Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдаар улиран томилогдоод байгаа У.Хүрэлсүх танхимаа бүрдүүллээ. Тэрээр шинэ Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхийнхээ дагуу Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнээ анхдугаар чуулганд танилцуулсан бол өчигдөр танхимд ажиллах сайд нарынхаа нэрийг тодрууллаа.

Засгийн газар  Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон асуудал эрхэлсэн 14 яам нийт 17 сайдтай ажиллахаар болсон. Тэгвэл  МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр үдээс хойш Төрийн ордонд хуралдаж сайд нарынхаа нэрийг тогтжээ. Засгийн газрын бүрэлдэхүүнд Соёлын яамыг шинээр нэмсэн бол сайд нарын цөөнгүй нь шинэ хүмүүс орж ирэв. Шинэ сайд нар өнөөдөр  томилогдож, баасан гаригт тангараг өргөхөөр болжээ. Энэ удаагийн Засгийн газарт гурван эмэгтэй сайд ажиллах бол ерөнхий чиг үүргийн яамдад “давхар” дээлтэй ажиллах сайдуудаар БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ХДХЯ-ны сайд Х.Нямбаатар нар ажиллахаар болж байна.

МАН-ын Удирдах зөвлөлөөс санал болгож буй сайд нарыг танилцуулж байна.

-Шадар сайд Я.Содбаатар  /УИХ-ын гишүүн асан/

-ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ /ЗГХЭГ-ын дарга асан, УИХ-ын гишүүн/

-Байгаль орчин, аялал жуулчлалын яам Д.Сарангэрэл /Эрүүл мэндийн сайд асан, УИХ-ын гишүүн/

-Сангийн яам Ч.Хүрэлбаатар /Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн/

-Хууль зүй, дотоод хэргийн яам Х.Нямбаатар /УИХ-ын гишүүн/

-Эрчим хүчний сайдад нэр дэвшээд байгаа Н.Тавинбэх эрчим хүчний салбарт мастераас эхлэн гүйцэтгэх захирлын алба хашиж, Багануур дүүргийн захирагчаар ажиллаж байжээ.

-Батлан хамгаалахын сайдад нэр дэвшсэн бригадын генерал Г.Сайханбаяр гадаадад сургуульд төгсч ирээд салбартаа ажилласан мэргэжлийн хүн.  Зэвсэгт хүчний жанжин штаб, Батлан хамгаалах яаманд ажиллаж байна.

-Засгийн газрын бүтцэд шинээр орж буй Соёлын яамны сайдаар шинжлэх ухааны доктор, академич, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан С.Чулуун нэр дэвшлээ.

-Эрүүл мэндийн сайдад нэр дэвшиж буй Б.Цогтбаатар Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан, АШУИС-ийг хүний их эмчээр төгсөж, мэргэжлээрээ АНУ-д магистр, Канад улсад докторын зэрэг хамгаалсан юм байна.

-Гадаад харилцааны сайдад нэр дэвшээд байгаа Н.Энхтайван МУИС-д эдийн засгийн магистр, АНУ-ын Стрэйерийн их сургуульд бизнесийн удирдлагын магистр хамгаалсан. ГХЯ-нд мэргэжилтэн, атташе, Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын хариуцлагатай нарийн бичгийн дарга, ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал зэргээр ихэвчлэн Гадаад харилцааны яаманд ажиллаж байгаад лөх, 2016 оноос УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны даргаар томилогдож байв.

-Зам тээврийн хөгжлийн сайдад нэр дэвшээд байгаа  Л.Халтар  ОХУ-д Төмөр замын ашиглалтын инженер мэргэжлээр, Эрхүү хотод Зам харилцааны чиглэлээр докторын зэрэг хамгаалсан. УБТЗ-ын Удирдах газраас ажлын гараагаа эхлүүлж,  УБТЗ-д Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан дарга, Зам, тээврийн хөгжлийн дэд сайдын алба хашиж байсан.

-БСШУ-ын сайдад нэр дэвшиж буй Л.Цэдэвсүрэн Боловсролын яаманд мэргэжилтнээс эхлэн газрын дарга, Төрийн нарийн бичгийн дарга хүртэл алба хашсан байна.

-Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад нэр дэвшээд байгаа А.Ариунзаяа Үндэсний статистикийн хорооны даргаар ажиллаж байв.

-ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшсэн З.Мэндсайхан Сангийн яам, Эрчим хүчний яамны Төрийн Нарийн Бичгийн дарга, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын албан тушаалыг хашиж байжээ.

-Барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшээд байгаа Б.Мөнхбаатар Баянзүрх дүүргийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагчийн орлогч, Эрдэнэс Оюутолгой ХХК-ийн Гүйцэтгэх захирал болон Оюу толгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр тус тус ажиллаж байжээ.

-Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайдад нэр дэвшээд байгаа  Г.Ёндон “Монголросцветмент” компанийн Заамар дахь алтны үйлдвэрийн даргаар ажиллаж байсан. Уул уурхайн салбарт 30 гаруй жил ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин