Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгтэй ярилцлаа.


-Дэлхий нийтэд тархсан цар тахлын нөлөөгөөр эх орондоо ирж чадахгүй хөл хорионд ороод олон асуудалтай тулгарч байгаа иргэдийн эрх зөрчигдөж байгаа талаар ярьж байна. Хүний эрхийн байгууллага энэ асуудалд анхаарал хандуулан ажиллаж чадаж байна уу. Нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж, харж байгаа вэ?

-Ганцхан Монгол Улсын хэмжээнд ч биш, дэлхий нийтэд “Ковид-19”-тэй холбоотойгоор хамгийн түрүүнд яригдсан зүйл бол эрүүл мэндээ хамгаалуулах эрхийн асуудал юм. Үүнийг дагаад бусад эрх буюу эх орондоо ирэх, хамгаалуулах, гадны улс оронд байгаа иргэд тухайн улсын иргэдийн адил эрх үүрэг эдэлнэ гэдэг зүйл заалт зөрчигдсөн зэрэг хүний эрх зөрчигдсөн олон асуудал байна. Тийм ч учраас “Ковид-19”-тэй холбоотой өнгөрсөн гуравдугаар сард НҮБ-аас зөвлөмж хүргүүлсэн байдаг. Ялангуяа, хорионд хуарангийн системд байгаа хүмүүсийн эрх ихээхэн зөрчигдөж байна. Нэг хүн халдвар тараахад хуарангийн системд байгаа хүмүүс бүгд аюулд орох эрсдэл өндөр учир энэ хяналтыг сайжруулаач гэсэн зөвлөмж өгсөн. Энэ дагуу бид хамгийн түрүүнд Сэтгэцийн эрүүл мэндийн төв, асрамжийн газар, хүүхэд хамгааллын байрууд, цагдан хорих байр, эрүүлжүүлэх байр, баривчлах байр,хорих газар ял эдэлж байгаа хоригдлууд, тухайн төрийн байгууллагын халдвар, хамгааллын нөхцөл байдлыг хянаж, Улаанбаатар хот болон орон нутагт томоохон шалгалтуудыг хийлээ.

Хоёрдугаарт, гадаадад байгаа монголчуудын асуудал байгаа.Хүний эрхийн байгууллагууд, улс орнуудтай хамтран Монгол Улсын иргэн танайд халдвар хамгаалалд хамрагдаж байна уу, ялгаварлан гадуурхалтад өртөж байна уу, эрүүл мэндээ хамгаалуулах эрх нь танай орны иргэдээс ялгавартай, өөр байна уу гэдэгт анхаарч, үйл ажиллагаа явууллаа. Иргэдээ татаж авах асуудлаар Улсын онцгой Комисст хандсан. Үндсэн хуульд Монгол Улсын иргэн эх орноосоо явах буюу, эх орондоо ирэх, чөлөөтэй зорчих эрхтэй гэсэн тунхагласан заалттай. Манай Улс Парламентын тогтолцоотой улсын хувьд аливаа асуудлыг хуулиар зохицуулдаг. Харин Улсын Онцгой Комиссын шийдвэр бол хууль биш. Энэ бол түр зуурын хугацаатай хэрэгжүүлж байгаа арга хэмжээ юм.

Нөгөө талаар ковидтой холбоотойгоор эрүүл мэндийн асуудал нь тухайн орны эдийн засагтай шууд холбоотой асуудал бий болж байна. Хатуухан хэлэхэд, хүн бүр хүний эрх гэж ярьдаг боловч, хүний эрхийг хангахын тулд улс өөрөө юу хийх ёстой вэ гэдгийн бодит шалгуур болж байна. Улсын бодлого, хүний эрх хоёр хоорондоо яаж хамааралтай байх ёстой вэ гэдэг шалгалт болж байна уу гэж харж байна.

-Сонгуулийн өмнө нэр дэвшигчдийг барьж хорилоо. Үндсэн хууль, УИХ-ын гишүүний халдашгүй байдал гээд олон хууль тогтоомжийг шүүгч зөрчиж, дээр нь иргэдийн сонгох, сонгогдох эрхэд ноцтой халдаж байна гэдэг шүүмжлэлийг олон хуульчид дуу нэгтэй ярилаа. Энэ асуудлыг Хүний эрхийн комисс хэрхэн дүгнэж байна вэ?

-Шүүхийн танхимд юмуу зөвлөлдөх тасалгаанд нь ороод та нар буруу юм хийж байна гэж хашгираад байвал би тухайн шүүгчийн халдашгүй байдалд хөндлөнгөөс халдаж байгаа ноцтой хэлбэр болно. Бид хүний эрхийн үндэсний байгууллагын хувьд Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ хуулиуд, мөн НҮБ-ын гишүүн орон, олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүн орны хувьд заавал дагаж мөрдөх ёстой олон улсын гэрээнүүд байдаг. Эдгээр гэрээнүүдэд Монгол Улс нэгдэн орсны хувьд заавал биелүүлэх үүрэгтэй. Тийм учраас энэ үүргийн хүрээнд шүүгчийн гаргасан шийдвэр нь Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээ, конвецид нийцсэн шийдвэр байх ёстой. Ийм шийдвэр байж чадаж байна уу, үгүй юү гэдэг дээр дуугарах ёстой учраас бид Комиссын хуулинд заасны дагуу шаардлага болон Мэдэгдлийг гаргасан.

-Хараад байхад ноцтой хэргүүд дээр Хүний эрхийн байгууллага яагаад дуугарахгүй байна вэ. Ажлаа хийхгүй байна гэдэг шүүмжлэлийг иргэдээс өгдөг л дөө. Та бүхний ажил нийгмийн бүхий л салбар чиглэлд хүрч чаддаг уу. Иргэдийн шүүмжлэлийг хэрхэн хүлээж авдаг вэ?

-Хүний эрхийг хангах чиглэлээр ажилладаг олон салбар чиглэлийн байгууллагууд байдаг. Хүүхдийн эрхийг хамгаалах байгууллага,цагдаа, прокурорын байгууллага гэх мэт. Бүгд тусдаа чиг үүрэгтэй. Хүн амины ноцтой хэрэг гарлаа гэхэд цагдаагийн байгууллага мөрдөн шалгана. Гэтэл хүн алуулчихаад байхад хүний эрхийн байгууллага яагаад дуугарахгүй байна вэ гээд асуудаг. Хүний эрхийн зөрчил, гэмт хэрэг хоорондоо ялгаатай. Эрүүгийн болон иргэний хэрэг болгон дээр хүний эрх зөрчигдсөн гээд байх юм бол хуулийн байгууллага байх шаардлагагүй биз дээ. Гэхдээ гэрээний үүргийг хэрхэн биелүүлж байгаад хүний эрхийн байгууллага хяналт тавьж, шахаж шаардах үүргийг бодит шалгалт судалгааны үндсэнд гарган тавьж ажиллуулах үүрэгтэй. Эрүүгийн хэрэг хянан шалгах явцад хүний эрхийг ноцтой зөрчсөн асуудал дээр бид гэрээ конвенцийн заалтыг барьж ажилладаг.

Бодит байдал дээр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс өнөөдөр 50 хүрэхгүй хүнтэй, нэг тэрбум төгрөгийн төсөвтэй үйл ажиллагаа явуулж байна. Гарсан хэрэг болгон дээр гүйж очоод байх хүний нөөц, төсөв мөнгө байхгүй. Гэтэл Хүний эрхийн комисс хаана хүний эрх зөрчигдөж байна, тэр хүний эрх, үүрэг хариуцлага ямар байх уу гэдэг шалгалтыг хийж байдаг өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулах ёстой байгууллага. Дөрвөн хананы дунд суучихаад л хүний эрх ийм байна,тийм байна гэж ярьдаг гэж хүмүүс ойлгоод байдаг. Тийм биш шүү дээ. Өнгөрсөн жил гэхэд л манай байгууллага 16 аймагт очиж,160 байгууллагыг шалгасан. Одоо есдүгээр сард гурван аймгаар явж 43 байгууллагыг шалгах гэж байна. Энэ шалгалтууд хийгээд байгаагийн цаад учир нь бидний хийсэн шалгалтын үр дүнг УИХ-аар хэлэлцдэг, хүний эрхийн илтгэлд оруулж УИХ-ын тогтоол гардаг. Тэр тогтоолын дагуу тэр салбар, сэдэв болгонд Засгийн газрын үүрэгт ажиллагаанд орж, үр дүнд хүрдэг юм.

-Жишээ нь, танай байгууллагаас гаргаж тавьсан ямар сэдэв Засгийн газрын хэмжээнд хүрч амьдрал дээр ажил хэрэгжиж үр дүнгээ өгсөн бэ?

-Ярих сэдэв бол энэ 20 жилийн хугацаанд бишгүй олон байна. Хүүхдийн эрх, тэр дундаа хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр, хөдөлмөрлөх эрх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх,гэр бүлийн хүчирхийлэл, шударга шүүхээр шүүлгэх эрх, хохирогчийн эрх, төрөөс нөхөн төлбөр авах, үндэстний цөөнхийн эрх, эрүү шүүлтээс ангид байх эрх гэх мэтчилэн төр засгийн бодлого болон хуулинд тусгагдсан олон ажлууд байгаа. Эдгээрийг нэг дор ярих боломжгүй болохоор жишээ дурдъя.

НҮБ-ын Эрүүдэн шүүлтийн тусгай илтгэгч гэж дэлхийд ганцхан байдаг албан тушаалтай хүн байдаг. Тухайн үед Австрийн иргэн, Венийн Их сургуулийн профессор Манфред Новак гэдэг хүн энэ албыг хашиж байсан. Энэ хүнийг манай Засгийн газар 2006 онд урьж авчирсан. Энэ хүн өөрийн хариуцсан сэдвийн хүрээнд аль ч улс орны нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулах бүрэн эрх хэмжээтэй байдаг.Энэ эрхийнхээ хүрээнд Монгол дахь эрүү шүүлтийн нөхцөл байдлыг газар дээр нь шалгаж бодит байдлыг НҮБ-ын нийгэм эдийн засгийн зөвлөлийн хуралдаанд оруулж, шийдвэр гаргах үүргийнхээ хүрээнд ажилласан.Шалгах ажлын хэсэг дээр нь комиссор ажилласан. Тусгай илтгэгч ингэж ажилласныхаа дараа Монгол Улсад эрүү шүүлт байна, бүр ноцтой хэмжээнд байна гэж үзээд энэ асуудал дээр тодорхой арга хэмжээ авах шаардлагатай гэдэг асуудлыг НҮБ-ын зөвлөлийн хуралдаанд оруулж,манай Засгийн газарт зөвлөмж өгсөн. Үүнийг хэрэгжүүлэх ажил тухайн үедээ нэлээд эрчимтэй явсан.

-Үр дүн гарсан гэж дүгнэх үү?

-Тодорхой үр дүн гарсан. Хууль эрх зүйн хүрээнд шинэтгэлүүд хийгдсэн. Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны үйл ажиллагаа сайжирсан, хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа тусгай төлөвлөгөөний үндсэн дээр хамтарч эхэлсэн, эрүү шүүлтээс ангид байх эрхийн хүрээнд комисс анх удаа шүүхийн практикт эрүү шүүлтийн хохирогчид нөхөн олговор олгуулах нэхэмжлэлийг гарган шийдвэрлүүлсэн гэх мэт. Энэ нөхөн олговор олгуулах нэхэмжлэл өнөөдрийг хүртэл комиссын үйл ажиллагааны гол чиглэл, хохирогч хамгаалал дээр хийгддэг ажлуудын нэг болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хорих ангиудын орчин нөхцөл 2006 онтой харьцуулахад өдөр шөнө шиг ялгаатай болсон. Тэр хүний тухайн үед үзэж байсан хорих анги, цагдан хорих, сэтгэцийн эмнэлэг гээд бүгд өнөөдөр өөрчлөгдсөн. Бие мах бодь, сэтгэл санаа, эмнэлгийн эрүү шүүлт гэсэн гурван эрүү шүүлтийг дэлхий нийтэд гаргаж тавьдаг. Монголд нэмэгдсэн эрүү шүүлт нь нөхцөлийн эрүү шүүлт байна гэдгийг гаргаж тавьсан. Хамгийн бохир заваан орчинд, хамгийн муу хоол хүнс, удаан хугацаагаар хорьж залхаан цээрлүүлэлтийг хийж хилс хэрэг тулгадаг, хийгээгүй хэргийг нь хүлээлгэдэг асуудлыг нөхцөлийн эрүү шүүлт гэж үздэг. Энэ талаар гаргаж тавьснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын бүх хорих төвүүд шинэ байртай болсон. Хуарангийн системээр хорьдог байсан монголын хорих ангиудад өнөөдөр наймаас дээш хүнийг нэг өрөөнд байлгахгүй, нэг хүн оногдох талбай 2.5 м.кв байхаар хуульчилж, олон улсын стандартын дагуу тогтоосон бөгөөд хууль сахиулах байгууллагуудад эрүү шүүлтийг таслан зогсоох, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөө ажиллаж байна.

-Хүүхдийн эмнэлэг барихгүй, шоронгоо шинэчлээд байх юм гэж зарим хүмүүс шүүмжилж байсан нь ийм учиртай ажил явж байжээ?

-Хүмүүс яагаад нэг хэсэг нь дэмжээд, нөгөөх нь шүүмжлээд байсан гэхээр Шүүхийн шийдвэрийн хорих анги бол төрийн хамгаалалттай байр. Гудамжинд явж байсан хүнийг төр хамгаалалтад авч байгаа гэдэг нь тэр хүн тэнд амь насаараа хохирч болохгүй, өлсөж болохгүй ийм л нөхцөлийг хэлээд байгаа юм. Хийсэн хэрэгтээ зохих ял шийтгэлийг авна. Гэмт хэрэг хийлээ гээд 10 м.кв өрөөнд 23 хүн хоригдож болохгүй. Хуулиндаа хорих ангид ял эдэлж байгаа хүнд оногдох талбай 2.5 м.кв байна гээд заасан нь цаагуураа шинжлэх ухааны үндэслэлтэй бөгөөд манай улсын нэгдэн орсон олон улсын гэрээ үүнийг биелүүлэхийг шаарддаг. Өнгөрсөн хугацаанд Хүний эрхийн байгууллагын үйл ажиллагааны бас нэг анхаарч ажилласан салбар бол хорих ангиудын нөхцөл байдлыг сайжруулах, цагдаагийн албан хаагч ямар нэг хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа хүнд эрүү шүүлт тулгаж, бие махбодийн эрүү шүүлт тулгах, хохироож болохгүй гэдэг шаардлагыг тавьж, анхаарч ажилласан. 20 жилийн өмнөх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа өөрчлөгдсөн гэж би хэлж чадна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллаж байгаа ажилтнууд өнөөдөр шоронгийн үнэргүй хувцастай гэртээ харьдаг болсон. Шалгуулахаар очсон иргэнийг пааранд гавлаад зоддог байсан цагдаагийн ажилтнууд өнөөдөр ямар болсон бэ гээд эргээд нэг бодоод үзэх хэрэгтэй. Үүний төлөө манай байгууллагын үйл ажиллагааны нэг хэсэг нь зориулагдсан.

-Цагдаагийн байгууллага хэдэн жилийн өмнө эрүү шүүлтийн сандал оруулж ирээд нэлээд шуугиан тарьж байлаа. Тэр сандлыг Хүний эрхийн комисс шалгалт хийгээд хурааж авсан. Гэтэл саяхан энэ сандлыг ашиглаж байна гэдэг мэдээлэл гарлаа. Энэ ямар учиртай юм бол?

-Энэ сандал нэг ч өдөр хүнд хэрэглэгдээгүйгээр боолттой чигээрээ буцаад хураагдсан. Хэрэглэсэн хойно нь энэ асуудлыг хөндсөн бол хичнээн цагдаагийн ажилтнууд буруудах байсныг мэдэхгүй байна. Тухайн үед бүх сандлыг хураалгасан. Саяхан энэ сандлыг ашиглаж байна гэсэн мэдээлэл нэг сонин дээр гарсан байсныг харсан. Тухайн үедээ нэлээд өргөн хүрээний шалгалтын ажлуудыг хийж байж зогсоосон ажил шүү дээ. Одоо ашиглагдахгүй байгаа.

-Монголд ийм сандал оруулж ирсэн байна гэдэг асуудлыг тухайн үед та анх гаргаж тавьж байсан байх аа?

-Эрүү шүүлтийн сандлын тухай 2013 онд анх яригдсан асуудал. Тэр жил би хөдөө ажлаар явж байгаад нэг аймгийн цагдаагийн газрын гадаа боодолтой сандлууд овоолчихсон байсныг харсан. Манай улс ийм эрүү шүүлтийн сандал оруулж ирэх гэж байна, манай цагдаагийн байгууллагад ийм сандал ашиглахаар болсон талаар тухайн үед надад мэдээлэл байгаагүй, би мэдээгүй байсан. Тэгээд нэг сандлыг нь задлуулаад зургийг нь аваад энэ яг ямар учиртай сандал вэ гэж асуусан. “Хөдөө орон нутгийн хэсгийн төлөөлөгч нарт хэрэглүүлнэ. Үүнийг хот хөдөөгийн бүх аймгийн цагдаа нарт тарааж байгаа” гэсэн тайлбар өгсөн. Яг ямар учраас хэрэглээнд орох ёстой юм бол гэж асуухад “Сандлыг шаланд бэхлэх ёстой , хөл гарыг нь гавлаж дөнгөлөх ёстой юм байна. Дүрэм журам нь батлагдаагүй учраас суурилуулаагүй байгаа. Батлагдчихвал бид суурилуулна” гэж хариулсан. Тэгээд манайхаас шалгалтын ажиллагаа явуулсан. Тэр үед Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Тэмүүжин байсан. Энэ асуудлыг би маш сайн санаж байна. Дэлхийн улс орнууд зургадугаар сарын 24-ний өдрийг эрүү шүүлтийн хохирогчдыг хамгаалах өдөр болгон тэмдэглэдэг. Яг тэр өдөр буюу 2013 оны зургадугаар сарын 24-ний өдөр би Х.Тэмүүжин сайдад энэ сандлын зургийг албан бичигтэй явуулсан. Таны удирддаг агентлаг ийм зүйл хэрэглэх гэж байна. Энэ бол хүний эрхийг маш ноцтойгоор зөрчиж байгаа асуудал. Энэ бол эрүү шүүлтийн нэг хэлбэр мөн гэж. Тухайн үеийн сайд дарга нар үүнийг сандал биш ширээ гэх зэргээр янз бүрээр мэдээлж ярьж байсан. Сайдад нь анх асуудлыг ийнхүү хүргүүлж бүх аймаг, дүүргүүдэд тараагдсан байсан сандлуудыг буцаагаад татуулж агуулахад хураалгасан.

-Та Хүний эрхийн үндэсний комиссын даргын орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Сүүлийн үед ямар томоохон ажлууд дээр үйл ажиллагаа чиглүүлж ажиллаж байгаа вэ. Хүний эрхийн байгууллага албан ёсоор хэзээ даргаа томилох вэ. Энэ байгууллага ажиллаж байна уу ер нь гэж асуух иргэд их байна ?

-Он гарсаар миний хувьд амралтгүй ажиллаж байна. Байгууллагынхаа төсөв, ажилчдын цалин хөлс зэрэг ажлуудыг цэгцлэх, хэвлэл мэдээллийнхэнтэй уулзах, хуулийн байгууллагынхантай хамтран ажиллах Санамж бичгийн дагуу илүү өндөр түвшинд хамтарч ажиллах талаар арга хэмжээ авлаа. Сүүлийн үед хийж байгаа томоохон ажил бол Зэвсэгт хүчин, Хил хамгаалах байгууллагууд дахь Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг шалгалаа. НҮБ-аас санаачилсан “Монгол Улсын иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлнэ” гэдэг төслийн хүрээнд жендерийн асуудлаар 200 гаруй байгууллагыг шалгаж байна. Ковидоос шалтгаалан үйл ажиллагаагаа зогсоолгүй өргөдөл гомдол гаргасан хэн бүхэнд хүрч ажиллаж байгаа. Манай байгууллагыг ажиллаж байна уу гэж асууж байгаа хүмүүсийг өөрсдөө ирээд танилцана уу гэж урья. Хүн амьдарч байгаа цагт хүний эрхийн байгууллага ажиллахгүй байх эрхгүй. Хүний эрхийн зөрчил нэг ч гардаггүй төгс нийгэмтэй улс орон дэлхий дээр хаана ч байхгүй. Тийм ч учраас тухайн нийгмийнхээ хүний эрхийн зөрчил болгон дээр ажиллаж асуудлыг гарган тавьдаг.Бид тэр зарчмаар орон нутаг, сум баг, хороо дүүрэг бүхий л газарт хүрэхийн төлөө 50 хүрэхгүй хүнтэй байгууллага маань ажиллаж байна.

-Жендерийн асуудал гэснээс ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой асуудал нэг хэсэг хүчээ авсан. Монголд ажлын байрны бэлгийн дарамт ямар түвшинд байна вэ?

-2011 оны Жендерийн эрх тэгш байдлын хуулиар “Ажлын байрны дарамт болон ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой өргөдөл гомдлыг Хүний эрхийн комисс хүлээн авч шийдвэрлэнэ” гэсэн нэмэлт үүргийг комисст олгосон заалттай. Нэлээн олон томоохон хэмжээний шалгалт явагдаж, эмэгтэй эрэгтэй хүмүүсийн эрхийг хамгаалах ажил энэ жилүүдэд эрчимтэй хийгдсэн. Бүх төрийн байгууллагуудын дотоод журамд ажлын байрны дарамт болон бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх үүрэг хариуцлагын тогтолцоог тусгуулсан. Үндсэндээ 18 аймгийн 180 байгууллага, төрийн тусгай бүх байгууллага дотоод журамдаа энэ талаар оруулсан байгаа. Одоо хаана ч, ямар ч байгууллага дээр очсон ажлын байрны дарамтаас урьдчилсан сэргийлэхэд ийм ажлууд хийнэ гэдэг бүтэн заалттай болж, хариуцлагын механизмыг тодорхой болгож өгсөн. Хуулийн дагуу хоёр жил тутамд энэ асуудлыг УИХ-д илтгэх ёстой. Үүргийнхээ хүрээнд бичигдэж байгаа илтгэлүүд бүгд шалгаж судалсан бодит баримтад тулгуурлан хийгдэж байна.Жендерийн хэвшмэл ойлголтын ялгааг арилгах, ялангуяа удирдах албан тушаалтнуудын хандлагыг өөрчлөх зайлшгүй шаардлага байгаа.

-Ажлын байрны бэлгийн дарамтын талаар шүүхээр шийдүүлсэн хичнээн хэрэг байна вэ?

-Одоогийн байдлаар ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой арав гаруй гомдол ирсэн байна. Эдгээр гомдол бүгд шийдвэрлэлтэд ороод, хариуцлагыг нь оноож, ажил үүрэг албан тушаалаа хүлээлгэж өгсөн хүмүүс ч байгаа. Ажлын байрны бэлгийн дарамт байгаа хэрнээ хүмүүсийн ярихыг хүсдэггүй далд сэдэв. Яагаад гэхээр хүмүүсийн хувийн нууцтай холбоотой асуудал. Харин сүүлийн үед нэлээн ил гарч ирж байгаа. Эмэгтэйчүүд, бүсгүйчүүд хэсэг бүлгээрээ энэ асуудлыг ил болгож гаргаж тавьж байна.Манай улс энэ асуудлыг Зөрчлийн хуулиар торгох санкцитай эрх зүйн орчинтой.Олон улсад өөр байдаг.Энэ нь эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн эсрэг хүний эрхийн зөрчлийн ноцтой хэлбэрт тооцогддог бөгөөд гэмт хэрэг гэж үздэг.

-УИХ-ын сонгуулийн өмнө таныг “тайчих үзүүлбэр үзүүлдэг цэнгээний газар ажиллуулдаг, тендер нэрээр мөнгө завшсан”зэрэг ноцтой мэдээллүүд зарим хэвлэлээр цацагдсан. Гэхдээ та өнөөдрийг хүртэл энэ мэдээллүүдэд тодорхой хариу өгөөгүй байгаа?

-Энэ бол зохион байгуулалттай хүнийг гутаан доромжлох зорилготой хийгдсэн ажиллагаа.Миний нэр хүндийг гутаан доромжлох, намайг замаасаа зайлуулж гүтгэн доромжлох, өс хонзонгоо авах тусгайлсан зорилготой төлбөртэй нийтлэл, нэвтрүүлгүүдийг гаргасан.Энэ мэдээллүүдийг цагдаагийн байгууллага шат шатандаа шалган, хүнийг гутаан доромжилсон, гүтгэсэн байна гэсэн шүүхийн шийдвэр гарсан. Хоёрдугаарт, хувь хүний өс хонзон нийгэмд ямар ойлголт төрүүлдгийн тод жишээ энэ шүү дээ.Уг нь иргэд хоорондоо байр худалдан авах худалдах гэрээний маргаан байсан.Тэр компанийн залуучуудтай очиж уулзаад төлбөрийн асуудалд хутгалдаад, нөхрийнхөө ажлыг удирдаад яваад байх цаг зав сонирхол надад байхгүй.