Шадар сайд, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагвыг намаас нь хөөдөггүй юм гэхэд шийтгэх санаачилга ид өрнөж эхэлсэн гэнэ. Үүний шалтгаан нь өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт болж өнгөрсөн УИХ-ын хаврын чуулганы нээлтийн үеэр нөхдөө дагаж чуулган хаяж гараагүй гэх үндэслэл.

Тэрбээр УИХ-ын дэд дарга Л.Цог болон УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ тэргүүтний нэгэн адил Ерөнхийлөгчийг эсэргүүцээгүйгээр барахгүй үг хэлж байх үед нь чуулганы хуралдааныг хаяж гараагүй. Ингэснээрээ тэрбээр өөрий­гөө олон нийтийн өмнө ил тодоор Н.Энхбаярыг өмгөөлөх хүсэлгүй байгаа гэдгээ илэрхийлсэн гэж болно. Намынх нь гишүүд “Ерөнхийлөгч өө, шоронд суулгачихаад ямар юмны эрх чөлөө, шударга ёс яриад байгаа юм бэ” хэмээн чуулганы танхимд хашгирч байхад шүү дээ.

Үүнээс гадна түүнийг өнгөрсөн саруудад Ерөн­хийлөгч асан Н.Энхбаярыг хамгаалахаас эрс татгалзсан гэх яриа намынх нь гишүүдийн дунд идэвхжээд байсан юм. Тиймээс ч МАХН-ын дарга Н.Энхбаярын эхнэр О.Цолмон түүнд хатуухан сануулга өгч, дэд даргын албанаас нь чөлөөлөх анхааруулгыг ч өгсөн байна. Гэхдээ энэ шаардлагыг зөвхөн хөшигний цаана ч өгч авалцсан юм биш. О.Цолмонгийн МАХН-ын удирдлагуудад илгээсэн ил захидлаас ил болсон гэж болно. Захидалд “Та нартай уулзахад ч хэцүү боллоо. Хэний хүчинд албан тушаалд очсноо өнөөдөр мартаж болохгүй шүү” гэсэн анхааруулгыг тодорхой гэгч нь бичсэн байсан юм.

Мөн ирэх зургаадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд Шадар сайд Д.Тэрбишдагвыг МАХН-аас нэр дэвшүүлэх санал гарч байсан. Гэтэл түүний тодорхой бус байр сууриас үүдэн энэхүү санаачилга хэрэгжих боломжгүй болсон аж. Тэр ч бүү хэл МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой гэсэн хувилбаруудаас Д.Тэрбишдагва, Сангийн сайд Ч.Улаан, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нарын нэр албан бусаар хасагдсан бололтой юм билээ.

Ингэж нам дотроо нэр хүнд нь унаж, Н.Энхбаяраар дамжуулж хүрсэн улс төрийн намтарт нь бэрхшээл тулгарч мэдэхээр болоод байгаа Д.Тэрбишдагва сайдын дараагийн нэг шүүмжлэл нь ажлын хариуцлагатай холбоотой. Түүний хашиж буй Шадар сайдын албан тушаалд Онцгой байдлын ерөнхий газар бүрэн утгаараа харьяалагддаг. Гэтэл Д.Тэрбишдагва сайд албан үүргийнхээ хүрээнд улсын хэмжээнд өрнөж буй цас зуд хийгээд галын осолд төдий л анхаарал хандуулсан нь үгүй. Иймд улс төрийн намтрынх нь хувьд загалмайлсан эцэг нь байж ирсэн Н.Энхбаярыгаа өмгөөлөөгүй уурлуулсан гэх гэм буруу дээр нь Онцгой байдлын ерөнхий газрыг олигтой удирдаж чадсангүй гэх шийтгэл мэдэгдэх бололтой. Энэ бүхэн нь цаг хугацааны хувьд хол бус харин ойрхон байгаа сураг дуулдсан шүү. 

 

Г.Отгонжаргал