Харилцаа холбооны зохицуулах хорооны домэйн нэр, технологийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Г.Баттулгаас УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгааг цахим орчинд явуулах хуулийн зохицуулалттай холбоотой зарим зүйлийг тодрууллаа.  


-УИХ-ын сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр цахим орчинд сонгуулийн сурталчилгаа явуулахтай холбоотой тодорхой заалтууд орсон. Харилцаа холбооны зохицуулах хорооноос хянах чиг үүрэгтэй. Танай байгууллага хэрхэн ажиллах  вэ?

-УИХ-ын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 47 дугаар зүйлд цахим орчинд сонгуулийн сурталчилгаа явуулах зохицуулалтыг холбогдох газрууд хариуцна гэж заасан. Үүнд Харилцаа холбооны зохицуулах хороо, Сонгуулийн ерөнхий хороо болон төрийн эрх бүхий байгууллагууд үүрэг хариуцлага хүлээж байгаа. Харилцаа холбооны зохицуулах хороо цахим орчинд сонгуулийн сурталчилгаа явуулах журмын төслийг цагдаагийн байгууллагатай хамт боловсруулан Сонгуулийн ерөнхий хороонд  хүргүүлж, өнгөрсөн сард батлуулсан. Энэ журамд цахим орчин, олон нийтийн сүлжээ ашиглан хэрхэн сурталчилгаа явуулах талаар тусгасан. Эргээд хууль зөрчвөл ямар арга хэмжээ авах талаар тодорхой зохицуулалт ч бий. Манайд өмнө нь сонгуулийн сурталчилгааг цахим орчинд явуулахтай холбоотой хуулийн зохицуулалт байгаагүй. Өмнө нь хууль зөрчсөн асуудал гаргавал хууль, хяналтын байгууллагаар шийдвэрлүүлдэг байв.

-Сурталчилгаа явуулахтай холбоотой журамд ямар заалтууд орсон бэ?

-Сонгуультай холбоотой цахим орчинд санал асуулга явуулбал Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөөх газраар дүгнэлт гаргуулж, санал асуулга явуулсан  вэб сайт, фэйсбүүк хаягийн хандалтыг хязгаарлах зэрэг арга хэмжээ авна. Мөн эрх бүхий байгууллагаас Зөрчлийн хуулиар шийтгэх зэрэг хуулийн зохицуулалттай.

-Хуульд зааснаар сонгуулийн сурталчилгаа ирэх сарын 2-ноос эхэлнэ.  Гэтэл цахим орчинд сурталчилгааны шинжтэй мэдээллүүд гарах болжээ. Үүнийг танай байгууллага хянах уу?

-Эрх бүхий байгууллага буюу Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, МХЕГ, ШӨХТГ-т ирсэн өргөдөл гомдлыг үндэслэн хуулийн дагуу үйл ажиллагаа явуулсан эсэхийг хянана. Хууль зөрчсөн нь тогтоогдвол Харилцаа холбооны зохицуулах хороонд дээрх дүгнэлт, саналаа хүргүүлнэ. Энэ саналыг үндэслэн манай байгууллага олон нийтийн сүлжээний үйлчилгээ эрхлэгч, мэдээлэл түгээгчид шаардлага хүргүүлж, мэдээллийг устгуулах, үйл ажиллагаа явуулж буй цахим хуудасны хандалтыг хязгаарлах зэрэг арга хэмжээ авна.

-Одоогийн байдлаар ийм төрлийн зөрчил бүртгэгдсэн үү?

-Энэ талаар ШӨХТГ-аас улсын байцаагчийн дүгнэлт бүхий 26 зөрчил манайд ирүүлсэн байна. Үүний дагуу зохих арга хэмжээг авч, хандалтыг нь хязгаарлах талаар “Фэйсбүүк” компанид хүсэлт хүргүүлсэн.

-Сонгуулийн сурталчилгаа эхлэх хугацаанаас өмнө тухайн нэр дэвшигчийг дэмжиж байгаагаа иргэн цахим хаягаараа дамжуулан илэрхийлэх боломжтой юу?

-Манай байгууллага хууль зөрчсөн эсэхийг тогтоодог эрх бүхий байгууллага биш. Дээр хэлсэнчлэн эрх бүхий байгууллагаас ирүүлсэн гомдлыг бид хүлээн авч, техникийн арга хэмжээ авах үүрэгтэй.

-Сонгуульд оролцож буй нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгаа явуулахдаа цахим хаягаа бүртгүүлэх хуулийн зохицуулалттай. Үүнд танайхаас ямар хяналт тавьж ажиллаж байна вэ?

-Бие даан нэр дэвшигч, нам, эвслүүд цахим орчинд сурталчилгаа явуулах  албан ёсны хаягаа нэр дэвшигчийн үнэмлэх авсан өдрөөс хойш гурав хоногийн дотор багтаан сонгуулийн тойргийн хороондоо бүртгүүлэх юм. Гурван төрлийн цахим хуудас бий. Нэр дэвшигч, нам, эвслийн вэб сайт, олон нийтийн сүлжээ дэх цахим хуудас буюу, фэйсбүүк хаяг, пэйж, бусад цахим хуудас буюу манайд бүртгэлтэй цахим хаяг байж болно. Олон нийтийн сүлжээнд дэх цахим хаягаа Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлж, манайхаас “Фэйсбүүк” компанид хүсэлт гаргаж, хүлээн зөвшөөрөгдсөн хаяг гэдгийг нь мэдэгдэх юм.

-Сонгуультай холбоотой манай улс “Фэйсбүүк” компанитай хамтран ажиллана гэж байсан. Энэ ажил ямар шатандаа явж байна вэ?

-Коронавирусийн халдвар гарсантай холбоотой тус компаниас төлөөлөл ирж ажиллах боломжгүй болсон. Иймд бид цахимаар харилцан ажиллахаар боллоо. Сонгуулийн үеэр авах арга хэмжээ буюу хуурамч мэдээлэлд хязгаарлалт хийх зэрэг хүсэлтийг хүргүүлэх юм. Бид үүнээс өмнө Фэйсбүүк компанитай “Ногоон суваг” –аар дамжуулан санал гомдлыг шийдвэрлүүлэн ажиллаж байсан.

-Сонгуулийн сурталчилгааг цахим орчинд явуулахтай холбоотой бэлтгэл ажил хэр хангагдсан бэ?

-Сонгуулийн тухай хууль батлагдсанаас хойш бид бэлтгэл ажлаа ханган ажилласан. Мөн цахим орчноос гадна радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журмыг боловсруулж, 21 аймгаар танилцуулах ажлын хэсэг томилогдсон. Үүнтэй холбоотой гарын авлага гарган хэвлүүлээд байна. Түүнчлэн сонгуулийн сурталчилгааг цахим орчинд явуулахтай холбоотой видео, контентуудыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээж эхэлсэн.
 

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН