Б.М нь Хөвсгөл аймгийн “Дулааны станц” ТӨХК-ийн захирлаар ажиллаж байхдаа өөрийн эзэмшлийн Ланд круйзэр 200 маркийн 84-70 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн эхнэр Б.Соёл-Эрдэнийн дүүгийн хүүхэд болох Оюун-Эрдэнийн Баярмаагийн “Хөх сээг” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн байна. Улмаар  

  • тус компанийн захирал О.Баярмаатай 1 сарын 1.000.000 төгрөгөөр түрээслүүлсэн мэтээр хуурамч гэрээ байгуулан “Хөвсгөл Дулааны станц” ТӨХК-иас 2018 оны 03 дугаар сарын 26, 2018 оны 04 дүгээр сарын 03, 2018 оны 05 дугаар сарын 01, 07, 29, 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрүүдэд тус бүр 1.000.000 төгрөг, нийт түрээсийн төлбөрт 6.000.000 төгрөг
  • Түрээсийн хугацаанд уг тээврийн хэрэгслийн шатахуунд 3.285.498 төгрөгийг гаргуулан авсан
  • Ажиллаж байх хугацаандаа Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэргүйгээр өөртөө 2017 оны 12 дугаар сард 40 хувь буюу 520.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сард 29 хувь буюу 351.000 төгрөг, 2018 оны 03 дугаар сард 28 хувь буюу 364.000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сард 25 хувь буюу 325.000 төгрөг, 2018 оны 05 дугаар сард 27 хувь буюу 351.000 төгрөг, 2018 оны 06 дугаар сард 27 хувь буюу 351.000 төгрөг, нийт 2.262.000 төгрөгийн урамшуулал авсан зэргээр өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргүүдийг үйлдсэн байна.

Түүний энэ хэрэгт Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1938001950159 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Тэрбээр энэ хэргээ мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрсөн. Тодруулбал, Б.М: “...Урамшуулал авч байгаа нь эрчим хүчний хамтын хэлэлцээрийн дагуу ажиллаж байх хугацаандаа 1.500.000 төгрөгний урамшуулал авсан нь захирал, нягтлан бодогч, эдийн засагч гэсэн удирдах ажилтнууд ажилчдын дундажаар урамшуулал авах эрхтэй гэж эрчим хүчний хамтын хэлэлцээрт заасан байдаг. Би урамшуулал өгч авахдаа Хөвсгөл дулааны станц ТӨХК-ний захирлын зөвлөлийн хурлаар 5 хүний бүрэлдэхүүнтэй хэлэлцээд надад урамшуулал олгохоор шийдвэр гарсан. Нийт урамшуулал нь үндсэн цалингийн 40 хувиас хэтрэхгүй гэж заасан байдаг. Ланд круйзер 200 маркийн 84-70 ХӨҮ улсын дугаартай машиныг Хөх сээг ХХК-ний захирал О.Баярмаагаас 1 сарын 1.000.000 төгрөг өгөхөөр гэрээ байгуулж Хөх сээг ХХК-д 6.000.000 төгрөг шилжүүлсэн...Уг түрээсийн мөнгийг Баярмаатай хамт Хас банкинд очиж авдаг байсан. Энэ мөнгийг аваад түрээсэлж байсан 84-70 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сэлбэг авах зэргээр уг машинд зарцуулдаг байсан...Манай байгууллагад машин хэрэгтэй байсан би занг нь мэдэхийн гээд өөрийнхөө машиныг түрээсэлсэн нь буруу байсан...Хууль зөрчиж буруутай үйл ажиллагаа хийснээ хүлээн зөвшөөрч байна…” гэжээ.

Үүнээс гадна хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар энэ хэрэг нь  нотлогджээ. Тиймээс Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, Б.М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, 61 настай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна гэж үзсэн.Улмаар  гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5.500 /таван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.500.000 /таван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна.