ШИНЖЛЭХ УХААН БИДЭНД ИНГЭЖ ТАЙЛБАРЛАЖ БАЙНА

Манай гараг дээр олон сая жилийн өмнө урт соёотой арслан заанууд, өнөөдрийн жижиг соёотой зааны дээд өвөгтэй зэрэгцэн тал, хангай, говь гурван бүс нутагт бэлчиж байжээ. Эхнийх нь зүйлийн хувьд мөхсөн учир өнөөдөр нэг ч үлдсэнгүй. Харин одоо хоёр дахийнх нь нэг төрөл болох африк заан 500 мянга, нөгөө төрөл ази заан 500-гаад байна. Түүнчлэн олон сая жилийн өмнө ерөнхий нэг өвгөөс гаралтай Хомо төрлийн Сапиеус неандертал, Сапиенс сапиенс гэсэн эртний хоёр зүйлийн хүн сүрэг зэрэгцэн аж төрж өсч үржиж байжээ.

 

Өнгөрсөн хугацаанд эхнийх нь зүйлийн хувьд мөхсөн учир нэг ч үлдсэнгүй. Ташрамд хэлэхэд, Хомо нь амьтны төрөл гэдгийг, сапиенс нь энэ төрлийн оюун ухаант зүйлийг заасан нэр үг юм. Нэгэнт Сапиенс неандертал нь мөхсөн учраас хүн төрөлхтөн өөрсдийгөө дэлхий дээрх сэтгэдэг ганц матери оюун ухаант Хомосапиенс гэж цээжээ дэлдэх эрхтэй болсон.

Хүн болж төрнө гэдэг нь атга будаа цацахад зүүний үзүүр дээр ганцхан ширхэг нь тогтохтой зүйрлэдэг тайлагдашгүй хувь заяаны оньсого. Хэрвээ эцэг, эх хоёр тань өөрийг чинь бүтээсэн тэр мөчид тэгж учраагүй бол, ганц наносекундээр нааш цааш зөрсөн бол чи өнөөдөр байхгүй. Аавын тань эцэг эх мөн л наносекундээр нааш цааш зөрсөн мөчид энгэр зөрүүлсэн бол чиний эцэг энэ дэлхий дээр мэндлэхгүй. Түүнчлэн ээжийн тань эцэг эх мөн л наносекундээр нааш цааш зөрсөн мөчид учирсан бол чиний эх энэ хорвоод мэндлэхгүй. Тэгэхээр эцэг эх чинь хорвоод ирээгүй бол чи бас энд байхгүй. Цааш нь удмын гинжин хэлхээгээ хөөж бодоход өөрийн чинь өвөө, эмээ, тэдний эцэг эхүүд... бас л учирснаасаа наносекундийн зөрүүтэй агшинд энгэр зөрүүлсэн бол чи энд байхгүй гэх мэт. Эрдэнэт хүний биеийг олж хорвоод төрөх гайхалтай энэ хувь заяа ганцхан өөрт чинь бус өнөөдөр Монголчууд бидний гишгэж яваа цэцэгт ногоон газрын үргэлжлэл дээр аж төрж буй 7.3 тэрбум хомосапиенсад бүгдэд нь тохиожээ. Эрэгтэй, эмэгтэй хоёр хүний X, У хромсом нийлж хамтран ажилласны үр дүнд хүүхэд мэндлэх нь зайлшгүй, энэ бол бүгдэд ойлгомжтой. Дээр нь чамайг хомосапиенс болгож хорвоод төрүүлэх гэж ганц ч наносекундын алдаагүй хоорондоо энгэр зөрүүлсэн, чиний дээд үеийн маш олон сая хүн байгаа нь бас ойлгомжтой. Ухаалаг гар утасны тооны машин дээр бодож үзье. 

Чиний өмнөх 20 дахь үеэс өнөөдрийг хүртэлх өнгөрсөн хугацаанд чамайг төрүүлэхийн төлөө үр хүүхэдтэй болсон хүний тоо нэг сая 48576 болж байна. Түүнээс таван үе урагшлахад 33 сая 554432-д хүрнэ. Эдгээр тоог хараад өөрийг чинь бүтээх явц асар их тайлагдашгүй оньсого гэдэгт бүрэн автагдах нь лавтай. Нэгэнт чамд ийм олон сая өвөг дээдэс байгаа болохоор цаг хугацааны машинд сууж харвал эхийн таньталын хэн нэгэн хомосапиенс, эцгийн чинь талын хэн нэгэн хомосапиенстай гэр бүл болж байсан тохиолдол маш олон удаа гарсныг баталж өгнө.

 

Тиймээс өөртэй чинь ямар ч хамааралгүй мэт санагддаг, чиний огт танихгүй хүмүүсийн олонх нь холын удмын төрөл садан чинь байх нь мэдээж. Монгол Улсын 3.2 сая иргэн бид бүгдээрээ дэлхийн бусад 7.3 тэрбум хүнтэй адилхан. Өөрсдийн генээ саяхан Америкт цагдаад буудуулдаг өнгөт арьстантай, эсвэл Оросын Ерөнхийлөгч В.Путинтэй, түүнчлэн хойд урд хөршийн ямар ч иргэнтэй харьцуулахад генийн 99.99 хувь нь ижил байх болно. Ийм ижил гентэй учраас бид байгалийн нэг ТӨРӨЛ, нэг ЗҮЙЛИЙН амьтан хомосапиенс юм. Монголын анхны сансрын нисэгч нь Монгол Улсын баатар Ж.Гүррагчаа. Тэрбээр олон улсын “Союз-39” сансрын хөлгөөр Зевлөлт-Оросын нисэгч В.Жанибековын хамт 1981 оны гуравдугаар сарын 22-30-нд ниссэн. Ж.Гүррагчаа баатар сансарт байсан найман хоногийн хугацаанд дэлхийн тойрог замын “Салют-6” станц багийн бүрэлдэхүүнд ажиллаж, эрдэм шинжилгээний “Союз-Т4” цогцолборын хүрээнд нислэг хийхдээ Төрийн шагналт Н.Норовбанзад хатагтайн дуулсан Монгол төрийн уртын дуу “Уяхан замбуу тивийн наран”-ы бичлэгийг үргэлж дуурсгадаг байжээ.

 

Нарны гэрэл анх эх авсан цэгээсээ тарж гэрлийн 300000 км/секундын хурдаар манай дэлхийд ирэхдээ 8 минут 19 секунд зарцуулдаг. 1981 оны гуравдугаар сарын 22-ноос эхлэн сансар огторгуйд дууны 331 м/сек хурдаар тарж байгаа, XX зууны манлай уртын дуучин Н.Норовбанзад хатагтайн “Уяхан замбуу тивийн наран” дуу харь гарагийн оюун ухаант хомосапиенс нарт хүртлээ хэдэн их наяд гэрлийн жилийн хугацаа зарцуулах байх.

Томсгол өнцгөөр харахад “Уяхан замбуу тивийн наран” нь манай гарагийн долоон тэрбум хомосапиенс нараас харь гарагийнхны амрыг уртын дуугаар эрсэн анхны мэндчилгээ юм.

 

 

Б.Ерэнтэй

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин