Түүхий нүүрсийг хориглож, сайжруулсан шахмал түлшийг ашиглах болсноор Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 50% бууруулж чадсан хэмээн Засгийн газар дүгнээд буй.

Тэгвэл энэ онд таван хороог шахмал түлш хэрэглэх бүсэд шинээр нэмснээр нийслэлийн агаарын бохирдлыг 80% хүртэл бууруулахаар зорьж байгааг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос танилцууллаа. 

Энэ хүрээнд Засгийн газар 150 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх ба ипотекийн зээлийн хүүг 8%-аас 6% болгохоор судалж байгааг Шадар сайд Я.Содбаатар хэллээ. Тэрбээр "Ипотекийн зээлийн хүүг бууруулах чиглэлээр ажлын хэсэг гараад судалж байгаа. Хүүг 6% болгох асуудлыг Намрын чуулганаар хэлэлцэнэ гэсэн хүлээлттэй байна" гэлээ. 

Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд:

  • 150 мянган айлын орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлж, орон сууцжуулах, гэр хороололд амины орон сууцны дэд бүтцийг шийдэх
  • Сайжруулсан түлшний нийлүүлэлтийг нэмэгдүүлж, Налайх дүүрэгт хоёр дахь үйлдвэрийг ашиглалтад оруулах
  • Уурын зуухуудыг шинэчилж, усан технологи руу шилжүүлэх, түр дулааны шугамд холбох
  • Цахилгаанаар дулаан хангах ажлыг эрчимжүүлж, 21 аймагт хэрэгжүүлэх зэрэг ажлыг төлөвлөснийг Шадар сайд нэмж танилцууллаа.