Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814 жил, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн үндэсний их баяр наадмын бөх, сур, шагайн харвааг 13-р зуун цогцолборт, зургаан насны морин уралдааныг Хүй долоо худагт зохион байгуулж, хүн амын төвлөрөл үүсгэхгүйгээр иргэд олон нийтэд онлайн, теле хэлбэрээр шууд дамжуулан үзүүлэхээр болсон билээ.

Энэ жилийн Үндэсний Их баяр наадмыг бүхэлд нь “Монгол наадам” контент болгон боловсруулж, Олон Улсад аялал жуулчлалын бренд бүтээгдэхүүнээр түгээн сурталчлах видео бүтээл болгож авч үлдэх юм байна. 

Хамгийн сонирхолтой нь энэхүү наадмыг зөвхөн 16 телевиз л сурважилна. Харин сонин, сайт огт сурвалжлахгүй. Энгийн иргэд ч үзэж болохгүй. Зөвхөн эрх бүхий албан тушаалтнууд л үзэх боломжтой болж байгаа юм.

 Монгол улсын засгийн газар, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам цар тахал тархаж магадгүй гээд хөл хориог  2020-07-15 хүртэл сунгасан байхад ийнхүү хэсэг бүлэг нөхдөд зориулсан наадмаа хийхээр бэлтгэсээр байгаа нь хачирхалтай.

Үзэгчгүй наадмын хамгаалалтан дээр цагдаагийн байгууллагаас ажиллаж байгаа. Хэнээс хэнийг хамгаалах нь тодорхойгүй байгаа цагдаа нар бүгд баатрын хувцас өмсөж “шившгээ дэлгэх”-ээр төлөвлөөд байгаа. Үүнээс үүдэлтэйгээр “ноёдын наадмын нохой нь хүртэл гоёх гэнэ” гэсэн яриа хүртэл гараад байгаа.  

13-р зуун цогцолбор бол Монгол улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгынх гэдгийг түмэн олон мэднэ. Тэгэхээр энэ удаагийн наадам ноёдод зориулсан наадам болж таарч байх шиг...

Өнөөдөр бол Монгол эдийн засгийн хүнд цаг үеийг туулж байгаа цаг үе. Улсын төсвийн орлого 1.2 их наяд төгрөгөөр тасарсан. Гэтэл төр улсын наадамд 3 тэрбумыг зарах шийдвэр гаргасан нь хэр оновчтой вэ? Дээрээс нь аймаг сумдууд наадмаа хийнэ. Улс орон даяар хоёр өдрийн баярын арга хэмжээнд хичнээн төгрөг зарцуулахыг таашгүй...

Бүсээ чангалах цаг үед ингээд сул тавиад ноёдын наадам хийж байгаа нь хэр зохистой үйлдэл вэ?