Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэг нь Эрүүл мэндийн яаманд 10.000 ширхэг амны хаалт хандивлан “Ковид-19”-н тархалтаас урьдчилан сэргийлэхэд туслалцаа үзүүлжээ.

Энэ сарын 8-ны өдөр Бурханы сүмийн итгэгчид өөрсдийн гараар хийсэн 5000 ширхэг даавуун амны хаалт болон нэг удаагийн хэрэглээний 5000 ширхэг маск, нийт 10.000 ширхэг амны хаалтыг Эрүүл мэндийн яамны холбогдох албаныханд гардуулж өгсөн байна. 

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ: “Дэлхий нийтээрээ хүнд хэцүү байгаа энэ үед улс нийгмийнхээ төлөө сайн дурын ажилд манлайлж Бурханы сүмийнхэн халдварт өвчний үед хамгийн их хэрэглэгддэг маск хандивлаж байгаад чин сэтгэлээсээ талархсанаа илэрхийлье. Энэ үеийг бүгд сэтгэл нэгдэж хүчтэй байж даван туулах учиртай. Та бүхэн ч бас бидэнтэй хүчээ нэгтгэж байгаад маш их баярлалаа” хэмээн баяртайгаар хүлээн авлаа.

Маск хандивлах үед ХӨСҮТ-н ерөнхий захирал Д.Нямхүү, ЭМЯ-ны ОНХТШУХ-н дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-н тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа болон Бурханы сүмийн удирдлага, итгэгч нарын хамт гардуулан өглөө.

Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэг нь хандивын аян өрнүүлэхээс гадна цусны донорын хөдөлгөөнийг жил бүр өрнүүлэн “Алгасал баяр”-н хайр дамжуулах олон сайн дурын тусламжын ажлыг хөрш, нийгэмдээ үзүүлж нийгэмд гэрэл түгээхээр хичээж байгаа хамт олон юм.

Бурханы сүмийн холбогдох хүн хэлэхдээ “Өнгөрсөн хугацаанд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тэргүүн шугамд тэмцэж явсан хүмүүсийн нөр их зүтгэлд чин сэтгэлээсээ талархаж байна. Үндэсний хэмжээний хямрал болж байгаа энэ цагт бид өчүүхэн ч болтугай туслалцаа үзүүлэхсэн гэсэндээ итгэгчид маань сэтгэлээ нэгтгэсэн юм. Энд олон итгэгчдийн маань сэтгэлийн хандив нэгдсэн бөгөөд гараар хийсэн даавуун маск болон нэг удаагийн хэрэглээний 10000 маск нь хүнд хэцүү цагт жаахан ч гэсэн нэмэр болох байх гэж найдаж байна. Хүн амын дийлэнх хувь нь Улаанбаатар хотод төвлөрдөг, хүм амын нягтаршилт ихтэй болохоор халдвараас урьдчилан сэргийлэхэд хэрэгтэй гэсэн утгаар амны хаалт хандивлах болсон. Ковид 19-н хямралыг даван гарах тэр өдрийг хүртэл бүх иргэд маань эсэн мэнд, эрүүл саруул амьдраасай” хэмээн хэлсэн юм.