Унгарын нэрт зохиолч Ференц Молнар (1878-1952)-ын Унгар, Итали, Польш, Япон зэрэг олон оронд өсвөр насны хүүхэд, залуучуудын заавал унших номын жагсаалтад орсон алдарт "Паулын гудамжны хөвгүүд" ном Монголд анх удаа албан ёсны эрхтэйгээр орчуулагдан, худалдаанд гарлаа.

"Паулын гудамжны хөвгүүд" ном Унгар улсдаа дунд сургуулийн уран зохиолын сургалтын хөтөлбөрт ордог агаад англи хэлэнд орчуулагдсанаасаа хойш дэлхийн 40 гаран улсад одоог хүртэл хэвлэгдсээр байгаагаас ганц жишээ дурдахад Италид 1929 оноос 2020 оны хооронд 100 гаран удаа хэвлэгдэж байжээ. Мөн тус зохиолоор долоон удаа дэлгэцийн уран сайхны кино хийж байснаас 1968 онд Унгарт бүтээсэн кино Оскарын кино наадамд Гадаад хэл дээрх кино төрөлд өрсөлдөж байсан. Үүний зэрэгцээ дэлхийн томоохон театруудад одоог хүртэл жүжиг, дуулалт жүжиг болгон тавьсаар байгаа нь тус зохиолын үнэ цэн өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр буйг илтгэнэ.  

Эл ном одоогоос 113 жилийн тэртээ бичигдсэн хэдий ч  өнөөдөр ч бидэнд дутагдаж байгаа анд нөхдийн харилцан итгэлцэл, үнэнч шударга зан, эцсийн зорилгодоо тууштай байх явдал, эрх чөлөөг дээдлэх зүрх, сэтгэлийг тод томруун харуулж, өсвөр насны хүүхэд, залуучуудаар зогсохгүй насанд хүрэгчдэд ёс суртахуунт зан болоод хүн байхын ариун нандин чанарыг үзүүлэн, үлгэрлэсэн гайхалтай зохиол билээ. Оюун боловсролоос сэтгэлийн боловсролыг чухалчилж буй өнөө үед Монголын хүүхэд, залуучууд дэлхий дахинд алдаршсан энэхүү номыг эх хэл дээрээ унших боломжтой болсонд тус номын редактороор ажилласан хүний хувьд туйлын баяртай байна.   

 

Зураг дээр зүүн гар талаас: Монгол улс дах Унгарын элчин сайдын яамны Төлөөлөгчийн газрын дэд тэргүүн, Монголч эрдэмтэн, доктор, профессор Обрушански Борбала, номын орчуулагч Л.Энхтуул, орчуулагч, редактор Л.Гэрэлмаа, Монгол улс дахь Унгарын элчин сайдын яамны Гадаад худалдаа хариуцсан дэд тэргүүн Цүцои Аттила нар