Коронавирусийн халдварын цар тахлын улмаас нийгмийн олон салбар хүндхэн байдалд буй. Үүний нэг нь урлаг, соёлынхон. Манай улсад энэ сарын 31-нийг дуустал урлаг, соёлын арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон. Тиймээс үзвэр, үйлчилгээний газруудын орлого тэг болсон гэхэд хилсдэхгүй.

Дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын Филармони, Улсын драмын эрдмийн театрын хувьд төрийн өмчит учраас ажилтан, албан хаагчдын цалин, мөнгийг улсаас олгож байгаа аж. Харин төлөвлөгөөт орлогын нормоо биелүүлж чадахгүй хүрснийг ярьж байна. УДЭТ л гэхэд “Анна Каренина” шинэ жүжиг болон төлөвлөгөөт хэд хэдэн аялан тоглолтоо тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ. Төрийн өмчит урлагийн байгууллагуудын орлого 100 хувь зогссон ч уран бүтээлчдийн цалин хөлс цаг хугацаандаа тавигдаж байгааг УДЭТ-ын маркетинг, олон нийттэй харилцах албаны дарга Б.Энхболд ярив. Тэгвэл кино үзвэрийн газруудын орлого 90-100 хувь буурчээ. Тухайлбал, “Тэнгис” кино театрын хувьд үзвэр бүрэн зогссон. Тэд зөвхөн тус кино театрт үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчдийн түрээсээр тог цахилгаан, ус, дулааны мөнгөө төлж байгаа аж. Харин нийт ажилчдын 90 хувь амарсан байна. Үүнээс гадна нийтийн болон рок, попын хамтлаг, дуучдын орлого ч 100 хувь зогссон байна. Дуучин Б /тэрбээр нэрээр нууцлахыг хүссэн юм/ “Ер нь хүндхэн байдалтай байна шүү. Ганц, хоёр сайн дурын, хандивын онлайн тоглолтод үнэ төлбөргүй дуулж байгааг эс тооцвол хөл хорионоос хойш нэг ч газар дуулаагүй. Уг нь энгийн үед өдөртөө 2-3 арга хэмжээнд дуулахдаа дунджаар 500.000-1 сая төгрөгийн орлого олдог байлаа. Чөлөөт уран бүтээлч учраас арга хэмжээнд дуулж, дараагийн уран бүтээл, клипний санхүүжилтээ олдог. Мөн гэр бүлээ тэжээнэ. Уг нь дотооддоо алдаагүй юм чинь өндөржүүлсэн бэлэн байдлыг бага багаар сулруулбал олон хүний амьдралд нэмэртэй юм болов уу. Бид ч гэсэн адилхан амьдрах гэж яваа учраас хоолоо олж иддэг ажил маань 100 хувь зогссон болохоор хэцүүхэн байна” гэв.

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ СОНИН