Монголын нийгмийн өнгөрсөн 30 жилийн замналын 4 дэх үе эхлээд хэдийгээр гуравхан жил өнгөрч байгаа ч түүнийг гол онцлогуудыг дорхи байдлаар томьёолж болно гэж зохиогч үзжээ. Эхлээд эергээс нь нэрлэхэд:

-Монголын улс төрийн нэг гол бүрдэл болох МАН-ын удирдлагын дотор намаа цэвэрлэхийн төлөө байр суурьтай хэсэг нь давамгайлж, 2012 оноос нийгмийн анхаарлыг татаж байсан ”60 тэрбумын хэрэг” гэгчийг хүлээн зөвшөөрч, хэргийн эздийг илчлэн нам дагасан мафиоз бүлэглэлд цохилт өгч, хуулийн дагуу шийдэх нөхцөл бүрдсэн;

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг өмнөх төрийн үед нэгэнт шийдэж, явцууруулсан хүрээн дотор авч үзсэн боловч төрийн далд эргэлт хийхийг горилсон олигархиудын мафиоз бүлэглэлийн явуулгыг няцааж, үндэсний өв баялгийн эзэмшилт, түүний үр өгөөж ард түмэндээ шударга хүртээлтэй байх зарчмуудыг тогтоосон;

-Төрийн өндөр эрх мэдэлтнүүдийн тангаргийн хариуцлагыг томьёолж, төрийн алба тогтвортой ажиллахад чиглэсэн эрх зүйн орчныг сайжруулсан;

-Шүүх, прокурор, Авилгатай тэмцэх газрын дээд удирдлагын дархлааг оновчтой хязгаартай болгож, Эрүүгийн хуульд шигтгэсэн луйварчид ял завших нүхийг хааснаар олон түмний хурц бухимдлыг төрүүлж байсан дээдэст хууль үйлчилдэггүй шударга бус, тэгш бус байдлыг өөрчлөх чухал алхам хийсэн;

 

 

 

-Хууль бус үйл ажиллагаа нь даварч элдэв зальхай хуйвалдаанаар эрдэс баялгийн нөөцийг эзэмшиж байгаль орчныг хөнөөн хорлож байсан 146 уул уурхайн компаний үйл ажиллагааг зогсоож, уул уурхайн салбарт ноёрхсон олигархиудад “төрийн нударга” амсуулсан;

 

 

 

-Монголын уул уурхайн үйлдвэрийн сор болсон “Эрдэнэт” үйлдвэрийн хувь заяаг хууль, шударга ёсны зарчимд нийцүүлэн шийдвэрлэж, мафиоз бүлэглэлийн санаархлыг таслан зогсоосон;

-Оюутолгойн хөрөнгө оруулалтын талаар бүтэн 10 жил үргэлжилсэн маргаанд улс үндэснийхээ эрх ашгийн үүднээс оновчтой хариу өгч, уг гэрээ, түүний нэмэлт нь Монголын эрх ашгийг хохироосныг төрийн эрх барих дээд байгууллагын түвшинд хүлээн зөвшөөрч, нийгмийн санал үнэлэлт нэгдсэнээр улс нийгэмд хагарал үүсэж, хооронд нь тэмцэлдүүлэн завсарт нь завшдаг шинэ колоничлолын хорт явуулгын замыг нэг удаа хаасан;

-Түүхий эдийнхээ үнэт баялаг болсон газрын тос боловсруулах үйлдвэр барих ажлыг эхлүүлж, зэсийн үйлдвэр байгуулах шийдвэр гаргаж, талбайн сонголт хийснээр төрийн эдийн засгийн бодлого үр ашигтай зорилтот хөтөлбөрүүдээр хэрэгжих зарчмын эхлэлийг тавьсан;

-Тэтгэврийн зээлийг (6 сая хүртэл) нэг удаа тэглэх шийдвэр гаргасан. Үүнийг олон өнцгөөс харж хэлж ярьж байгаа боловч нийгмийн эмзэг давхарга болох өндөр настны бүлгийг мөнгө хүүлэгч капиталын хүйтэн савар, дарамтаас чөлөөлөх алхам мөн гэж үзвэл үндэсний аюулгүй байдлын нэн хурц зангилаа тайлагдаж байгаа;

-Сүүлийн хориод жилийн түүхэнд анх удаа тохиолдож буй, Монголын төрийн дээд удирдлага “гар нийлэн” ажиллаж байгааг Ерөнхийлөгч шинэ жилийг тохиолдуулан зарласан   зэрэг болно гэжээ.

Монгол орны амьдралын өнөөгийн үе шатанд илэрч буй эдгээр эерэг үзэгдэл нь хэдийгээр түүхийн салхины зөв чиглэлд нийцэж байгаа ч гэсэн олон жил архагшин царцаж гүнзгийрч байгаа нийгмийн гажуудлын уг үндсийг олигтой хөндөж чадаагүй байгааг зайлшгүй анхаарах шаардлагатайг зохиогч анхааруулаад, түүнийгээ дорхи байдлаар томьёолжээ. Үүнд:

-Олигархи бүлэглэлийн засаглалыг төрүүлэгч улс төр, эрх зүйн тогтолцоо хөндөгдөөгүй хэвээрээ байна;

-Олигархи засаглал, мөнгөөр худалдагдсан намуудаар дамжиж хэмжээлшгүй эрх мэдэлд хүрч, онцгой дархлаатай болж, ямар ч хяналтгүй болсон нэг танхимтай УИХ хэвээрээ байгаа;

-Энэ гажуудлыг өөрчлөх торгон боломж олгосон Үндсэн хуулийн өөрчлөлтийн явцад УИХ-д суудалтай намууд ч, төрийн эрх баригч эрхмүүд ч уг асуудлыг хөндөхөөс улайм цайм нүүр буруулж зугатаасан (Нийгэмд үүссэн зөрчлийн гол шалтгаан нь эрх мэдлийн тэнцвэргүй байдлаас үүдэлтэй хэмээн үүнийгээ тайлбарлаж олон түмнийг төөрөгдүүлэн мунхруулж далдалсан);

 

 

 

-УИХ-ын гишүүд, сайд дарга нар эрх мэдлээ ашиглаж иргэдийн боломжийг булааж ЖДҮС-гаас их хэмжээний зээлийг гуравхан хувийн хүүтэйгээр зээлж авсан нь илэрч нийгмийг бухимдуулсан ч УИХ тэднийг хаацайлан хамгаалж авч үлдсэнээр авилга, шударга бус ёс, төрийн ялзралыг нийгмийн амьдралын хэвийн хэм хэмжээ болгож хувиргасан;

 

 

 

-Төрийн албаны эрх мэдэл, УИХ-д нэр дэвших эрхийг мөнгөөр худалдан авч бизнес хийдэг, хуурамч амлалт, мөнгө, өглөгөөр сонгогчдын саналыг авч амташсан Сонгуулийн тухай хуулийн гол утга агуулгыг өөрчилж чадалгүйгээр үргэлжлүүлэн өвлөж аваад 2020 оны УИХ-ын сонгуульд орж байгаа;

-Улс орны эдийн засгийг олигархиуд, гадаадын луйварчдын ашиг сонирхолд захируулан баялгийн тэгш бус хуваарилалтад хүргэж буй төрийн бодлого, эрх зүйн орчин хадгалагдан үлдэж байгаа;

-Энэ бүхэн нь дэлхий нийтэд бодитойгоор нүүрлэж буй эдийн засгийн сөргөлдөөн, хямралын нөлөөн дор Монголын эдийн засаг сөхрөх сөрөх чадваргүй байгаа   зэргийг онцлон анхааруулжээ.

Доктор Д.Бямбасүрэн Монгол төрийн гучин жилийн ээдрээтэй замналыг ийн үндсэн 4 хэсэгт хуваан авч үнэлэлт дүгнэлт өгөхдөө эхлэл ба өрнөлт гэсэн нэмэлт мэдээллээр баяжуулсныг өмнө товч дурдсан. Эцэст нь “Өрнөлтийн төгсгөл” хэмээх гарчгийг бас дагалдуулжээ. Түүндээ өнгөрсөн гучин жилийн үр дүнгийн талаарх үнэлэлт дүгнэлт янз бүр байх  нь жам ёсны боловч хамгийн гол нэг асуултад өгөх хариулт нь үндсэндээ адилхан байна гээд тэрхүү асуулт бол “Монголын нийгмийн амьдралын одоогийн төлөв байдал 30 жилийн өмнөөс түмэн бэрх сорилтыг давж, зорьж тэмүүлсэн нийгмийн тогтолцоо мөн үү?”  гэсэн утгатай байх болно. Монголчуудын олонхи нь “биш” гэж хариулах бизээ. Ингэж хариулахын үндэслэл нь олон талтай бөгөөд тодорхой юм гээд монголчууд бид:

-Нийгмийн баялгийн ¾ нь цөөн олигархиудын гарт орж, хүн амын 28 хувь (2018) нь амьдралын баталгаажих түвшинээс ч доогуур ядуу амьдрахыг хүсээгүй.

-Төрөө хүсэл зоригоороо сонгож байгуулан хувь заяаныхаа жолоог гартаа авах эрхийг нь мөнгөөр худалдаж, Монголын төр нам дамнасан олигархи бүлэглэлийн дураар авирлах зэвсэг болгохыг хүсээгүй.

 

 

 

-Монгол Улсыг гадаад “өрийн эргүүлэг”-т буюу “өрийн нүх”-нд унагаж ирээдүй хойч үеийнхээ амьдралыг олигархиудын өрийн барьцаанд тавихыг хүсээгүй.

-Монголын төр авилгад идэгдэн ялзарч, эрх мэдэлтнүүд өөрсөддөө зориулан баталсан хуулиар халхавчлан нийгмийн шударга ёс хөсөрдөхийг хүсээгүй.

 

 

 

-Зуунаас зууныг дамжин хадгалж хамгаалж ирсэн төрөлх нутаг, уул усаа хуулийг уландаа гишгэсэн, баялагт шунасан луйварчдаар хорлон сүйтгүүлэхийг хүсээгүй.

-Орь залуу оюутнуудаас эхлээд өндөр настан өтгөс хүртэл мөнгө хүүлэгчдийн хүйтэн саварт атгуулж, монгол хүний амьдралын утга учир нь өр дарж, мөлжүүлэн цусаа соруулах зовлон болохыг хүсээгүй.

 

-Улс орны тусгаар тогтнол, бүрэн эрх нэрийн төдий үлдэж, шинэ колоничлогчдын  торонд орж, харийн хавсарга дагуул болохыг хүсээгүй.

-Үлэмж их баялагтай хэрнээ хоцрогдлын хонхроос гарч чадахгүй, “ардчилал”-ын багаар гоёж гангалсан Дэлхийн гуйлгачин болж амьдрахыг хүсээгүй.

-Ядуу дорой амьдрал, шударга бус нийгмээс зугтаж, хөдөлмөрийн чадвар, мэдлэг боловсролтой, эрүүл саруул залуучууд нь үй олноороо төрийн нүүрэн дээр, төрж өссөн нутагтаа гадныханд “малиндуулан” байж эх орноосоо дайжихыг хүсээгүй гэж Д.Бямбасүрэн өөрийн тавьсан асуултад өөрөө эдгээр хариултыг өгөөд монголчуудын хүсээгүй энэ бүх шинжийг агуулж байгаа одоогийн нийгэм нь Үндсэн хуулиараа тунхагласан хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм (ХИАН) биш гэдгийг эрүүл сэтгэдэг эгэл иргэд мартахгүй гэж бодож байна.

Харин эрх баригчид маань “ХИАН” гэдэг бол монголчуудыг мунхруулж мэхлэхийн тулд “олигархиудын зэрлэг капитализм”-д өмсгөж гоёсон хуурамч баг байсан юм. Итгэсэн хохь чинь гэж мурихгүй байгаасай  хэмээн гашуунаар ёжилжээ. Миний санахад ёжлох бүр багадна. Алгадаж айлгаад ч нэмэргүй. Арилгаж цэвэрлэхээс өөр гарц байхгүй. Ямар замаар вэ гэдэгт л асуултын гол нь оршино гэж бодож байна.

Зохиогч “Өрнөлтийн төгсгөл” дээрээ залгуулаад “Тайлал” гэсэн нэг гарчиг нэмж бичжээ. Үндсэн хуульд тунхагласан үндсэн үзэл санаанаасаа мурийж хазайж зэрлэг капитализмд хальтран орсны учир шалтгааныг уудлан илчилж зөв оношилгоо тавихад уг хэсэг чиглэгджээ. Монгол дахь нийгмийн гажуудлын уг үндсийг өөрсдөөсөө эрж хайх нь илүү оновчтой гэж тэр үзсэн байна. “Төр үл мэдэх түшмэдийн засаглал уулнаас хүнд” хэмээн Хубилай хааны “Арван буянт номын цагаан түүх”-д номносны үнэн гэдэг нь Монгол Улсын өнөөдрийн амьдралаар нотлогдож байна гэж зохиогч сануулаад үүнийгээ УИХ-ын 76 гишүүний 2 нь хүчин, хүн амины хэрэгт сэжиглэгдэн огцорч, 49 нь төрийн сангаас завшсан хэрэгт орооцолдоод сууж байгаагаас харахад манай улс төрийн удирдагчид хэн болохыг оношлоход төвөггүй гэжээ. Засгийн эрхийг баригчид, нийгэм-улстөрийн зүтгэлтнүүдийн үйл хэргийг ард түмэн түүхэнд үлдэх үйлс бүтээл, ул мөрөөр нь тодорхойлдог гэж өгүүллийг зохиогч тэмдэглээд нэгдүгээрт, сүүлийн 20 шахам жилийн гажуудлын нэг гол эх сурвалж нь манай улс төрийн цөөнгүй удирдагчдад чухамхүү дээрх чанар дутаж байгаад оршино.  2007 оноос өнөөг хүртэл үргэлжлүүлж буй эдийн засгийн хямрал ч ийм үндэстэй. 2015-2020 оны хооронд үргэлжилж сунжирсан Үндсэн хуулийн өрөөсгөл өөрчлөлт ч мөн ийм л үндэстэй.

ХХ зууны эхэн үед манай удирдагчдын цөм нь “КУТВ”-д суралцаж социализм байгуулах онол үзэлд суралцаж, түүнийгээ хэрэгжүүлэгчид байсан бол ХХI зууны эхэн үед далайн цаадах “КУРС”-т суралцан капитализмын цагаан толгойд тайлагдаж төрийн өндөрлөгт зүтгэлэн гарч ирэгсэд өнөөдөр зэрлэг капитализмыг бүтээн байгуулж байна гэжээ.

 

Үргэлжлэл бий.

 

 

Тугалхүүгийн Баасансүрэн 

Доктор, профессор