Найм дахь удаагийн УИХ-ын Анхдугаар чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж байгаа билээ.

Энэ удаагийн Засгийн газрын тэргүүнээр МАН-ын бага хурлаас У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлэн танилцуулгыг Ерөнхийлөгчийн Тамгын газраас хийж, УИХ-ын Төрийн байгуулалтын хорооны санал дүгнэлтийг танилцуулсны дараа гишүүд асуулт асууж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Ганц асуулт байна. Та Ерөнхий сайдаар нэлээн хугацаанд ажиллачихлаа, одоо үргэлжлүүлэн ажиллах гэж байх шиг байна. Та нар 62 болсон гээд аархах гээд байх шиг байна. Хууль журам мөрддөг баймаар байна. Улс орон даяар юу болж байгааг мэдэхгүй байна. Орхон аймагт нэр дэвшиж байхад хууль зөрчин шийдвэр гаргаж, ажлаасаа халагдсан асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна. Намын харьяаллаас болж ажлаас халагдаад, шүүхийн шийдвэр гарсан ч ажилдаа орж чадахгүй 2-3 жил болж байгаа хоёр хүн байна. Энэ хүмүүсийг ажилд нь авах уу. Хууль хэрэгжих үү” гэсэн асуултыг асуулаа.

Үүний хариуд УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх “Монголд хууль хэрэгждэг нийгэм байх ёстой гэж ойлгож байна. Энийг л бид баталгаажуулсан. Гаргасан хууль дүрэм хэрэгжихгүй байгаа бол хэрэгжүүлэх ёстой. Хуулийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллана” гэсэн юм.

Хариултын дараа УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг -Тийм ерөнхий бөөрөнхий, лоозонгийн шинжтэй юм энэ дөрвөн жилд би дахин сонсохгүй шүү. Д.Батлут бид хоёр Орхон аймгаас сонгогдсон. Түүнийг Засаг даргаар ажиллаж байхад ажлаас гарах шийдвэр нь гарсан юм билээ. Ардчилсан намынхан бодвол дугардаг байлгүй дээ. Заавал тэр хоёр хүнийг ажилд нь авна шүү” хэмээлээ.

Гишүүд үргэлжлүүлэн асуулт асууж байна.