Эбола вирусний эсрэг эмчилгээнд зориулж анх бүтээгдсэн Ремдесивир эмийг “Covid-19” халдварын эмчилгээнд онцгой горимоор хэрэглэхийг АНУ-д  зөвшөөрч, 5 сарын 04-ний өдрөөс эмнэлгүүдэд тараагдаж эхлэсэн бол Япон Улс дотооддоо үйлдвэрлэсэн Авиган эмээс түрүүлж Ремдесивир эмийг ашиглахыг мөн зөвшөөрлөө.

Харин олон улсын анагаах ухааны сэтгүүл болох “Lancet” 4 сарын 29-ний өдөр шинэ төрлийн коронавирусний эмчилгээнд ашигласан Ремдесивир болон Плацебо эмийг харьцуулсан судалгааны үр дүнгээ танилцуулж,  хүнд өвчтөнд дээрх хоёр эм төдийлөн үр дүнгүй бөгөөд Ремдесивир нь Плацебо-г бодоход амьсгалын дээд, доод зам дахь вирусний хэмжээг сайн бууруулахгүй байгааг мэдэгдсэн. Түүнчлэн, БНХАУ-ын Гуандун мужийн Шэньжэнь хотын эрдэмтэд Ремдесивир эм нь хулганын төмсөгний үйл ажиллагаа, үрийн шингэний чанарт сөргөөр нөлөөлж байгааг тогтоожээ. Эрдэмтэд нийт 28 хулганад 10 хоногийн турш уг эмийг өгсний дараа шинжилгээ хийхэд дээрх үр дүн илэрсэн гээд Ремдесивир эмийн гаж нөлөөний талаар цаашид нарийвчилсан судалгаа хийх хэрэгтэйг онцолсон байна.  

“Covid-19”-ийн эсрэг эмчилгээнд нэвтрүүлсэн гидроксихлорокин эмийг Колумбын их сургуулийн эрүүл мэндийн төвд эмчлэгдэж буй өвчтөнүүдэд хэрэглэхэд ямар ч нөлөө үзүүлээгүйг судлаачид мэдэгдэв. Тодруулбал, хумхаа өвчний эмчилгээнд голчлон ашигладаг уг эм “Covid-19”-өөр өвчилсөн хүмүүсийн биеийн байдлыг дээрдүүлээгүй ч дордуулаагүй аж. Дээрх судалгааны дүнд үндэслэн эмнэлгээс уг эмийг эмчилгээнд хэрэглэхгүй байхыг зөвлөх болжээ.

АНУ-ын Канзасын их сургуулийн халдварт өвчин судлалын тэнхимийн захирал Дана Хавкинсон 05 дугаар сарын 06-ны өдөр хийсэн мэдэгдэлдээ, “Covid-19”-ийн хөнгөн хэлбэрийн халдвар авсан хүн 7-10 хоногийн дараа бие нь гэнэт хүндэрч нас барах тохиолдол гарч байна. Энэ нь “цитокины шуурга” буюу дархлааны тогтолцооны хэт идэвхжилтээс болж байна. Учир нь вирус өвчтөний уушгинд ороход дархлааны систем хариу урвалд орж, уушги руу дархлааны эсүүд ордог. Энэ нь үрэвслийг улам өдөөж өгдөг бөгөөд зарим хүн дархлааны тогтолцоог эм бэлдмэл хэтрүүлэн хэрэглэж огцом нэмэгдүүлснээр хэт их үрэвсэл үүсгэх эрсдэл бий болгож амь насаа алдаж байна гэжээ.

АНУ-ын мэргэжилтнүүд шинэ төрлийн коронавирус нь нарны гэрэлд тэсвэргүй болохыг тогтоосон байна. Лабораторийн шинжилгээний үеэр гэрэл болон дулааны хэм нэмэгдэхийн хэрээр вирусний хэсгүүд хагас задарсан байна. Тус улсад төвтэй “Xenex” компани өөрсдийн үйлдвэрлэсэн эмнэлгийн ариутгалд ашигладаг хэт ягаан туяаны “LightStrike” аппаратаар  (200-315 нанометр долгионы урттай хэт ягаан туяагаар орчныг халдваргүйжүүлдэг) коронавирусийг идэвхгүй болгосон хэмээн танилцуулав.

“Nature” сэтгүүл 04 дүгээр сарын 27-ны өдөр шинэ төрлийн коронавирусний RNA (ribonucleic acid)-ы талаарх судалгааны ажлын үр дүнгээ нийтлэв. Тус судалгааны ажилд Ухань хотын эмнэлгийн орчин болон олон нийтийн газрын агаараар дамжих вирусний RNA-г судалж, эмнэлгийн дотор болон гадна орчинд халдвар тархах эрсдэл өндөр гэдгийг бататгав. Харин олон нийтийн газар дахь вирусний RNA-ын “халдвар дамжуулах хүч” хэр өндөр байх талаар хараахан тодорхойлж чадаагүй байна. Судалгааны ажлын үр дүнгээс ахуйн болон хувийн ариун цэвэр сайн сахих, агаарын солилцоог тогтмол хийх, олноор цугларахгүй байх нь агаар дахь вирусний RNA-г бууруулж, халдварлах эрсдэлийг багасгана гэдгийг тогтоосон. Халдвар агаараар тархах өндөр эрсдэлтэй газар болох эмнэлгийн орчин дахь вирусний RNA-ын нягтрал “агаарын солилцоо сайтай” хэсэгт харьцангуй бага байсан бол цонхгүй ариун цэврийн өрөөнд нэлээн өндөр байжээ.

Мөн эмч, сувилагч нар хамгаалалтын хувцсаа тайлах үед агаар дахь вирусний RNA-ын нягтралын хэмжээ нэмэгдэж байсан тул хамгаалалтын хэрэгслийг тайлахаас өмнөх ариутгалыг тогтмол хийх шаардлагатайг анхааруулав. Үүнээс гадна олон нийтийн газар болох орон сууцны хороолол, супермаркет зэрэг орчинд SARS-Cov-2 RNA-ын нягтрал ерөнхийдөө бага байсан бол халдвартай өвчтөнүүд олноор хэвтэн эмчлүүлж байсан “эмнэлгийн гаднах орчин”-д вирусний RNA харьцангуй өндөр байсан гэжээ.

ХБНГУ-ын “Charite” клиникийн вирус судлаачид өмнө нь коронавирусний аль нэг төрлөөр өвдөж байсан хүнд дархлаа тогтсон байх магадлалтай гэсэн урьдчилсан дүгнэлт гаргасан байна. Судлаачид “Covid-19”-ийн халдвар авсан болон аваагүй хүний цусан дахь Т-лифоцитийг судалж үзсэнээр дээрх дүгнэлтийг хийжээ. Мөн Оросын судлаачид Москва болон бусад хотод шинэ төрлийн коронавирусний популяцийн судалгааг эхлүүлэхээр болсон бөгөөд нийт хүн амын 60 хувьд эсрэг биет тогтсон тохиолдолд вирус хүнээс хүнд халдварлах боломжгүй болно гэж үзэж байна. Тэгвэл, ДЭМБ “Covid-19” халдвар авч, эдгэрсэн хүмүүст дархлаа бий болох боломжтой ч,  эсрэг биет дархлаатай ямар холбоотой болохыг тогтоосон судалгаа одоогоор байхгүй тул эсрэг биет бий болсноор дархлаа үүссэн байна гэж үзэхэд эрт, энэ талаар хийгдэж буй судалгааны дүн гартал дүгнэлт хийхээ хүлээх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна.

Их Британийн “Лондон коллеж”-ийн Генетикийн хүрээлэнгийн судалгаагаар “Covid-19”-ийг үүсгэгч вирус 200 орчим удаа мутацид орсныг илрүүлсний үндсэн дээр вирус нэг хүнээс нөгөөд дамжихдаа хэрхэн “дасан зохицож” байгааг тогтоожээ. Эрдэмтэд “SARS-COV-2” вируст гарч буй энэхүү генетик өөрчлөлтийг халдвар авсан 7,500 гаруй хүний геномийг судлах замаар шинжлэхэд 198 мутаци илэрчээ. Харилцан адилгүй шалтгаанаар олон “жижиг” мутацууд давтагдан үүсэж байгаа нь вирус хүний биед дасан зохицож буйн илрэл байж болзошгүй аж. Гэвч энэ нь вирус илүү аюултай болж байна гэсэн үг биш аж. Тогтоогдсон жижиг хэмжээний генетик өөрчлөлтүүд нь вирусний геномд жигд тархахгүй, түүнчлэн зарим хэсэг нь маш цөөхөн мутацитай байгаа. Тиймээс вакцин, эм бүтээхдээ вирусний хувирдаггүй хэсгүүд рүү голлон анхаарах шаардлагатай гэж судалгааны баг дүгнэжээ.

Бельгийн эрдэмтэд лам гөрөөсний биед үүссэн эсрэг биет SARS, MERS халдварын эсрэг үр дүнтэй байгааг тогтоогоод байсан бол “Covid-19” вирусийг мөн идэвхгүй болгож байгааг илрүүлжээ. Лам гөрөөсний биед хүнээс ялгаатай нь 2 төрлийн эсрэг биет үүсдэг бөгөөд “Y” хэлбэрийн эсрэг биет нь хүнийхтэй ойролцоо байдаг тул олон жил ХДХВ, томуугийн судалгаанд ашиглаж иржээ.

БНХАУ-ын “Yuanda Pharmaceutical” группын Австрали Улс дахь “Grand Medical Pty” охин компани амьсгалын замын халдварт өвчний эмчилгээнд ашиглах “STC3141” эмийн II шатны клиник туршилтыг хийхээр болжээ. “STC3141” эмийн I шатны клиник туршилтыг амжилттай хийж, хүний биед үзүүлэх гаж нөлөө болон эмийн бодисын солилцооны шинж чанарыг тодорхойлсон байна. Харин II шатны клиник туршилтад “Covid-19”-ийн халдвар авсан өвчтөний эмчилгээнд хэрэглэх үед гарах эрсдэл, үр нөлөөг судлах аж.

Пекин Юнион Анаагах ухааны коллежийн судлаачид Хубэй мужийн Ухань хотод “Covid-19”-ийн дэгдэлтийн үед бүрэн хөл хорио тогтоосноор БНХАУ-д 500 мянгаас 3 сая хүртэлх хүнийг, дэлхий дахинд 12-42 сая хүнийг халдвар авахаас сэргийлж чадсан гэх тооцоог гаргажээ.

Харин Хонконгийн сэтгэцийн эрүүл мэндийн судлаачид “Covid-19”-ийн улмаас дэлхий нийтэд амиа хорлолт нэмэгдэж болзошгүй гэх дүгнэлтийг хийсэн байна. Тодруулбал, судлаачид уг цар тахлын улмаас бүх түвшинд учирч буй эдийн засгийн хохирол, өсөн нэмэгдэж буй ажилгүйдэл, хөдөлгөөний хязгаарлалт зэрэгт нь иргэдийн сэтгэл зүйн хэвийн байдалд урт хугацаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэйг анхааруулжээ.

АНЭУ-ын Абу Дабигийн Үүдэл эсийн төв коронавирусний халдвар авсан өвчтөний цуснаас үүдэл эсийг гарган авч цацлага хэлбэрээр уушгинд цацаж, уушгины эсүүдийг сэргээснээр дархлааны системийг хэт ачаалахаас сэргийлэх эмчилгээ нээснээ зарлав. Эмчилгээг 73 өвчтөн дээр туршиж үзэхэд ямар нэг сөрөг үр дагавар илрээгүй бөгөөд “Аль-Утайба” вакцин гартал энэ эмчилгээ өндөр үр дүнтэй байх болно гэж мэдэгдэв.

Эх сурвалж: Тагнуулын ерөнхий газар