Өнгөрөгч амралтын өдөр буюу долдугаар сарын 18-19-нд шилжих шөнө Хөвсгөл аймгаас хот руу буцаж явсан хүмүүс асран хамгаалагчгүй хоёр хүүхэд хээр төөрсөн байхад нь таарчээ. Тодруулбал, шөнийн 23-24 цагийн үед Булганы Бүрэгхангай сумын нутгаас хүүхдүүдийг олсон бөгөөд айж, түгшсэн байдалтай байсан аж.

Улмаар хүүхдүүдийг машиндаа суулгаад явах замд хэсэг хүмүүс хүрээлэн буусантай тааралдахад хүүхдүүдийн гэр бүлийн хүмүүс байжээ. Тэд өмнөх буудлаасаа хөдлөхдөө хоёр хүүхдээ орхиод явснаа мэдээгүй бөгөөд тухайн хүмүүс, хүүхдүүдийг хүргэж ирэхэд л сая хээр орхиод явснаа мэдсэн нь энэ аж. Тухайн хүмүүс гэр бүлээрээ, хамаатан саднаараа таван машинтай явсан бөгөөд нэг, нэгэндээ найдсанаас ийм явдал болсон гэв.

Иймд эцэг эхчүүд хөдөө хээр аяллаар явахдаа бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сулруулахгүй байх, хамт явсан гишүүн тус бүрийг бүртгэсний дараа хөдлөхийг сэрэмжлүүлж байна.