УИХ-ын гишүүн, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Сэлэнгэ аймагт нэр дэвшигч Ж.Эрдэнэбат нарыг шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалтын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа юм. Улмаар барьцааны 10 тэрбум төгрөгөө байршуулаагүй гэх шалтгаанаар ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Экс ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг эрүүгийн хуулийн 22.1.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. Хэрвээ гэм буруутай гэж үзэх юм бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх болно.

Бид шүүх хурлыг сурвалжилхаар шүүхийн гадаа ирэхэд Ж.Эрдэнэбатын ээж Л.Пүрэвдулам гадаа сууж байсан юм.Түүнээс хэргийн талаар тодруулахад, “Эгч нь хууль мэдэхгүй л дээ зөв буруутайг нь. Хүний эх л бол эх хүүгээ буруугүй л гэж үзнэ. Гэхдээ энэ олон Монголын урдаа барьдаг шүүгчид энэ олон хуулиа мэддэг улсууд миний хүүг буруугүй гэж хэлээд байгаа болохоор миний хүү буруугүй л гэж би бодож байна. Олон түмэн хэрвээ миний хүүг буруутай, буруу үйл хийдэг бол 17-18 сумаас ирээд ингээд өглөөний 08:00 цагаас шөнийн 20 цаг хүртэл хоолойгоо сөөтөл хонон өнжин дэмжихгүй.

Тийм болохоор үнэн ялах байхаа. Шүүгч үнэнээр нь шүүх байхаа. Яагаад гэвэл ард нь Монголын нэр төр байгаа. Зөвөөр ойлгож зөвөөр шийдэх байх гэж энэ олны сэтгэлийг түшээд сууж байна даа.” Гэв.

Бид шүүх хурлын талаар эргэж мэдээлэх болно.