Монголын орчин үеийн сэтгүүлзүйд хууль, эрх зүйн мэдээлэл, туслалцааны чиглэлээр төрөлжсөн анхны сэтгүүл  энэ сард мэндэллээ.

Мэргэжлийн хуульч, сэтгүүлчдийн хүч хөдөлмөрөөр бүтсэн “Содон” иргэдийн эрх зүйн сэтгүүлийн нээлт энэ сарын 17-ны пүрэв гарагт 11:30 цагаас “Интер ном”-д  хийнэ. Тус сэтгүүл нээлтийн арга хэмжээнийхээ үеэр хүрэлцэн ирсэн хүн бүрт сэтгүүлийнхээ дээжээс бэлэглэх аж.

            Өнөөгийн нийгэмд иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дэмжин дээшлүүлэх, хууль, тогтоомжийг сурталчилан таниулах бодлого дутагдсаар ирснийг шүүмжлэх хүн олон бий. Уг нь хуулийг сурталчилан, таниулах үүрэг нь төрийн байгууллага, албан тушаалтнуудад байдаг хэдий ч дорвитой ажил хийсэн нь ховор юм.

Аливаа улс, нийгэмд амьдарч буй хүний үйл ажиллагаа хууль, эрх зүйн хэм хэмжээнд захирагдаж түүнийхээ хүрээнд өрнөдөг. Хуулиар тогтоосон хэм хэмжээг зөрчсөн хэн бүхэн эрх чөлөө, эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээх эрсдэлтэй тулгардаг.

 

Тиймээс “Содон” сэтгүүл нь олон нийтэд хууль, эрх зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлж мэдлэг, мэдээлэл түгээх дагнасан нийтлэл, мэдээллийн бодлоготой бие даасан анхдагч сэтгүүл болж буйгаараа онцлог юм.