УИХ-ын 2020 оны сонгууль үзэж харах юмтай, урьд хождын сонгуулиудыг бодвол гоц үзэгдэлтэй болж байна.

Тухайлбал, нэр дэвшигчид нь хошин шогийн үнэгүй үзүүлбэр үзүүлж, хилийн чанад болон шорон дотроос нэр дэвших зэргээр сонгогчид үзэж харах юмтай байгаа. Эдгээрээс хамгийн гоц гэж хэлж болохоор үзэгдэл болж УИХ-ын гишүүн, нэр дэвшигч, яллагдагч, шүүгдэгч нарын шүүх хурал зарлдагдаад байна.

Н.Номтойбаярыг маргааш шүүнэ

Нийслэлийн прокурорын газраас Н.Номтойбаяр нарт Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйл /худал мэдүүлэх/-ийн 21.2-1, 22.1 дүгээр зүйл /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 22.1-3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн. Хэргийг энэ сарын 26-ны өдөр хэлэлцэхээр болсон ч хугацааг нь наашлуулж, маргааш хэлэлцэхээр болсон байна. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгдэгч Н.Баттөгсийн өмгөөлөгч Д.Батбаяр нь шүүх хуралдааны товыг өөрчлөх тухай хүсэлт гаргасны дагуу уг хүсэлтийг тус дүүргийн шүүхийн шүүгч 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 09:00 цагт хэлэлцлээ. Уг хуралдаанаар Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 14:00 цагт нээлттэй явуулахаар товлон зарласан. Шүүх хуралдааны явцад шүүгдэгч Н.Номтойбаярын өмгөөлөгч Н.Мандах, М.Базаррагчаа нар нь шүүгдэгч Н.Номтойбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлт гаргасныг шүүх хэлэлцэхгүй орхиж, захирамжийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Ж.Эрдэнэбатыг маргааш шүүнэ

Экс ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг эрүүгийн хуулийн 22.1.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. Хэрвээ гэм буруутай гэж үзэх юм бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх  болно. Түүнтэй хамт Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарыг шүүж байгаа. Ж.Эрдэнэбатыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэргээр шалгаж байгаа юм.

Маргааш тэднийг гэм буруутай эсэхийг шүүнэ. Ямартай ч Ж.Эрдэнэбатын шүүх хурал сонгууль дуустал хойшлох нь тодорхой. Харин Н.Номтойбаярын хувьд ямар ч хамаагүй аргаар шоронгоос гарч, сонгуулийн сурталчилгаагаа хийхийг завдах нь тодорхой.

Энэ жилийн сонгуульд нэр дэвшигчид болох Х.Бат-Ялалт, Э.Бат-Үүл нарын хувьд мөн шүүхийн хаалга татаад байгаа бөгөөд гэм буруутай эсэхээ дэнслүүлэх дээрээ тулаад байгаа. Сонгуулийн дараагаар Э.Бат-Үүлийн гэм бурууг шийдэх бол Х.Бат-Ялалтын гэм бурууг энэ сарын 17-нд шийднэ.

Яллагдагч, шүүгдэгч нар УИХ-ын гишүүн болохоор санаархаж байгаа энэ үйлдлүүдийн талаар бид эргэж мэдээлсээр байх болно.