Энэ оны зургаадугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Улсын Их дэлгүүрт гал гарч, зургаадугаар давхар болон дээврийн хэсэг шатсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Тус дэлгүүрт үйл ажиллагаа явуулдаг газрууд болон түрээслэгч нар бараа бүтээгдэхүүнээ авахаар тус газрын орчимд замын хөдөлгөөний бөөгнөрөл, зохиомол түгжирэл үүсээд байсан учраас УИД-ын баруун тал болон хойд талын замыг түр хаагаад байсан юм. Тэгвэл зам хаасантай холбоотойгоор Чингэлтэй дүүргийн урьдчилан сэргийлэх хэлтсийн холбогдох албанаас дараах мэдээллийг өгчээ.

“Галд өртөөгүй давхруудын бараануудыг түрээслэгчдэд нь хүлээлгэн өгч, түрээслэгчид их хэмжээний бараагаа ачиж авч байгаа. Дээрээс нь Цагдаагийн байгууллагаас хэргийн газар үзлэг хийгдэж байгаатай холбогдуулан УИД-ийн хойд болон баруун талын замыг өчигдөр, өнөөдөр гээд хоёр хоног хааж байгаа. Маргаашаас нээгдэх байх.

Үндсэндээ Замын цагдаагаас хөдөлгөөнийг хаасан. Бидний зүгээс холбогдох хяналтаа тавьж, хэргийг мөрдөн шалгах баг, мэргэжлийн хяналт, прокурор зэргээс баг бүрдэн хэргийн газарт үзлэг хийж, ажиллаж байна. Мэдээж хүний юм шатчихсан болохоор хохирлыг тогтоох зэргээс эхлээд ажлууд гарна. Үзлэг нь хоёр хоногийн хугацаатай явагдаж байгаа юм. Түүнчлэн Хөдөлгөөн зохицуулах журамд хөдөлгөөнийг хязгаарлах онцгой тохиолдлууд гэж бий. Уг журмаараа л явж байгаа төдий.

Манайд бас газруудаас гомдол ирж байгаа. Гэхдээ түрээслэгчид их хэмжээний бараагаа ачиж авахын тулд том тээврийн хэрэгслүүд орж, гарах гээд хөдөлгөөнд саад учруулаад байсан тул дэлгүүрийн хойд болон баруун талын замыг нь хаасан” гэв.

Одоогийн нөхцөл байдлын хувьд УИД-ийн түрээслэгчид дэс дараалалтайгаар дотогш орж бараа бүтээгдэхүүнээ бүртгэн лацдах, хүлээн авах үйл ажиллагаа явагдаж, дэлгүүрийг тойрон цагдаагийн хамгаалалтад авжээ.