Цалин аваад байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг. Цалин буудаг хугацаа улам л уртсаад сунаад байгаа ч юм шиг. Сарын дунд, сүүлд цалин буудаг хоёр өдөр зүүд зэрэглээ ч юм шиг.

Банкны дансанд 200 зуу гаруй мянган төгрөг орсон харагдах; мөнгө байгаадаа гээд л авах гэхээр уучлаарай таны дансны үлдэгдэл хүрэхгүй байна гэж гол харалтал даажигнах. Дансаа шалгахаас айх юм. Энэ зүрх тэсэхгүй нь ээ. Цалинтай ажилтай хүн гэж өөрийгөө хэд хоног хөөргөж явж байгаад дансаа үзэхээр хэчнээн сайхан өдөр байлаа ч ёгхийтэл зүрхээр хатгах юм. За шалгаж мэдвэл ч бас гайгүй. Худалдаа наймаа хийж яваад, эсхүл ууж идэж байгаад төлбөрөө төлөх гэхэд хамгийн аймшигтай хариу бол “Ахаа уучлаарай таны данс үлдэгдэл хүрэхгүй байна” гэх. За дүүрч, өлсөж үхээгүй, өдий зэрэгтэй яваа маань болж гэж хуурах...өөрийгөө хуурахын тулд уух хэрэгтэй...Уухын тулд мөнгө хэрэгтэй болох...

Мөнгөтэй болохын тул ажилтай байх хэрэгтэй. Ажилтай байхад мөнгөтэй байх магадлалтай ч, ажил хийж амьдралаа өөд татах гээд байна уу, ажил хийж амиа хорлох гээд байна уу гэдэг тодорхой биш. Залуу нас, эрч хүчээ бухын доодохыг харж турж үхдэг үнэг шиг хэзээ нэг 20 кв. метр ганц өрөө байртай болох бол гэж бодсоор өнгөрөө лөө дөө. Үнэндээ үнэнийг харахаас айгаад байгаа болохоос авдаг цалингаар бол хэзээ ч авахгүй ш дээ.

Ганц жилд ганц кв. метрийн мөнгө хуримтлуулж чадахгүй хүн. Яаж авах юм бэ. Хамаг мөнгөө зээлд туучихаад өөрөө юу идэж, юугаар хувцас хийх үү. 20 жилийн дараа зээлээ төлсний баяр гэж, бас болоогүй, төр засаг харж үзсэн хөнгөлттэй зээл шүү, авсан дотроос араг яс өндийн хундага тулгах уу. Төсвийн цалингаар тахир дутуу хүнээс ч доор амьдарч байна.

Х.Эрдэмбилэг