Ардчиллын удирдагч  С.Зориг алуурчдын гарт  амиа алдсанаас хойш 22 жил өнгөрчээ. Аймшигт хэргийг  илрүүлж чадалгүй манай улс  22 жилийг үдэж байна. “Хэргийг илрүүлсэн шүү дээ” гэж маргах хүн бараг  гарахгүй болов уу.

Учир нь уг аллагаас хойшхи 17 дахь  намар “Гүйцэтгэгчийг олчихлоо” хэмээн зарлаж гурван хүнийг баривчлан 24-25 жилийн ял өгч шорон руу илгээсэн нь  шүүхийн шатанд маргаантай явж ирсэн.  Хавтаст хэрэгт “Оюунаа, Батаа” хэмээн тэмдэглэгдэж, хожмын өдөр ам зурагтай таарч, улмаар аллагын гэмт  хэрэгтэн болсон  Б.Содномдаржаа, Б.Чимгээ нар  анхнаасаа л “Хилс хэрэг тулган эрүүдэн шүүж  хэлмэгдүүлэх гэж  байна” хэмээн мэдэгдэж байсан. Гэсэн ч шүүх бүрэлдэхүүн “Улсын нууцад хамааралтай”  хэмээн өмгөөлөгчдийн  амыг нь “барьж” хаалттай хуралдаад  хаалттай хорих  анги руу илгээсэн.

Үүний дараа  шорон дотор хүний эрх зөрчигдөж байгаа тухай, эрүү шүүлт явагдаж байна гэх шүүмжлэл хэвлэлээр үргэлжилсэн. Тэгвэл эрүүдэн шүүсэн бичлэг ил болсны дараа Хууль зүй, дотоод хэргийн сайдаас өгсүүлээд УИХ-ын гишүүн, хүний эрхийн хуульчид байр сууриа хүчтэй илэрхийлж  байв.

Тодруулбал, Ц.Нямдорж  “С.Зоригийн амь нас хохирсон хэрэгтэй холбогдуулан эрүүдэн шүүлт явагдсан. Тэр эмэгтэйтэй ч уулзсан. Өчигдөр эмнэлэгт хэвтүүлсэн. Миний чадах юм энэ. Цаашид эмнэлэгт хэвтүүлж байгаад гаргана гэж бодож байгаа. Би ХЗДХ-ийн сайдын хувиар тэр гурван хүний ар гэрээс уучлал гуйж байна. Цаашлаад хариуцлагагүй шалгасан, шүүсэн хүмүүсийн асуудал яригдана. Энэ хол явах асуудал шүү. Эрүүдэн шүүсэнтэй холбогдолтой асуудлыг 2-3 жил судалсан. Туйлын ноцтойгоор эрүүдэн шүүсэн нь үнэн, бичлэг нь байгаа. Аль улсын нутаг дэвсгэрт амьдарч, аль улсын Ерөнхий шүүгч, хуулийн ажилтнууд ажиллаж байгаа юм ингэж 1937 оныг сэргээж болдог юм уу. Би баримтгүй зүйл ярихгүй.  Хууль номын дагуу ажилла гэсэн болохоос биш,  дуртай болгоноо хийж бай гэж шүүгч нарыг томилоогүй.  Миний ганц зорьж байгаа зүйл бол гурван хөгшнийг амьдад нь хүүхдүүд нь алуурчин биш байсан гэдгийг л мэдүүлэх юмсан гэж зүтгэж байна. Би энэ хэргийг хөөцөлдөөд хоёр жил зургаан сар өнгөрлөө. Маш их хугацаа алдаж байна. Хэлмэгдсэн хоёр иргэнийг цагаатгах талаар хурдан хуралдаж, шийдвэрлэх хэрэгтэй. Бүгд шалгагдах ёстой. Энэ бүх ажиллагааг зохион байгуулсан хүн нь Г.Эрдэнэбат, Б.Хурц хоёр”  /2019 он/.

Тухайн үед УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Ж.Батзандан  “Монголын хууль хяналтын байгууллага яргын машин болсныг батлах УИХ-ын гишүүд С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн мөрдөн байцаалтын материал, бичлэгтэй танилцлаа. Монгол залууд хэрэг тохохын тулд жорлонгийн баастай, шээстэй усыг толгой дээр нь асгаж байхыг харлаа. Ийм аймшигтай гэмт хэргийг зориуд зохиомол хэрэг үүсгэж С.Зоригийн хэргийг хаах зорилготой ажилласан прокурор, мөрдөн байцаагч, тагнуу­лын ажилтныг үтэр түргэн өөрчлөх ёстой” /2019 он/.

УИХ-ын гишүүн асан Л.Болд “ Б.Хурц нарын есөн  хүний шүүх хуралд миний бие оролцоно. Эрүү шүүлтийн улмаас хэрэг хүлээж, ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг яаралтай суллах хэрэгтэй гэдэгт хатуу зогсоно. Мөн УИХ-ын таван гишүүн нэгдэж, томоохон 23 хэргийг шалгуулахаар УЕП-т хүсэлт хүргүүлсэн. Эдгээр хэргийн шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтийг хуулийн байгууллагад хүргүүлсэн” /2020  он/  хэмээн хэлж байв.

Хууль хяналтын байгууллагууд ч  ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын нэр бүхий есөн хүнийг гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчсөн, эрүү шүүлт тулгасан гэсэн  хоёр үндэслэлээр шалгаж эхэлсэн байдаг. Мөрдөн шалгах ажиллагаа сүүлийн гурван жил тойрсны эцэст прокурорт очиж, тэндээсээ яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснээр  шүүх хуралдааныг  эхлүүлээд байсан  юм. Шүүх хуралд эрүүдэн шүүсэн гэх хэргийн   гүйцэтгэгч Ц.Амгаланбаатарыг хохирогч нарын  өмгөөлөгчдийн шүүхэд гаргасан  хүсэлтийн дагуу  оролцуулсан. Мөн С.Зориг агсны эхнэр Б.Булган өмгөөлөгчийн хамт шүүх хуралд оролцсон юм.

Тэгвэл уг хэргийг шүүж байгаа Төв аймгийн Сум дундын  анхан шатны шүүхийн явцаас харахад дээрх есөн хүн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн нь үнэн болохыг урьдчилсан байдлаар тогтоогоод байна. Хэрэв эрүүдэн шүүсэн гэдэг нь тогтоогдсон бол хилсээр хэрэг хүлээлгэсэн гэдэг нь ч батлагдаж байгаа гэсэн үг юм.

Үүнтэй зэрэгцэн нэг асуулт бий болж байна. Эрүүдэн шүүсэн хэрэгт  Б.Хурц тэргүүтэй есөн хүн ял шийтгүүлж байгаа юм бол эрүү шүүлтээр хэрэг хүлээсэн  Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар суллагдах  болов уу.

Дугаар шилжих мөчид ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын нэр бүхий есөн хүнийг шүүх хурал үргэлжилж байв.

 

 

Ч.Зотол

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин