаж, ард түмний халаас хоосорч байгаа энэ үед дарга нарын унадаг жийпэнд зарцуулдаг мөнгийг иргэдээ дэмжихэд зориулаач, Ерөнхий сайд аа. Иргэд нь ядуу, хоногийн хоолоо дайвар бүтээгдэхүүн, толгойн махан таташ, заримдаа хатсан боорцог, хар усаар зогоож байхад дарга нар алаг толгойн нүүрс шиг гялтгар хар жийп хөлөглөн яваа нь өнөөгийн Монголын эмгэнэл юм. Уг нь сайд, дарга нар тансаглалаас татгалзаж, уг мөнгөө ард түмнийхээ амьдралыг сайжруулахад, онцгой дэглэмийн үед ажиллаж буй эмч, онцгой, цагдаагийн байгууллагын техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд зарцуулсан бол монголчууд төрөө хүндэтгэх байлаа. Харамсалтай нь тийм байж чадахгүй байна. Өнөөдөр Монголын хүн амын гуравны нэг нь ядуу байна. Ард түмэн ядуу байгаа хоёр шалтгааны нэг нь төрийн байгууллагын дарга нар /үүнд: хороо, дүүргийн удирдлага, түүний харьяа болон бүхий л төрийн байгууллагын бүх шатны дарга нар хамаарна/ иргэдэд очих ёстой мөнгийг дундаас нь зувчуулдаг, зувчуулсан мөнгөө тансаг машинаас эхлээд өөрийгөө болон ойр тойрныхоо хүмүүсийг гангалахад зориулдаг. Нэг ёсондоо төрийн хайр, халамж доодчуудад хүрэхгүй байгаа учраас тэд амьдралаа дээшлүүлж, хүн шиг гэдэс цатгалан, мөр бүтэн амьдарч чадахгүй байна.

Засгийн газрын мэдээ сонин