Уйгаржин монгол бичгийн маргаан Өмнөд Монголд хүчээ авч байна. Уйгаржин бичгийг Хятадын Засгийн газраас хориглосонтой холбоотойгоор өрнөж буй жагсаал цуглаан, бослого тэмцэлд зориулан Хөх хотын Засаг захиргаанаас өгч буй тайлбар мөн ч айхавтар юм.

Хөх хотын засаг захиргаа ч юу байхавдээ, Хятадын Засгийн газар, Коммунист намаас өгч буй албан ёсны тайлбар юм даа. Юу гэсэн гэхээр “Өмнөд монгол хүүхдүүд хятад хүүхдүүдийн хэмжээнд хүрэхгүй байна. Өмнөд монголчууд уйгаржин бичигтэй байснаар дэлхийн боловсролоос хоцрогдож байна. Хятадын Засгийн газар өмнөд монголчуудаас дэлхийн түвшний иргэдийг бэлдмээр байна. Тэднийг дэлхийн түвшний боловсролтой болгоход уйгаржин монгол бичгээр явуулж буй сургалт нь саад болж байна...” гэхчлэн л тайлбарлажээ. Энэ тайлбар дээр та юу хэлмээр байна. Өмнөд монголчуудыг та бүхэн хэр боловсрол мэдлэгтэй, дэлхийн түвшний иргэдтэй гэж боддог вэ.

Хятадын Засгийн газар л лав ийм аймаар тайлбар өглөө. Тэдний хийсэн тайлбарыг “Нээрэн тийм шүү дээ” гэж шууд далдганах ч юу юм. Ямар ч байсан өмнөд монголчууд шинэ бичиг үсгийн соёлд шилжих гэж байгаа юм байна. Тэр нь эсэргүүцэлтэй тулгарч байгаа юм байна. Монголын залуу сэхээтний төлөөлөл, басчиг нэр хүнд олсон орчуулагч, зохиолч Г.Аюурзана олон нийтийн сүлжээнд сэтгэгдлээ бичжээ, “Уйгаржин монгол бичгийг хөхиүлэн дэмжиж, улмаар бидний монголчууд бүгдээрээ уйгаржин бичигт албан ёсоор шилжих ёстой...” гэсэн утгатай бичжээ. Уйгаржин бичигт Монголын ард түмэн шилжлээ гэхэд таны бичсэн тэр олон номыг, орчуулгын бүтээлийг хүмүүс уйгаржинаар унших уу. Та уйгаржинаар бүх бүтээлээ бичсэн үү. Таны уйгаржинаар бичсэн ном чинь борлуулагдах уу? Та захын нэг албан байгууллага руу ороод бүх ажилтнуудаас уйгаржин бичгээр дуржигнуулдаг хүн хэд байна асуу л даа. Нэг ч хүн байхгүй байж мэднэ гэж бодож байна. Бид амьдарч буй нийгэмдээ бодитой л хандах ёстой... Г.Аюурзанаас асуухад “Та Оросын утга зохиолтой, дэлхийн сонгодгуудтай уйгаржин монгол бичгээр танилцсан уу. Та хорвоотой уйгаржин монгол бичгээр уншиж танилцсан уу” гэж асууя.

АНУ-д суугаа Монголын Элчин сайд Ё.Отгонбаяр бол боловсролтой, англи, орос хэлтэй, дээр нь Монголын түүхээ уйгаржин бичгээр ихэд судалсан сэхээтэн. Тэр байтугай ХХ зууны эхэн үеийн түүхийг судалсан бүтээлээрээ түүхэн баримтат кино хийж, тэр нь яг одоо Үндэсний телевизээр цувралаар нийтийн хүртээл болж байна. Түүний боловсролын салшгүй нэг хэсэг бол уйгаржин монгол бичиг, тийм болохоор тэрбээр уйгаржин бичигт үнэхээр хайртай, хүндэтгэлтэй ханддаг нэгэн. Гэтэл түүний үзэл бодол уйгаржин дээр огт өөр. Тэрбээр саяхан Энэтхэгийн шашны сургуульд суралцаж буй Монголын олон лам хүүхдүүдийн цаашдын хувь заяанд санаа зовон бичихдээ, “Эдгээр олон лам хүүхдүүдэд ядаж кирил үсэг заагаач ээ. Англи хэлний мэдлэг олгооч. Юун дан ганц түвд, тангад ном үзэх вэ. Юун дан уйгаржин монгол бичгээр боловсрол олгох вэ. Тэд дэлхийтэй хөл нийлүүлэн алхахын тулд эхлээд кирилл үсэгтэй болмоор байна...” гэхчлэн бичсэн байна лээ. Монгол дахь уйгаржин монгол бичгийн улаан хамгаалагч хүн шүү дээ. Монголын түүхийг уйгаржин бичгээр байнга судалж байдаг сэхээтэн ийм л үзэл бодолтой явдаг юм билээ. Амьдралын үнэн ийм л байна.

Үүгээрээ Өмнөд Монголчуудынхаа үндэсний бичиг соёлын төлөөх тэмцлийг эсэргүүцэх гэсэнгүй. Харин ч Монголын энэ олон хэвлэл мэдээллийн байгууллагуудаас “Өдрийн сонин” ганцаараа Өмнөд монголчуудын тэмцлийг дэмжиж, хамгаалж, нүүр талбайгаа хайрлахгүйгээр томоохон нийтлэл, ярилцлага, сурвалжлагуудыг гаргаж байгааг уншигч олон маань харж байгаа байх. Гэвч ний нуугүй хэлэх нэг үнэн байна. Уйгаржин бичиг маань техник технологи, Шинжлэх ухаан ололтын үсрэнгүй хөгжлийн энэ зуунд хоцрогдчихоод байна. Уйгаржин бичгээр орчуулагдсан дэлхийн ганц сонгодог зохиол үнэндээ алга. Шинжлэх ухаан ололт дэвшлийн дэлхийд гарсан тэр олон сурах бичиг, судалгааны бүтээлүүдээс уйгаржинд хөрвүүлэгдсэн нь алга. Өмнөд монголчууд минь хөгжих, дэвжих, өөдлөх ёстой. Үндэстэн дотроосоо ядаж Азидаа тодорсон ганц эрдэмтэн төрүүлэх хэрэгтэй. Наад зах нь комьютерийн хэрэглээний программд уйгаржин бичиг минь хөрвүүлэгдэх гэж ямар их ажил болж байна. Өнөөдрийг хүртэл алдаа заасаар байна шүү дээ. Үүнийг засч чадахгүй байна. Дэлхийн соёлын өвийг хамгаалах дэлхийн байгууллага болох ЮНЕСКО-д аль 2013 онд уйгаржин монгол бичгийг “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өв”-ийн жагсаалтад бүртгүүлэх гэсэн боловч бүртгэж аваагүй юм билээ. Харин оронд нь “Монгол уран бичлэг” гэж огт өөр зүйлийг бүртгэж авсан юм билээ. “Монгол уран бичлэг” нь уйгаржин бичгийн нэг төрөл гэж үзээд өнөөдөр ЮНЕСКО-д хандаж болох ч өмнөд монголчуудын энэ асуудлыг тус байгууллага үл тоож байна. Ямар учир жанцанг цаанаа агуулж байгааг мэдэхгүй юм. Наад зах нь л ийм байна. Монголын 800 жилийн түүхийг мэдэхэд уйгаржин бичиг хамгийн чухал. Энэ үнэ цэнийг монгол үндэстний элит хэсэг, эрдэмтэн судлаачид мэддэг. Мөнхөд уйгаржингаа хаяхгүйгээр ашигласаар байхыг тэдний хөдөлмөр бүтээлээс бид харж, бахархаж, тэр их ай саваас нь өөрт хэрэгтэй байдлаар ашигласаар, уншсаар ирлээ. Тийм болохоор уйгаржин бичиг маань мөнхөд амьдарсаар байна. Харин кирилл монгол бичиг бол монголчуудыг сүүлийн 70 гаруй жилд дэлхийтэй танилцуулж, тэдэнтэй хөл нийлүүлэн алхуулж чадсан. Бид сүүлийн 70 жилд дэлхийн Шинжлэх ухааны ололтуудыг кириллээр судалж, дэлхийн сонгодгуудыг кириллээр уншиж, кирилл үсгийн буянаар сансарт хүнээ нисгэж, олон улсын хэмжээний математикчидтай болж, нийгмийн бүх л салбартаа дэлхийн хэмжээний мэргэжилтнүүдтэй болж чадлаа. Сүүлийн 30 жилд дэлхийд алдартай Харвард, Оксфордын сургуулиуд бидэнд нээлттэй болж, тэнд судалгаа хийж буй монгол залуусыг тоолоод барахгүйд хүрэх нь. Энэ бүхэн бол кирилл үсгийн буян. Цааш яривал кириллийн түүхэн үүрэг, үнэ цэнийг олноор дурдана.

Түүхэн үнэн ийм байхад өмнөд монголчууд минь уйгаржин бичгээ хэрэглэнэ гэвэл та нар дэлхийн хөгжлөөс, дэлхийн соёлоос сална, тусгаарлагдана гэсэн үг. Хятадаас цааш газар үгүй гэсэн “Хуучин хүү”-гийн амьдралаар амьдарна гэсэн үг. Монголчууд сайнаар ханддаг хүнээ сайн явахад нь өмнөөс нь баярлаж чаддаг ард түмэн. Сайнаар ханддаг нэгнээ муухан явбал өмнөөс харуусдаг. Үнэхээр л тусгаар тогтносон монголчууд бид мах цусны тасархай өмнөд монголчуудаа сайн явахыг хүсч байгаа бол уйгаржин бичгийг нь нэг их дэмжээд байх шаардлагагүй. Харинчиг “Өмнөд монголчууд минь уйгаржин бичиг хоригдсон бол кирилл монгол үсгэндээ орцгоовол яасан юм бэ” гэсэн үзлээр хандах ёстой. Тэгж байж тэдэнд маань сайн сайхан ирээдүй ирнэ. Кирилд шилжиж чадаж гэмээнэ өмнөд монголчууд минь хөгжил дэвшлийн зам руу орно. Биднийг эндээс кириллд шилж гэснээр Хятадын Засгийн газар кирилл заагаад эхэлнэ гэж юу байхав. Ханзаа заадгаараа заах нь нэн тодорхой.

Гэхдээ өмнөд монголчуудад минь боломж байна. Үнэхээр та бүхэн үр хүүхэд, хойч үеээ кирилл бичиг үсэгтэй болгоё гэж байгаа бол Хөх хотоосоо Улаанбаатарт хүүхдүүдээ шилжүүлэн сурга. Та нарын эдийн засгийн чадавх харьцангуй сайжирсан учраас боломжтой. Эсвэл Монголын Засгийн газраас хил дагуух суурингууддаа өмнөд монголчуудынхаа хүүхдүүдэд зориулсан сургууль байгуулж өгье. Бүр дэлхийн түвшний Кембержийн сургалттай дунд сургуулиудыг Замын-Үүдээс эхлээд хилийн боомттой бүх аймгууддаа байгуулж өгье. Эсвэл та нартаа зориулж хил хавийн дунд сургуулиудаа өргөтгөе. Тэнд хүүхдүүдээ авчирч кирилл, латин үсэг сургаад ав. Ер нь бол энэ нь цоо шинэ санаа ч бас биш юм, Монголд суралцах хүсэлтэй өмнөд монгол залуус манай их дээд сургуулиудад суралцаж байгаа. МУИС, МУБИС, СУИС... гээд том сургуулиудад цөөнгүй оюутан бий. Одоо үүнийгээ дунд сургууль болгоё. Бид та нартайгаа сайхан ойлголцоно. Бидэнд чинь бас хэл соёл нэгтэй үндэстний хань ижил хэрэгтэй байна шүү дээ.

Эцэст нь хэлэхэд, уйгаржин монгол бичиг маань байнга л эрсдэлтэй тулгарч ирлээ. Гэтэл бид 2025 он гэхэд уйгаржин бичигт албан ёсоор шилжинэ гэчихсэн байгаа. Өнөөдөр гэхэд өмнөд монголчуудын маань хэрэглэдэг уйгаржин бичгийн өмнө том бэрхшээл гарч ирлээ. Үндсэн шалтгаан нь “Энэ бичиг чинь та бүгдийг дэлхийн соёл иргэншлээс холдуулж, тусгаарлаж байна” гэсэн тайлбартай. Манай түүхээс харахад 1946 онд энэ асуудалтай тулгарсан. Өнөөдөр өмнөд монголчуудыг хятадууд ханз үсэг сур гэж тулгаж байгаа бол тэртээ 70 жилийн өмнө бидний монголчуудыг оросууд кирилл үсэг бичигт ор гэж тулгасан. Өнөөдрийн өндөрлөгөөс эргээд харахад бид лав алдсангүй. Дэлхийтэй хөл нийлүүлээд алхаж байна. Дэлхийн охь дээжээс захын хүүхэд уншиж судалж сууна. Хамгийн том онцлог нь кириллд шилжсэнээрээ өнөөдөр Монголд уйгаржин монгол бичиг маань устаж алга болоогүй байна. Харинчиг тодорхой хүрээнд уйгаржинг өндөр түвшинд авч явна. Түүхийн судалгаанд маш чухал үүрэг гүйцэтгэж үнэ цэнэ нь өндөр байна. Монголын элит хүрээнд монгол бичиг мэдэхгүй хүн байхгүй. Аль эрт кирилл, латин бичигтэй болсноороо монголчууд бид уйгаржин бичгээ устгачих байсан биз дээ. Тэгсэн чинь үндэсний бичиг соёл устах тухай ойлголт байдаггүй юм байна. Ийм л бодит түүх ах дүү монголчуудад чинь байна даа, өмнөд монголчууд минь.

Хэрэв та нарын маань уйгаржин бичиг хоригт орвол монгол хэл чинь бүдгэрнэ байх. Яагаад гэвэл та нар минь үнэндээ Өөртөө засах орон шүү дээ. Харин тусгаар тогтносон Монголд бол үндэсний хэл, соёл чинь хэвээрээ байна. Тэгэхээр хэл, соёл дээрээ хүрээд ир. Үр хүүхдүүдээ явууул. Уйгаржин монгол бичгээ бид нүд үзүүрлэхгүй. Тийм ёс зүй, уламжлал бидэнд байхгүй. Зүгээр л дэлхийн хөгжлөөс хэний маань ч үр хүүхэд хоцорч, доройтож болохгүй л гэсэн үзэл санааг түрүүнд нь тавьж байгаа юм. Энэ талаас нь тунгаан бодно уу. Хятад их гүрэн учраас ханзаа тулгаж л таараа. Ийм нөхцөлд өмнөд монголчууд минь аргаа ол. Кирилл, латин үсэг сурахаа бод. Уйгаржин бичгийг бодох юм бол кирилл, латин хоёрыг тэнэг хүн ч амархан сурах боломжтойгоороо дэлхийд гайхагддаг бичиг үсэг шүү дээ.