Монголын дипломатчид 70 кг героин тээвэрлэж яваад Германы Дрезден хотод баригдсан хэргийн шүүх хурал энэ сарын 11-нд эцсийн шийдвэрээ гаргана. Тэдэнд прокуророос 11 жилийн хорих ял төлөвлөсөн бөгөөд өнгөрсөн пүрэв гарагт болсон урьдчилсан хэлэлцүүлгээс харахад уг ялыг хэвээр батлах төлөвтэй байна.

Хэргийн талаар дэлхий нийтэд ямар мэдээлэл гарч байсныг эргэн сануулъя. 2019 оны тавдугаар сарын 3-нд А17 хурдны зам дээр Дрезден хотын цагдаа нар Туркийн Истанбул дахь Монгол Улсын Ерөнхий консулын газрын эзэмшлийн саарал өнгийн benz маркийн автомашиныг шалгаж, 70 кг героин тээвэрлэж явсан дипломатч Б.Баттүшиг, жолооч Б.Эрдэнэбаяр нарыг баривчилсан юм. Тухайн үед Б.Баттүшиг “Би Монголын Засгийн газрын нууц агент, ЭСЯ-дад үүрлэсэн хар тамхины наймааны сүлжээг мөрдөж байна” гэж мэдүүлснийг нь “Холливуд маягийн түүх зохиолоо” хэмээн олон улсын хэвлэлүүд доог тохуу болгож байв. 2019 оны 11 дүгээр сарын 26-нд мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Баттүшигийн гар утасны кодыг гаргаж, 1000 гаруй мэдээлэл сэргээн шалгах шаардлагатай болсон тул шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан юм. Түүний мэдүүлсэн нь үнэн эсэхийг энэхүү сэргээсэн мэдээллүүдэд үндэслэн шалгах бөгөөд Монголын төр хар тамхины наймаа хийдэг үү гэх сэжиг таамагт хариулт өгнө гэж байв. 2020 оны нэгдүгээр сарын 6-нд Германы tag24 мэдээллийн сайтад хууль зүйн ухааны профессор, өмгөөлөгч Клаус Бренсман “Ноён Б Монгол Улсын өндөр зэрэглэлийн тагнуулын ажилтан. Истанбул дахь дэд консулаар ажиллах хугацаандаа хар тамхи хууль бусаар хил нэвтрүүлсэн монгол дипломатчдын талаар мэдээллийг цуглуулсан” хэмээн мэдүүлснийг дурдаад, “өөрөө ямар бараа тээвэрлэж явснаа мэдээгүй бололтой”, “Германы эрх баригчид Монголын тагнуулын ажилллагааны талаар юу ч мэдэхгүй нь ойлгомжтой” гэж ёжилжээ. 2020 оны нэгдүгээр сарын 16-нд Германы tag24 мэдээллийн сайтад Праг дахь ЭСЯ-ны атташе Уве.Г гэгчээр дамжуулж Б.Баттүшигийг Монголын Гадаад харилцааны яаманд үүрлэсэн гэмт хэрэгтэй тэмцэх үүрэгтэй байсныг гэрчлүүлж, Германы эрх баригчидтай холбоо тогтоохыг хүсэж буйгаа уламжлуулсан талаар мэдээлэв. Монголын талаас Чехийн атташегаар дамжуулан тавьсан хүсэлтийг хангаагүй бөгөөд ГХЯ-наас энэ талаар ямар ч байр суурь илэрхийлэлгүй өнөөдрийг хүрлээ. 2020 оны дөрөвдүгээр сард ГХЯ-д Турк улсын Ерөнхий прокурор ГХЯ-ны сайд Д.Цогтбаатарт албан тоот илгээж, “Ерөнхий консул Б.Энхмөнх, ажилтан Б.Алтансүх нарт Эрүүгийн 2019/94915 тоот хэрэг нээж, тэднийг Туркийн хар тамхи, мансууруулах бодис наймаалдаг гэмт хэргийн бүлэглэлд гишүүнээр элсэж, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис тээвэрлэж, худалдсан хэрэгт буруутгаж байгаагаа мэдэгдсэн”-ийг нууж байсныг Монголын хэвлэлүүд мэдээлэв. Харамсалтай нь сайд одоо хүртэл тайлбар өгөөгүй байна. 2020 оны тавдугаар сарын 2-нд Турк улсын TimeTurk сайтад “Гэмт хэргийн бүлгийнхэн хар тамхиа хил давуулан тээвэрлэхдээ Монгол Улсын Ерөнхий консулын газрын эзэмшлийн 34 СС3221 ба 34 СС 2542 дугаартай автомашиныг ашиглаж, хилийн чанадаас кокаин, шахмал экстазиг авчирч, буцаан хил давуулах ажлыг эрхэлдэг байсныг тогтоосон” тухай нийтлэл гарав. Уг бүлэглэлийг шалгах явцад 937.7 кг героин, 103 кг кокаин, 750 мянган ширхэг сэтгэцэд нөлөөт эм хураан авсан болон мөрдөн шалгах ажиллагааны талаар дэлгэрэнгүй өгүүлснийг манай сонин нийтэлж байсан билээ.

2020 оны тавдугаар сарын 29-нд Германы tag24 сайтад Монголын нууц албаны өмнөөс ажиллаж байсан гэх дипломатчдад 11 жилийн ял төлөвлөж, энэ сард багтаан шүүх эцсийн шийдвэрээ гаргах талаар мэдээлсэн. “Шүүхийн гаргасан дүгнэлтээр тус хоёр хэрэгтний нэг нь дипломат паспорттой байсан нь үнэн хэдий ч Германд магадлан итгэмжлэгдээгүй ба тухайн үед дипломат үйл ажиллагаа гүйцэтгэж яваагүйг тогтоожээ” гэж мэдээллээ. Ийнхүү Монгол Улсыг “хар” жагсаалтад оруулахад хүргэсэн хүчин зүйлсийн нэг дуулиант хар тамхины хэрэг сонгуулиас өмнө шийтгэлээ хүлээх нь. Харин гадаад ертөнцөд улсынхаа нэрийг “хуйхалж” яваа дипломат албыг цэвэршүүлэхэд ямар нэг арга хэмжээ аваагүй, энэ тухай мэдээллийг иргэдээсээ нуусаар ирсэн хариуцсан албан тушаалтнуудад ямар хариуцлага хүлээлгэх нь тодорхойгүй. Бидний хүлээлгэж дийлээгүй хариуцлагыг гаднын улсад шалгаж тогтоон, ял оноож, авлига, гэмт хэрэгт идэгдсэн Монголыг олон улсын байгууллагууд “хар”, “саарал” жагсаалтад оруулж, бохирдсон төрийг цэвэрлэхийг эрмэлзэж байна.  

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ СОНИН