“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leadership forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиуныг  урилаа.

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН АСУУДЛЫГ ГЭР БҮЛД ТӨВЛӨРҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ

 

-Манай байгууллага 2016 оноос Хүүхэд, гэр бүлийн мэдээллийн санг хөгжүүлж, ҮСХ-гоор батлуулсан хүүхдийн эрхийн 129 шалгуур үзүүлэлтийг нэгтгэн гаргаж эхэлсэн. Үүнээс хүүхэд хамгааллын чиглэлээрх 10 орчим үзүүлэлтийг салбарын хэмжээнд батлагдсан маягтын дагуу нэгтгэж, 119 үзүүлэлтийг бусад салбараас хэрэглэгчээр татаж нэгтгэдэг.  Монгол Улсад сүүлийн таван жилийн байдлаар дунджаар 75000-80000 эх амаржиж байгаа. 0-18 хүртэлх насныхан хүн амын 36.5 хувийг эзэлж байна.

 

Гэр бүл төвтэй хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлж, хүн амд үзүүлж буй нийгэм-сэтгэл зүй, хүүхэд хамгааллын үйлчилгээ ялангуяа, хүчирхийллийн хохирогч болон эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд үзүүлэх хариу үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, мэдээллийн нэгдсэн сан үүсгэх, ашиглах чадавхийг бий болгох, хүний нөөцөө чадавхижуулах чиглэлээр ажиллаж байна. 2019 онд хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад 18 үйл ажиллагаа зохион байгуулж, хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх үйлчилгээг 181890 хүүхдэд, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг 9662 хүүхдэд үзүүллээ. “Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв”-д мэдээллэх байдал сүүлийн гурван жилд тогтмол өссөн.

 

УИХ-аас 2016 онд хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн бүрэн эрхийг тодорхойлж, хүүхдийн эрхийг хангах тогтолцоог бий болгох, хүүхдийн эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулж өгсөн. Хүүхэд, гэр бүлийн хамгааллын талаарх бодлого, хууль, эрх зүйн орчин сайжирч, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдэж, тодорхой үр дүн гарч байгаа хэдий ч санаа зовоосон асуудлууд байсаар байгаа.

 

Хүний хөгжлийн анхдагч орчин, нийгмийн хөгжлийн үндсэн нэгж болсон гэр бүлийн амьдралд эцэг эх үр хүүхдээ дээдлэх, эв эеийг хичээх, эрдэм номыг шүтэх, өв уламжлалаа нандигнах соёл, зан заншил нь монгол гэр бүлийн өвөрмөц үнэт зүйл мөн боловч гэр бүлдээ хүчирхийлэл үйлдэх, хүүхдээ үл хайхрах, гэр бүл салах, хүүхэдтэй зүй бус харьцах, эцэг эхийн үүрэг хариуцлагаа ухамсарлахгүй байна. Төрөөс хууль эрх зүйн орчныг шинэчлэх, төсөв хөрөнгийг нэмэгдүүлэх шат дараалсан арга хэмжээ авч, ялангуяа, анхан болон дунд шатанд ажиллаж байгаа мэргэжилтэн, цагдаа, хамтарсан багууд тасралтгүй ажиллаж байгаа ч сөрөг үйлдэл, кейсүүд гарч байгаа.

 

Тиймээс иргэдийн амьдралын чанарыг бодитойгоор сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, хүний хөгжлийг дэмжсэн бодлогыг хэрэгжүүлэх, сум, хороонд гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтэнтэй болох, аймаг, дүүргүүдэд гэр бүлийн хөгжлийг дэмжих төвүүдийг нэмж байгуулах. Энэ чиглэлээр ажиллаж байгаа төрийн бус байгууллагуудтайгаа хамтран ажиллах хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах шаардлагатай. Өнгөрсөн тавдугаар сард хоёр дүүргийн өндөр эрсдэлтэй 20-оод өрхөөр орж, Ховд, Баянхонгор аймагт ажиллалаа. Хамтарсан баг судалгаа мэдээллээ гаргадаг, байнгын хяналтад авах өрхүүдтэйгээ харилцаа холбоотой үр дүнтэй ажиллаж байна. Энэ бүгдээс харахад гэр бүлд итгэл найдвар хүлээлгэх замаар нийгмийн хөгжлийн аливаа асуудлыг гэр бүлд төвлөрүүлж шийдвэрлэх зайлшгүй шаардлага тулгарч байна.

 

Өөрөөр хэлбэл, хүүхдийн хүмүүжил төлөвшил, залуучуудын ажил мэргэжил, ажлын байр, ахмад үеийнхний асрамж хамгаалал, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нийгэм дэх тэгш оролцоо, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэмжлэг туслалцаа гэсэн нийгмийн эрсдэл, бэрхшээлтэй бүх асуудлыг эхлээд гэр бүлийн хүрээнд шийдвэрлэх боломжоор хангах нь зүйтэй юм.

 

 

Блиц

Боловсрол:

 

-2003-2016 Төрийн удирдлагын магистр

 

Ажлын туршлага:

 

-Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоонд улс төрийн, Нарийн бичгийн дарга, гүйцэтгэх захирал, Ерөнхий нарийн бичгийн дарга 2016 оноос одоог хүртэл Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд даргын албан тушаалыг хашиж байна.

 

ХҮҮХДҮҮДИЙН 80 ХУВЬ НЬ ГЭР БҮЛИЙН ОРЧИНД ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТДӨГ

 

-Хүүхэд хамгааллын хуульд гэр бүл, боловсролын салбар, эрүүл мэндийн үйлчилгээ, хэвлэл мэдээлэл, цахим орчин, олон нийтийн арга хэмжээ, үйлчилгээн дэх хүүхэд хамгааллын асуудлыг тусган хуульчилсан. Түүнчлэн Эрүү, Зөрчлийн хуульд хүүхдийн эрх хамгаалалтай холбоотой бүлэг, зүйл заалт оруулсан ч хэрэгжилт төдийлөн хангалтгүйгээс хүүхдийн эрх зөрчигдөх явдал буурахгүй байна. Өнөөдрийн байдлаар 19 түр хамгаалах байр, 13 нэг цэгийн үйлчилгээний төв ажиллаж байна. Энэ төвүүдээр 2019 онд 0-18 хүртэлх насны 2020 хүүхдэд аюулгүй байдлын хамгаалалт, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлсэн нь  өмнөх оноос 47.5 хувиар өссөн. Энэ оны тавдугаар сарын байдлаар 537 насанд хүрэгч, 948 хүүхэд түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвөөр үйлчлүүллээ. Үйлчилгээ үзүүлсэн хүүхдүүдийн хувьд 80.2 хувь нь гэр бүлийн орчинд эцэг эх, асран хамгаалагчдын хүчирхийлэлд өртсөн байдаг.

 

Гэр бүлийн нөхцөл байдлыг судлахад архины хамааралтай, зан үйлийн өөрчлөлттэй эцэг эх, асран хамгаалагчтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, салсан, нийлсэн гэр бүлүүд 60 орчим хувийг эзэлж байгаа. Энэ бүхнээс дүгнэхэд гэр бүлийн тогтвортой бодлого, нөгөө л хүний хөгжлийн асуудлыг бид өөр түвшинд судлан гаргах шаардлагатай болжээ. Тухайлбал, архи үйлдвэрлэл, худалдаа, орон нутгаас шилжин ирж байгаа иргэдэд зориулсан хөтөлбөр, гэр бүл төлөвлөлт, гэрлэлт, өрхийн гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрийг сайжруулах,  байгууллага аж ахуйн нэгж бүр ажилтан албан хаагчдын гэр бүлийн судалгааг гаргаж, эцэг эхээр дамжуулан хүүхдийн эрхийг дэмжсэн бодлого хэрэгжүүлэх гэх мэт тусгайлан анхаарч ажиллах олон асуудлыг ярих шаардлагатай.

 

Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгаалал, Гэр бүл, Нийгмийн халамжийн хуулиар халамж, асрамжийн үйлчилгээ, үйл ажиллагаа зохицуулагддаг. Одоогоор улсын хэмжээнд 21 байгууллагын 31 халамж, асрамжийн төв үйл ажиллагаа явуулж байна.  Үүнээс  гурван төв нь улсын төсвөөс, 28 төв олон улсын болон төрийн бус байгууллага, хувь иргэний санхүүгийн эх үүсвэрээр үйл ажиллагаа явуулдаг. 2020 оны байдлаар эдгээр төвд хагас, бүтэн өнчин 0-18 насны 1032 хүүхэд, 18-аас дээш насны 37 залуу амьдарч байна.

 

Хүүхдийн халамж, асрамжийн төвийн хувилбарт үйлчилгээний стандарт шинэчлэгдэж, гэр бүлд дүйцэхүйц орчинтой байх, мөн асралт гэр бүлийн хэлбэртэй байхаар зохицуулагдсан. Улсын харьяанд байдаг “Өнөр бүл” хүүхдиийн төв, нийслэлийн сургалт хүмүүжлийн тусгай цогцолборууд өнгөрсөн жилээс гэр бүлийн хувилбарт үйлчилгээ рүү шилжсэн. Өөрөөр хэлбэл, хүүхдүүдийн амьдрах орчныг гэр бүлийн хувилбар руу шинэчилж, хүүхдүүд хоолоо хийж, хувцсаа угаадаг, ах нь дүүгээ асран халамжилдаг болсон өөрчлөлтийг хийж байгаа. Мөн хувийн зарим халамж, асрамжийн төв ч гэр бүлийн орчинтой дүйцэхүйц орчинтой болж, үйлчилгээгээ хувилбарт хэлбэрт шилжүүлсэн. Цаашид Гэр бүлийн хуулийн шинэчилсэн найруулга батлагдахаар  асралт гэр бүлийг бүртгэх, бэлтгэх, шаардлага хангасан, хүсэлтээ гаргасан гэр бүлд хүүхдийг холбон зуучлах гэсэн өөрчлөлтийг хийнэ.

 

“ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ” ӨРХӨД 24.600 ХҮҮХЭД АМЬДАРЧ БАЙНА

 

-Дэлхий нийтээр “Ковид-19” цар тахлаас үүдсэн хямрал хүүхдийн хөдөлмөрт хэрхэн нөлөөлж байгаад анхаарал хандуулан ажиллаж байна. Үндэсний статистикийн хорооны таван жил тутамд хийдэг Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаагаар судалгаанд хамрагдсан 5-17 насны 12.273 хүүхдийн 7.8 хувь буюу 957 хүүхэд нь хөдөлмөр эрхэлж байна гэсэн байдаг. Манай агентлагаас  жил бүр хүүхдийн хөдөлмөрийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдэд хүүхэд хамгааллын, нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулж байна.

 

Агентлаг, 21 аймаг, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтсүүд дээр “Хүүхэд хамгааллын мэргэжлийн анги, бүлгүүдийг байгуулан бэлэн байдлын төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.  Энэ оны гуравдугаар сард “эрсдэлийг тодорхойлох түргэвчилсэн үнэлгээ” хийлээ. Үнэлгээнд 109991 өрх хамрагдсанаас 10221 өрх эрсдэл өндөртэй, 50 мянга орчим нь хяналтад буюу цаашид хөл хорио үргэлжилбэл эрсдэлтэй бүлэг рүү шилжих магадлалтай байгаа. “Өндөр эрсдэлтэй” гэж үзсэн өрхөд 24.600 гаруй хүүхэд амьдарч байна.

 

Гуравдугаар сарын үнэлгээнд суурилан 6900 өрхөд хоёр удаагийн хоол хүнсний дэмжлэг үзүүлж,  21 аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас сум, багуудаар тойрч, хүүхдийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийг мэдээлжүүлэх, тандалт хийх чиглэлийн ажлыг явууллаа.  Зөвхөн айл өрхөөр явах биш, аж ахуйн нэгжүүдээр мэдээлэл, зөвлөмж хүргэх ажлыг хийсэн. Цахимаар 21 аймаг, нийслэл, дүүргийн хүүхэд хамгааллын мэргэжлийн анги, бүлгийг чадавхижуулах сургалтыг дөрвөн удаа зохион байгуулж, 380 гаруй мэргэжилтэн, албан хаагчид хамрагдлаа. БСШУСЯ, ЭМЯ, ХНХЯ-тай хамтран “Хүүхэд эрхэм хэрэглэгч” аянг зохион байгуулж, коронавируст “КОВИД-19”-ийн үед олон улсын байгууллагууд тодорхой хэмжээгээр дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байна.

 

ХЭВЛИЙД БАЙХААС НЬ  ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН СТРАТЕГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ

 

-Дэлхий нийтээр хүүхдийн хөгжил, төлөвшилд анхаарч, IQ чадварыг хөгжүүлэхийн сацуу EQ-г хөгжүүлж байна. Эрдэмтдийн тайлбарласнаар “өөртөө болон бусдад төрж буй мэдрэмжийг таньж, ойлгох түүнийг зохицуулах чадварыг EQ хөгжил” гэсэн байдаг. Хүүхдийн хөгжил, төлөвшил, хандлага, ур чадвар нь гэр бүлийн гишүүдийн харилцаа, багш, сурган хүмүүжүүлэгчдийн харилцаа, нийгмийн бусад хүчин зүйл нөлөөтэй.

 

Хүүхэд хүмүүжлийн олон хэв маяг байна. Насны онцлогт тохирсон арга барилаар хүүхэдтэй харилцах, дэмжих, зөв үлгэрлэх нь их ач холбогдолтой. Хүүхэд гурван наснаас эхлэн нийгэмшлийн суурь тавигдаж байдгийг эцэг эхчүүд мэдэж байх хэрэгтэй. Энэ үед нь хүүхдээ ойлгож, зөв тайлбар өгч, хүүхдээсээ залхахгүйгээр дэмжих нь чухал. Харин зургаан наснаас суралцах үйл явцад сурч эхэлдэг. Энэ үед хүүхдийн онцлог, зан байдал, хөгжлөөс хамаарч идэвхтэй эсвэл идэвхгүй байх нь хэвийн зүйл гэж эрдэмтэд зөвлөөд байгаа. Эцэг эхчүүд хүүхдээ уйгагүй дэмжиж, хөгжүүлэхээс гадна хүүхдэдээ болно, болохгүй гэдэг шаардлагыг тавихдаа зөв арга барилыг хэрэглэж, дадах хэрэгтэй. 

 

Гэр бүлийнхээ орчинд шаардлага сонсч, буруугаа ойлгож, хааяа уйлах зэрэг тавгүй мэдрэмжийг авч байгаагүй хүүхэд нийгмийн харилцаанд орохоороо бусадтай зөрчилддөг, болохгүй гэдэг үгийг сонсохоороо уурлаж, уцаарлах, өөрийгөө бусдаас тусгаарлах, өөрт төрж буй мэдрэмжээ зөвөөр илэрхийлж чадахгүй, багшийнхаа үгэнд орохгүй байх, найзуудтайгаа муудалцах гэсэн сөрөг нөлөө илэрдэг. Мөн хүүхдэдээ хэтэрхий их шаардлага тавьбал  бүтээлч сэтгэлгээ багатай, өөрт төрж буй мэдрэмжээ илэрхийлэх чадваргүй болж, үнэлэмж нь доогуур болдог гэсэн асуудал хөндөн ярьж болно.

 

Манай байгууллага гэр бүл дэх хүүхэд хамгааллыг бэхжүүлэх, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, бие махбодийн болон сэтгэл санааны шийтгэлийг бууруулахад эцэг эх, олон нийтийн эерэг хандлагыг төлөвшүүлэх зорилгоор 2018 оноос эхлэн “Хүүхэд хүмүүжлийн эерэг арга”-ыг түгээн дэлгэрүүлж, үндэсний аянг хоёр жил дараалан зохион байгууллаа. Аяны үр дүн эхнээсээ гарч, олон эцэг эх бидэнд  талархал илэрхийлж, зөвлөгөө авч, улмаар найз нөхөд, ажлын хамт олондоо сургалт захиалж эхэллээ.  Хүүхдийн EQ чадварыг хөгжүүлэх хөтөлбөрийг хүүхдийн ордон, зуслан, хүүхдийн хөгжлийн төвийн үйл ажиллагаагаар дамжуулан олгох боломжтой.

 

САЛБАР БҮР ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН БҮТЭЦ,  “ХҮҮХДИЙН ТӨСӨВ”-ТЭЙ БОЛНО

 

-Хүүхдийн бие бялдар, оюун ухаан гүйцэд төлөвшөөгүйгээс төрөхөөс өмнө болон төрсний дараа онцгой халамж, хамгаалалт, түүний дотор эрх зүйн зохих хамгаалалт зайлшгүй шаардлагатайг 1959 онд НҮБ-ын ерөнхий ассемблей онцолсон байдаг. Өөрөөр хэлбэл, хүүхэд эхийн хэвлийд бүрэлдэн бий болсон цагаас насанд хүрсэн иргэн болох бүхий л үед хүүхэд хамгааллын стратегийг хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн үг.

 

Манай улс НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцид нэгдээд 30 жил болж байна. Хүүхдийн эсэн мэнд амьдрах, хөгжих, нийгмийн амьдралд оролцох, хамгаалуулах эрхийг хангахад төрийн бүх шатны байгууллага, иргэн хуулийн этгээдийн оролцоо, хамтын ажиллагаа, үр дүнтэй төсвийн хуваарилалт, хяналтын тогтолцоо сайн байх ёстой. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлөөс байгууллага, аж ахуйн нэгжийн дэргэдэх эцэг эхийн зөвлөлийн  ажиллах зөвлөмж батлагдсан. Өнөөдрийн байдлаар бүх яам агентлаг байгууллагынхаа эцэг эхийн зөвлөлийг байгуулж, олон газарт ажилтан, албан хаагчдын хүүхдэд зориулсан амралтын болон хөгжлийн өрөө байгуулсан.

 

Албан хаагчдын хүүхдийн цэцэрлэгийн асуудлыг зарим яам шийдвэрлэсэн. Хувийн хэвшлийн зарим том байгууллага эцэг эхийн зөвлөл байгуулж, ажилтан албан хаагчдынхаа гэр бүл, хүүхдэд дэмжлэг үзүүлэх, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, хүүхдийн хоолны менютэй болох, хүн амын тодорхой зорилтот өрхүүдэд дэмжлэг үзүүлэх гэх мэтээр санаачлага гарган ажиллаж байгаа. Цаашид салбар бүр хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан бүтэц, орон тоотой болох, “хүүхдийн төсөв”-тэй байх гэсэн шийдвэрлэх асуудал олон байгаа.

 

УРАЛДААНЫ ҮЕД ХҮҮХЭД АМНЫ ХААЛТ ЗҮҮХГҮЙ

 

-Хурдан морины уралдаанч хүүхдийн хурууны хээн цахим бүртгэлийн системийг 2018 оноос 21 аймаг, нийслэлд нэвтрүүлсэн. Энэ бүртгэлийн системд уралдаанч хүүхэд, уяачдын үндсэн мэдээлэл байхаас гадна тухайн жилд уралдсан тоо, амжилт, бэртэл гэмтлийг бүртгэх, хүүхдийн сурч боловсрох, эрүүл аюулгүй орчинд амьдрах, хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр, хориглосон ажлын байр нь хүүхдийн эрхийн хэрэгжилтийг хянах, уяач болон морины эздийг хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүргийн хэрэгжилтийг газар зүйн байршил, цаг хугацаанаас үл хамааран хянах боломжийг олгож байгаагаар давуу талтай юм.

 

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны тогтоол гарсантай холбогдуулан хурдан морины уралдааны үед хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангаж ажиллах чиглэл, улирдамжийг баталж, 21 аймаг, нийслэлд өгч, цахим сургалт зохион байгуулсан.  “Коронавируст халдвар /КОВИД-19/-ийн цар тахлын үед үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах түр журам”-ыг мөрдөж, хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр хүүхэд бүрийг онлайн болон офлайн горим дээр хурууны хээгээр бүртгэж, бүртгэлийн цахим карт олгоно.

 

Энэ жил цар тахал гарсантай холбогдуулан хүүхдийг төхөөрөмж дээр хянахгүй, картаар хянана. Хамгаалалтын хувцас хэрэгсэл өмсөөгүй, картгүй ирсэн, бүртгүүлээгүй хүүхдийг гараанд гаргахгүй. Мөн уралдааны үед хүүхэд амны хаалт хэрэглэхгүй. Харин гарааны хяналт, морины үүлдэрлэг байдлыг шалгах, шүдлэх үед амны хаалт зүүх ёстой.  Хүй долоон худагт хурдан морины уралдаанч хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, хяналт тавих ажлыг нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хариуцаж ажиллана.

 

 

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин