ТА ХААЛГАА ХААГААД ХЭР УДААН АМЬДРАХ ВЭ ГЭДГИЙГ ХАДГАЛАМЖ ТАНЬ АСУУДАГ-

Хувийн санхүүгийн зөвлөх, лектор Г.Мөнгөнтэй ярилцлаа.


-Өмнө нь та “Хадгаламж өлсөхөөс эхэлнэ” номыг бичиж байсан. Тэгвэл одоо уншигчдын хүртээл болоод байгаа “Тархины блок” ном тань борлуулалтаар тэргүүлсээр байна. Энэ номыг бичихэд хэр хугацаа зарцуулав?

-”Тархины блок”-ийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард бичээд бэлдсэн байсан. Гэвч тухайн үед бүтээлээ уншиж үзэхэд хангалттай биш санагдсан учраас гаргахаа түр хойшлуулж, дахин хэдэн сар ажилласан юм. Ингээд энэ оны дөрөвдүгээр сард “Тархины блок” номоо албан ёсоор гаргаж, эхлээд хоёр мянган хувь хэвлэхэд сар хүрэхгүй хугацаанд дууссан. Одоогоор ном маань ойролцоогоор дөрвөн мянга гаруй борлуулалттай байна.

-Тэгвэл “Хадгаламж өлсөхөөс эхэлнэ” ном хэдэн хувийн борлуулалттай байсан бэ?

-Энэ ном маань 20 мянга орчим борлуулалттай зарагдсан. Ерөөс уншигчдын зүгээс ном уншихад гурван цикл явагдаж байгааг анзаарлаа. Тодруулбал, эхнийх нь ном гарсны дараа сонирхож эхлэх үе. Дараа уншигчид номын талаарх сэтгэгдэл шүүмжийг хэлдэг. Харин гуравдугаарт, тэр ном үнэхээр амьдралд тань нөлөөлж, өөрчлөлт гаргасан уу гэдэгт оршино. Өөрөөр хэлбэл,тухайн номны арга зөвлөгөө амьдралд тань дорвитой нөлөөлсөн үү гэдэг асуулт байгаа юм. Уран зохиолын номноос уншигчид таашаал авдаг бол хувь хүний хөгжлийн ном тухайн хүний амьдралын гарын авлага болдог.

-Номын нэр сонирхолтой санагдлаа. Чухам “блок” гэдэг үгээр ямар утга санааг илэрхийлэхийг зорив?

-Бид өөрсдийнхөө боловсролд анхаарч алхам тутамдаа суралцахыг хичээдэг. Тэгвэл энэ мэдлэг чиний амьдралд яагаад дорвитой өөрчлөлтийг авчрахгүй байна вэ. Улам хөгжиж тэлэх байтал харах өнцөг тань яагаад нэгэн хэвийн байгаа вэ. Эндээс л гол асуулт, асуудал үүсч байгаа юм. Тиймээс “Тархины блок”-оор дамжуулан энэхүү гацаанаас хэрхэн гарах гаргалгааг чиглүүлэхийг хүссэн. Биднийг зорилго хүртэл “блок”-нд буюу гацаанд оруулж байдаг. Ерөөс сурсан мэдсэн бүхэн амьдралд хэрэгжихгүй болохоор бууж өгч залхдаг юм билээ.

-Тэгвэл яаж энэ “блок”-оос гарах вэ?

-Ирээдүйн талаар олон юм бодохгүй өнөөдөртөө төвлөрснөөр гацалтаас гарч, яг хийж чадах зүйлдээ анхаардаг.

- Таны хувьд гарц гаргалгааг хэрхэн олж, тархины түгжээгээ тайлсан бэ?

-Би өөрийгөө их мэддэгт тооцсон, их зантай нэгэн байлаа. Ингээд ирээдүйн зорилго гэж санаа зовохгүйгээр өнөөдөртөө төвлөрч эхэлсэн. Энэ цагаас хойш миний амьдралд мэдэгдэхүйц өөрчлөлт гарч, бүтээмж илүү өссөн юм. Тэгэхээр зорилго өөрөө “блок” буюу гацааг үүсгэсэн байх нь. Өөрөөр хэлбэл, Тархи хэзээ ч хэрэглэхгүй мэдлэгт, хүрч чадахгүй агуу бодолд блоклогддог юм байна. Жижигхэн бодолтой хэрнээ агуу санаатай, эсвэл хэн нэгэнтэй өөрийгөө харьцуулж барьцах нь гацаанд оруулчихдаг гэдгийг олж харсан. Бид бодитой нөөц боломжиндоо тулгуурлаагүй агуу ихийн өвчинд орчихсон юм биш биз гэсэн санаа.

-Мөрөөдөл хязгааргүй гэж ярьдаг шүү дээ. Ингэж томоор сэтгэж мөрөөдсөнөөр өнөөдрийнхөө үнэ цэнийг алдагдуулна гэсэн утга гараад байх шиг?

-Магадгүй зарим хүмүүс 2020 онд том мөрөөдөл зорилготой орж ирсэн. Гэтэл цар тахал гараад навс унаад, алуулсан байх. Магадгүй Америкт суръя, IELTS-ийн оноо авъя гэсэн зорилготой байлаа гэж бодъё. Тэгвэл энэ зорилгодоо хүрэхэд хэдэн хувийн баталгаа байгааг бодож үзэх нь зүйтэй. Хэрвээ тэтгэлэгт хамрагдаж чадвал гэдэг утгагүй баталгаа байвал хэзээ ч биелэхгүй. Хамгийн гол нь босго оноогоо давж, сургуульдаа тэнцэх ёстой шүү дээ. Харин дараагийн найдвартай баталгаа нь мөнгөтэй байх. Гэтэл мөнгөгүй байж ийм зорилго тавих нь утгагүй. Ядаж л ажил хийж мөнгө хуримтлуулснаар англи хэлнийхээ шалгалтыг өгнө. Зарим нь зүгээр л бусдыг хараад даган дуурайх сэтгэлдээ хөтлөгдөн, гэнэт орж ирсэн гэрэл гялбаа мэт амьдраад байна. Гэхдээ энд асар баялаг шийдэл бий. Хамгийн гол нь асуудал дээр тулгуурласан зорилго тань амжилтад хөтөлнө. Тэгэхээр хэрэгцээ суурьтай зорилго уу, аль эсвэл сэтгэл хөдлөлийн мэдрэмжид найдсан уу гэдгээ анзаараад үзээрэй. Үүнийг хэрэгжүүлэхэд чамд хангалттай гар хөл, хүч чадал байна уу гэдэг асуулт үүсч буй. Бодит үнэнтэй нүүр тулаад амьдралд алгадуулаад буцахгүйн тулд системтэй сэтгэх нь чухал. Азандаа найдаж, тэнсэн сум шиг байхаа больж бодит нөөцөө тооцоолох хэрэгтэй.

-Уран зохиолын номыг таашаал авах гэж уншдаг бол хувь хүний хөгжлийн номыг амьдралдаа хэрэгжүүлэхийн тулд уншдаг гэж та хэллээ. Тэгвэл энэхүү номыг бичсэн зохиолч таны амьдралд өөрчлөлт илрэв үү?

-Ихэнх хүмүүс номыг уншигчдад зориулж бичдэг гэж боддог байх. Яг үнэндээ номыг зохиолч өөртөө, эсвэл гэр бүл, ойр дотны хэн нэгэндээ зориулдаг. Миний хувьд “Тархины блок” -ийг өөртөө зориулж бичсэн. Өмнө нь хэн нэгэн болохын төлөө дүр эсгэж явснаа анзаарсан юм. Ерөөс хүн өөрийгөө шинэчилье, программаар бол старт хийгээд унтрааж асаая гэсэн санаа. Уншигчдын хүртээл болсон ном болгон маань зүгээр л миний амьдралын бодит жишээ юм. Магадгүй хэн нэгэнд гоё харагдаж, дүр эсгэх амархан ч өөртөө худал ярих хэцүү. Тиймээс жинхэнэ үнэнийг мэдэж байгаа хувь хүн өөртөө худлаа ярих боломжгүй. Яг л өдрийн тэмдэглэл шиг амьдралын алдаа, оноогоо өгүүлсэн байгаа. Хамгийн гол нь алдаагаа олж харсны дараа гарах арга замаа хэрэгжүүлээд үзсэн чинь өөрчлөгдсөн. Зөвхөн эрдэм, боловсролыг л чухалчилдаг байсан бол одоо хоол хүнс хүний тархинд ямар их нөлөөтэйг ойлгосон. Мөн дасгал хөдөлгөөн тархинд супер эрч хүч өгдгийг анзаарч, санхүүгийн систем бол амьдралыг тань өөрчлөх чухал дадал гэдгийг олж харсан. Тэгэхээр энэ бүхний тэнцвэрийг барьснаар блокноос гарах эхлэл тавигдсан гэсэн үг.

-Аливааг дадал зуршил болгосноор идэвхтэй амьдарч чадах байх?

-Дадал гэдэг бол юу ч бодохгүйгээр тэр цаг хугацааг зориул гэсэн үг юм шүү дээ. Тиймээс дадал зуршил гэдэг амьдралын чинь хэв маяг. Аливааг ухамсаргүй хийгээд сурчихвал тэр чинь дадал болно. Энэ нь амьдралынхаа эргэлтийн циклийг зохиож байна гэсэн үг.

-Таны бичсэн “Хадгаламж өлсөхөөс эхэлнэ” номонд ирээдүйд тохиох гэнэтийн үйлд бэлэн байхын тулд өнөөдөр хуримтлуулах ёстой гэдэг санаа байх шиг?

-Эхлээд мөнгөө хадгал. Алив бүхэн эхлэхдээ гарцаагүй хэцүү байдаг. Магадгүй зургаан дансны аргыг анх хэрэглэж эхлэхэд хүнд байх болов уу. Энэ аргыг нарийн харвал ганцхан хадгаламжтай, бусад нь хуримтлал юм шүү дээ. Өөрөөр хэлбэл, ирээдүйд үрэх мөнгөө цуглуулж байна гэсэн үг. Аялал, ипотектийн зээл, бизнес, зугаа цэнгэлийн дансандаа энэ мэтчилэн хадгална. Тэгэхээр хэзээ ч авахгүйгээр хадгал, өөрөөсөө хармал гэсэн үг биш, зүгээр л системтэй амьрах ойлголт. Амьдралын хэв маягийг зургаан дансны системээр санал болгож байгаа. Байраа барьцаанд тавиад бизнес хийх, өр зээлэнд дарагдаад баяр наадмаа тэмдэглэх үзэгдлээ болиосой гэсэн саналыг тавьсан. Та хаалгаа хаагаад хэр удаан амьдрах вэ, ажил орлогогүй хэрхэн тэсэх вэ гэдгийг хадгаламж тань асуудаг. Одоо бид үүнд хариултгүй сууж байна.

-Монголчуудын хуримтлалын талаарх судалгаа байдаг болов уу?

-Монголчуудын 72 хувь нь хадгаламжгүй байна гэсэн түүврийн судалгаа бий. Шударга хэлэхэд, Улсын их хурлын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлэгт дансандаа 30, 40 саятай байна гэдэг нь үнэхээр дутуу дулимаг байгаагийн шинж. Айхавтар үнэтэй байранд амьдарч, тансаг машин унадаг мөртлөө хадгаламж нь ийм муу байна шүү дээ. Тэгэхээр монголчууд хуримтлал үүсгэж сураагүй юм байна. Өнгөрсөн хугацаанд зөвхөн үл хөдлөх хөрөнгөтэй байх ёстой л гээд ойлгочихсон. Өөрсдийн нөөц бололцоогоор хуримтлал үүсгэвэл илүү дэвшилтэт сайхан нийгмийг бүтээх боломжтой. Дэлхийн хамгийн сайн боловсролыг худалдаж авч чадах хэмжээний хичнээн монгол хүн байна гэдэг асуултаар бидний хадгаламжийн үнэлэмж тодорхойлогдоно.

-Та одоо ямар ном бичихээр төлөвлөж байна?

-Ер нь мөнгөтэй байх хэцүү. Мөнгөтэй болохоор хэдэн төгрөгөө яах вэ байз гэж байнга бодож өөрийгөө зовоодог. Тиймээс “Мөнгөтэй байж чаддаггүйн зовлон” гэдэг нэртэй ном бичих төлөвлөгөөтэй байгаа. Хадгалсан мөнгөө хий дэмий битгий үрээсэй гэдэг үүднээс энэ аргыг хуваалцахыг хүссэн.

-Хүмүүст санхүүгийн зөвлөгөө өгч байхад тэд юун дээр хамгийн их алддаг вэ?

-Үрээд дуусчихаад хадгална гэж боддогтоо их алддаг. Бид чинь дансныхаа хэмжээгээр амьдардаг. Өөрөөр хэлбэл, өнөөдөр юу идэх, хаашаа гарах зэрэг амьдралын хэмнэл цалингаар л тодорхойлогдоно. Хадгаламжийн нийгэм бидэнд мөнгийг хэзээ хэрэглэхийг ойлгодог болохыг заах юм. Өнөө маргаашаа аргацааж, ахуйдаа хүргээд явбал нэг мэдэхэд нурж унана. Гэнэтийн сорилд бэлэн бус байгаагийн шинж. Өнөөдөр хуримтлуулснаар чи ирээдүйгээ худалдаж авч байгаа юм. Ирэх он жилүүдийг илүү сайхан угтахын тулд хэмнэлттэй амьдрахад болно. Тэгэхээр ирээдүйд хэрэглэх зүйлийнхээ төлөө шуналаа цаг хугацааны хувьд бага зэрэг хойшлуулчих гэж байгаа юм.

-Таны бичсэн ном болгон амьдралын асуудлаас тань урган гарсан байх нь ээ ?

-”Хадгаламж өлсөхөөс эхэлнэ” номоо бичээд өөрийгөө ойлгож, мөнгөгүйгээс мөнгөтэй болсон. Одоо мөнгөтэй хэвээрээ үлдээд тэрийгээ хэрхэн тэлж сайжруулах аргыг хуваалцах зорилготой. Мөн амьдрах арга техник, аливааг бүтээмжтэй байлгахын төлөө бусад хүмүүс хэрхэн ажиллах вэ гэдэг номын санаа бий.

-Хүн болгоны амьдралын өнцөг, туулсан зам мөр өөр шүү дээ. Тэгвэл тэр амьдралын түүхийг нь хуваалцана гэсэн үг үү?

-Одоогоос таван жилийн өмнө “Ид шидийн орон” Ч.Ганжавхлангийн толгойд байсан болов уу гэдгийг өөрөөс нь асуусан. Энэ бодол санаа түүнд байгаагүй гэдгийг нуулгүй хэлсэн л дээ. Тэгвэл тэр яагаад “Ид шидийн орон”-ыг бүтээх болсон юм бэ, арван жилийн өмнө зүгээр л зургийн аппарат барьсан эмо нэгэн байсан гэдгээ надад ярьж байлаа. Ингээд зураг дарж яваад охиноо хүний наймаанд алдсан ахтай санамсаргүй тааралдаж, эцсийн дүндээ “Ид шидийн орон” болж буужээ. Чухам яагаад өмнө нь бодож байснаас тэс өөр ертөнцийг бүтээх болов. Амьдралын ийм түүхүүдийг үнэнээр нь ил гаргамаар санагдсан учраас номын сэдэл санаа төрж, олон хүмүүсийн амьдралын жишээг хуваалцаж одоо тэдэнтэй ярилцаад явж байна. “Тархины блок”-ийн гол зорилго нь яг амьдрал дээр зорилго бүгдийг шийддэггүй. Бид өөрсдөө асуудлаас урган гардаг. Ийм учраас энэ номныхоо үргэлжлэл болгож, хүмүүсийн амьдралын бодит үнэн жаргал зовлонг хуваалцахыг хүссэн юм.

П.САЙНЖАРГАЛ