8 сарын 31-нд Канадын нийслэлээс МОНЦАМЭ-гаар дамжуулсан “Монгол Улс эдийн засгаа золин байж коронавирусийг тогтоосон” гэсэн гарчигтай нэгэн нийтлэл цахим хуудсанд тавигдав. Бүр гарчигнаасаа эхлээд л эгдүү хүрмээр. 

Үнэндээ бол яг эсрэгээрээ Монголын эдийн засгийг боомилохын тулд короновирусыг ашигласан. 

Уг нь бол гадаад хөл хориогоо чангатгаад, дотоод бүтээн байгуулалт, үйл ажиллагаагаа эрчимжүүлж, БНАСАУ, Туркмен гэх зэрэг цар тахлын аюулын талаар огт зовохгүй, нийгмийн амьдрал нь хэвийн үргэлжилж ирсэн цөөн хэдэн улстай адил, эдийн засгийн бүтцээ засан тэтгэх сэргэлтийн үед шилжиж болох байлаа.  

Үүнийг л нийгэмд анхааруулах гэсэндээ би 3 дугаар сард бичсэн “КОРОНОВИРУСЭЭР ИЛЧЛЭГДСЭН УЛС ТӨРИЙН БОДЛОГУУД” нийтлэлдээ “...Монгол улсын хувьд амны хаалтыг биш хилийн “хаалтыг” сахих “ариун цэвэр-эрүүл ахуйн” өөр шаардлагыг бидэнд тулгаж байна. 

Тэртэй тэргүй нөхцөл байдлаа дагаад гадаад худалдаа ч хумигдаж байна.  

Харин энэ нөхцөл байдлыг манай Төр засаг зөв ашиглаж баялгаа гадагш зөөдөг “панзчины” эдийн засгийн ганц аргаа өөрчилж, өөрсдөө бүтээдэг, тал бүрийн бүтээгч чадамжийн эдийн засгийн бүтцийг бий болгох ёстой. Үүний тулд бүх боломж нөөцөө тэр зүгт хандуулж, хүн хүчээ бүрэн дайчилж харин ч идэвхитэй ажиллуулах хэрэгтэй байна. 

Нөхцөл байдлаас үүдсэн ийм их ажил Монгол улсад тулгараад байхад харин эрх баригч хүчин ердөө л иргэдээ гэр гэрт нь ажилгүй нам суулгах тактик баримталж байгаа нь эмгэнэлтэй юм. 

 

Боломж олдвол нүүрсний хэдэн цуваагаа чимээгүйхэн гаргаад, өөрсдийн санхүүгийн хэрэгцээ, сонгуулийн санхүүжилтээ бөөцийлж, иргэдийг короновирусээр айлган, хэл ам, эсэргүүцлийг нь дарж байгаад бушуухан сонгууль явуулж, дахин суудалдаа залрах хүслээс өөр бодол эрх баригчдын толгойд буухгүй байгааг энэ бүхэн харуулж байна...” гэж сануулсан.    

 

Гэвч үүнийг олж уншсан нь цөөн, ойлгож сэтгэл чилээсэн нь тоотойхон биз ээ. Тэр тусмаа нийгмийн олонхийн хувьд үүнийг ойшоож анхаарах сонирхол ч байгаагүй л болов уу. Хувь хувийн ашиг  сонирхол гэж тэр. Тэртэй тэргүй ажилгүй зүгээр сууж сурчихсан нийгмийн нэг хэсгийн хувьд өөрсдийгөө зөвтгөх сайхан шалтаг, бас төрөөс зүгээр сууж мөнгө нэхэх далим гарсан нь “ашгүй дээ!” л болсон нь ч нуух аргагүй үнэн. 

Эрх баригчид ч үүнд дулдуйдан “коронодох” ажлаа зоригтой үргэлжлүүлсэн.  

Тэрхүү айдсын итгэл үнэмшлийг бүрдүүлэхийн тулд гаднаас халдвар тээгчдийг үе үе зөөн авчирч, эрүүл мэндийн салбарын хэдэн эмч, ажилтнуудыг хамраар нь газар хатгатал ажиллуулж, тэдний хөлс хүчин дээр “тоглов”. 

“Жүжгээ” үнэмшилтэй болгохын тулд хэдэн эмч нараа золиосонд гаргах эрсдлийг зориудаар бий болгож байсан нь тэр л дээ.

Ямар сайндаа л хаа хамаагүй Солонгосын тусгай үүргийн онгоц халдвар авсан Туркийн иргэдийг манай руу зөөж авчирч хаяаад, манайхан түүнийг нь “дипломат албаны зайлшгүй хэрэгтэй хүмүүс ирцгээлээ” хэмээн бүртгэж аваад Монгол дахь халдвар авсан хүний тоо 13, 14, 15 гэх зэргээр “айдсын дохиог” тогтмол хангинуулж байлаа.

Гэтэл хүссэн юм хүзүүгээр татна гэх шиг ОХУ-аас халдвар тээсэн монгол оюутнууд бөөн бөөнөөр орж ирсэн нь цар тахалтай нүүр тулан ажиллаж байсан эмч, эмнэлгийн ажилтнуудыг нэг хэсэгтээ л амсхийх аргагүй болгосон. 

Монгол Улсад өнөөг хүртэл дотроосоо хэн нэг хүн короновирусын халдвараар өвчлөөгүй байгаа бодит үнэн нь халдварыг дотроо алдахгүйн төлөө борви бохисхийлгүй ажилласан эмч нарын гавъяа мөн. Өөрөөр хэлбэл дотоод хорио цээрийг тогтоолгүйгээр нийтээрээ ажил хэргээ идэвхитэй явуулах болоомж бололцоог тэд ард иргэддээ, төр засагтаа олгосон.    

 

Гэвч эмч эмнэлгийн ажилтнуудын энэ нөр их хөдөлмөр, зүтгэлийг эрх баригчид, тэдний суртал нэвтрүүлэгчид үгүйсгэсэн шинжтэй, ер нь халдвар тарах эсэхийг бид шийднэ шүү! гэсэн заналхийллийн өнгө аястай “Монголд халдвар тархах нь өнөө маргаашгүй ...”, “ Халдвар тарах нь цаг хугацааны л асуудал...” гэх мэтээр ард иргэдийг айлган сүрдүүлэх замаар халдвар нь дотроо тархсан улс гүрнүүдээс ч илүү хөл хорионы дэглэм тогтоосон. Тэгэхдээ бас улс орны эдийн засагт хорлонтой энэхүү “дэглэмээ” ашиглан өөрсөддөө ашиг унагахаа ч мартсангүй. /Сонгууль, наадам зэргийг ч ярихаа больё/

 

Цар тахалд түрэгдэн гадаадаас эх орондоо ирэхийг хүсэгчдийн тоо  өсөхийн хэрээр, түүнийг бизнес болгож, өндөр төлбөртэйгөөр зөөвөрлөж, үнэтэй хувийн зочид буудлуудад “хөл хорионд” суулгав.  Зах зух нь энэ. 

Чухамдаа энэхүү бодлогоо эрх баригчид, алга ташин дэмжсэн гадны хүчний заавар зөвлөмжид дулдуйдан явуулж ирсэн нь ч нууц биш юм.   

Хэн дэмжсэн бэ гэж үү?!

Мэдээж тэд бол мөнгө хүүлэх замаар дэлхийн бүх баялагийг гартаа оруулахын тулд хүн төрөлхтнийг амархан зооглож болох өвсөн тэжээлт адгуус болгон хувиргахад хамаг хөрөнгөө зориулан цацаж, газар сайгүй эвдрэл хямрал, ядуурал доройтлын үрийг тарьж суудаг Дэлхийн Засгийн газар гэгдэх банк санхүүгийн эздийн бүлэглэл юм.     

Тэд ч Монгол руу саймшран цар тахлын эсрэг хамгийн зөв ажиллаж байгааг нь элдвээр магтан сайшааж, “коронод” зориулсан санхүүгийн тусламж төсөл хөтөлбөрийн зээлийг цутгаж эхлэв. Мэдээж дэлхийн улс орнуудад эдийн засаг нь унаж, мөнгө хүүлдэг урсгал нь ч түүнийг дагаад эрс багасмагц манайхаас өөр тэдний олз болох бэлэн хоол хаана байх билээ. Ямар ч нөхцөлд зээлээ хэд дахин өсгөж авч болох ганц газар бол Монгол. Байгалийн их баялаг, өргөн уудам газар нутаг, морь унасан толгой хүн гэгч шиг өөрийн юмандаа эзэн болох чадваргүй эрх баригчид гээд хамгийн таатай бүх нөхцөл бүрэн хангагдсан улс юм чинь.   

 

АНУ-аас 3 дугаар сард Монгол улсыг короновирустэй тэмцэхэд зориулж 3.3 тэрбумын тусламж, 4 дүгээр сард Дэлхийн банкнаас 53 сая ам.долларын санхүүжилт,  5 дугаар сард АНУ-аас 8.3 тэрбум төгрөгийн зээлийг төсөл хэрэгжүүлэхэд, ОУВС-гаас 99 сая ам.долларын зээл, 7 дугаар сард Азийн Хөгжлийн Банкнаас мөн коронотой тэмцэхэд зориулж 1.5 сая ам.долларын тусламж, 38.6 сая ам.долларын зээл, Европын холбооноос 37.5 сая евогийн зээл, ... гэх мэтээр цутгав. Мэдээллийн хэрэгслүүдээр бичигдэж яригдаж байгаагаар нийт 850 сая ам.долларын зээл тусламж манайд орж ирсэн гэх. Энэ бүх мөнгө хаашаа орсныг эрх баригчдаас асуусан, зарцуулалтын тайланг шаардсан иргэдийн дуу хоолой сонсогдсоор байгаа ч өгсөн хариу байхгүй л байгаа. 

 

Харамсалтай нь гадны эдгээр зээл тусламжууд Монгол улсын эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх, ард иргэдийг ажилтай, чадамжтай болгоход өчүүхэн ч хүртээлгүй, зөвхөн улс үндэстний өрийг нэмэгдүүлж, улс орон тусгаар тогтнолоо алдах эрсдлийг л нэмэгдүүлэх нөхцөл болно. 

Энэ бол гадныхны тавиулууд болсон МАН, АН-ын улс төрчдийн бодлого зорилго. Үүнийгээ хэрэгжүүлэх хугацаагаа нэмэгдүүлэхийн тулд тэд үхэн хатан зүтгэж байна. 

Тэд цаашдаа ч гадны зээлээс үл татгалзах төдийгүй, ард иргэдийг амь зогоох төдий элдэв тэтгэлгээр сэтгэлийг нь хуурч тайвшруулан ажилгүй суулгасаар, юу ч бүтээх эрмэлзлэл чадамжгүй “Үзмэрийн Индианууд” болгон, “бусдын мэдэлд” шилжүүлэх ирээдүй л Монголчуудын өмнө тод зурайж байна.  

Наад захын жишээ нь зам тавихад ч Монгол хүнийг биш Хятад иргэдийг ажилтай байлгах зорилго тэргүүнд тавигдаж байгаа нь Дарханы чиглэлийн замын ажлаас ч харагдаж байгаа.      

Өнөөгийн Монголын төрийн эрх баригчдын бодлого, Монголын эдийн засгийг боомилох “Монгол стратеги” энэ.  

 

О.Лхагвадорж

сонин.мн