УОК-ын Шуурхай штабаас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЦЕГ-ын Нийгмийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга Ж.Амгалан мэдээлэл хийлээ.

"Эх орондоо ажил болж ирчихээд хүний санаанд оромгүй зөрчил гаргаж байна. УОК-ын Шуурхай штабаас тусгаарлах байранд байгаа хүмүүс гэрээсээ хүнс, эд зүйлс авах журмыг гаргасан. Талх ухаж, дотор нь тамхи хийсэн тохиолдол илэрсэн. Усны саванд архи хийж оруулсан байна. Тусгаарлах байруудад байгаа иргэд онцгой үеийн бэлэн байдал болон журмыг сахих хэрэгтэй. Халдвар аваад эдгэсэн 60 хүн тутмын нэг нь халдвар тараах боломжтой гэдгийг анхааруулж байна" гэлээ. Мөн тэрээр тусгаарлах байранд ажиллаж байсан цагдаагийн албан хаагчийн бие муудаж, эмнэлэгт очоод нас барсан тохиолдол гарсан гэлээ. 

-Тусгаарлах байранд ажиллаж байсан цагдаагийн албан хаагч нас барсан гэсэн, энэ мэдээлэл үнэн үү?

-Тусгаарлах байранд ажиллаж байсан цагдаагийн албан хаагч нас барсан нь үнэн. Гэхдээ ямар нэг гадны шалтгаангүй. Гэнэт бие нь муудаад, нас барсан.  

-Тусгаарлах байранд ажиллаж байгаа цагдаагийн албан хаагчид яаралтай тусламж авах боломжгүй юм уу.  Эмнэлгийн тусламж хурдан очоогүй гэсэн мэдээлэл байсан?

-Цагдаагийн байгууллагаас бид маш нарийн шалгаж байгаа. Чухам юу болов, ямар алдаа гарав. Эмнэлгийн тусламж хурдан очиж чадсан уу, чадаагүй гэдгийг нарийн шалгана. Бид цагдаагийн албан хаагч нас барсан талаар нууж хаагаад байгаа юм байхгүй.  Удахгүй би өөрийн биеэр чухам юу болсон талаар нарийн мэдээлэл өгнө. Одоогоор задлан шинжилгээний хариу гараагүй байна.