1.Эхлэл

Ноднин намар яг л өдийд, БНХАУ-ын Ухань хотод тааж танигдашгүй халдварт өвчин гарч гэнэ гэсэн яриа чих дэлсэж билээ. Хэн ч төдийлэн анзаараагүй байх. Удалгүй “Өнөөх өвчин хүнээс хүнд халдварлаж, хүмүүс нас барлаа. Нууцалж байсан өвчнийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дэлгэн тавьсан Ли эмч баривчлагдаж гэнэ. Тэгснээ өнөөх аюулт өвчнөөрөө нас барж гэнэ” гээд л шуугисан. Энэ өвчинд гол буруутан нь сарьсан багваахай, сүүлдээ корона гэдэг могой болж таарсан. Тэгээд өвчнийг “коронавирус” гэж нэрлээд, дэлхийн эрүүл мэндийн (ДЭМБ) байгууллага хүртэл эхний үсгээр нь “КОВИД-19” гэж нэрлэж, өнөөгийн аюулт цар тахал дэлхийн 216 орныг хамарч, гучаад сая хүнд халдварлан бараг сая шахам хүний амь насыг авч одоод байгаа билээ.

Дэлхий цочирдсон. Цар тахлын талаар бичээгүй, дуугараагүй хэвлэл мэдээллийн хэрэгсэл байхгүй байх. Шинжилж судлаагүй эрдэмтэн мэргэд ч ховор үлдсэн. Эмч эмнэлгийн ажилтнууд хүртэл хэдэн зуу, мянгаараа өвчилж таалал төгссөн. Улс гүрнүүд байтугай дэлхий даяар онц байдал зарлагдан, хөл хорионд орсон. Газар, ус, агаарын замууд тэр аяараа хаагдан, унааны түгжрэл ярьдаг байсан бол хүний түгжрэл ярих болсон. Зарим том гүрнүүд таалал төгсөгчдөө хийх хайрцаггүй, оршуулах газаргүй, хөргөгч, хөлдөөгчид хадгалж байлаа.

 

Дэлхий даяараа сарьсан багваахайг л хараан зүхэж, энэ амьтнаас болж дэлхий сүйрлээ гэж гасалцгаасан. Сарьсан багваахайтай бүх улс гүрэн энэ амьтныг үзэн ядаж, махыг нь лангуун дээрээсээ хураагаад газрын гүнд булж байлаа. Манайхан ч ялгаагүй, сарьсан багваахай ихтэй газраасаа нүүж Отгонтэнгэр мэтийн арц хүжтэй газраа бараадсан сураг байна. Манайханд сарьсан багваахайн тухай домог мэт яриа их бий л дээ. “Хараалч амьтан, хавьтаж ойртож болохгүй”. “Арцтай газраас их зугтаадаг, Отгонтэнгэр мэтийн их арцтай газар нутагладаггүй”. “Харин энэ өвчнийг арцаар эмчлэх талаар судлавал яасан юм?”... гэхчлэн дэл сул яриа их хөвөрсөн л дөө. Олон улсын эмч мэргэд коронавирусыг эмчилдэг эм, сэргийлдэг вакцин гаргаж авах гэж нүдээ улайтал, шүдээ зууртал суугаад одоо хэр нь бүрэн баталгаажсан эм вакцин гаргаж авч чадаагүй, тэр битгий хэл энэ аюулт цар тахал чухам юунааас, хаанаас, ямар замаар анх гарч ирснийг ч бүрэн тогтоож чадаагүй байгаа юм гэсэн. Олон янзын сэтгэгдэл, таавар яриа хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Түүнээс хамгийн итгэл үнэмшилтэй нь “Дэлхийн хүн амыг цөөлөх биологийн зэвсгийг гаргаж авах гэж АНУ, БНХАУ-ын эрдэмтэд Уханы нууц лабораториосоо, сарьсан багваахайд байдаг вирусыг алдснаас энэ өвчин тархсан” гэдэг нь арай илүү дөхөм юм. Тэгээд ч хятадууд нууцалж хугацаа алдсан, АНУ-ын төрийн тэргүүн Д.Трамп эс тоомсорлосон байдлаар “Жирийн л нэг ханиад томуу” гээд өөрөө маскнаас татгалзаж байсан зэргийг харвал, мань хүмүүс мэдэж байсан, дэлхийн хүн амыг өндөр настнаас нь эхлэн цөөлөх “Ухаалаг” вирус гаргаж авах бодлоготой байсан юм биш байгаадаа гэсэн таавар төрөхөд хүрдэг юм.

Жирийн нэг амьтнаас тархсан гэхэд итгэмээргүй, дэндүү “ухаалаг” энэ вирусыг XXI зууны эрдэмтэд, тэр дундаа дэлхийн “гавал”-ууд бүтээсэн гэдэгт би ердөө эргэлздэггүй. Мутацад орж олон хувирахын зэрэгцээ, нэг, хоёр, гурав, хэчнээн ч давалгаа үүсэх юм, бүү мэд. Зарим эрдэмтэд “энэ өвчин дэлхийгээс салахгүй, үе үе намжин, дахин гарч ирээд, хүн төрөлхтнийг, тэр дундаа хүүхэд хөгшчүүдийг зовооно доо” гэж бичсэн байна билээ. Манай орны хувьд оргил үе нь энэ оны аравдугаар сард гэж биднийгээ айлгасаар л байгаа.

 

2.ӨРНӨЛ

 

Коронавирус буюу цар тахал, дэлхий дахины хүн амыг өвчлүүлж, үхүүлж сүйрүүлэхээс гадна хэдэн муу үр уршиг дагуулж явна. Гол нь эдийн засгийн сүйрэл. Улс үндэстнүүд хил хязгаараа хааж, хорио цээр тогтоож, үйлдвэрлэл үйлчилгээ нэлэнхүйдээ зогссоноос хүн төрөлхтний 80-90 хувь нь “туйлдаж ядарлаа” гэж гадны хэвлэлд бичсэн байна. Энэ оны есдүгээр сарын 1-ний байдлаар дэлхийн эдийн засаг 10 гаруй хувиар агшиж. Зарим хүчирхэг орны эдийн засаг 2-3 жилд сэргэж чадахгүй гэж бичсэн байна.

Олон улсын, тухайлбал, “Ковид-19” тархсан 216 орны тухай ярихаа больё. Монгол минь яаж байгаа билээ?! Цар тахлыг “ялж” байгаа цөөн орны тоонд Монгол багтаж ДЭМБ-аас “үлгэр жишээ авах улс”-ыг Монгол тэргүүлж байгаа. Аюулт цар тахал хамгийн их тархаж олон мянган хүнээ энэ өвчнөөр алдсан Орос, Хятад хоёрын хооронд, олон улсын бараг бүх зам холбоо дайрч өнгөрдөг манай улс коронавирусыг хазаарлаж бариад нутаг дотроо ганц ч тохиолдол гаргалгүй, нэг ч хүн нас баралгүй арван сар болно гэдэг гайхамшиг. Саяхны байдлаар /есдүгээр сарын 1-ний/ Монголд зөөвөрлөгдөн орж ирсэн 306 тохиолдлын 300-г нь эмчилж эдгэрүүлээд ХӨСҮТ-д зургаахан өвчтөнтэй тэдний нэг нь л хүндхэн байлаа. Үүүнийг чинь амжилт гэхээсээ гайхамшиг гэмээр юм биш үү?! Энэ бол Монгол Улсын төр засгийн зөв мэргэн бодлого, Эрүүл мэнд, Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, сэтгүүлчид, цагдаа, хил гаалийнхны шаргуу хөдөлмөр гэхээсээ баатарлаг үйлсийн үр дүн гэлтэй.

 

Цар тахлын өмнө монгол хүн сөхөрсөнгүй ээ!

 

Мал нь өсөөд 80 сая давж, тариа ногооных нь ургац дээд цэгтээ хүрч, гол бүтээгдэхүүн болох гурил, төмс хоёроо дотооддоо хангана гэнэ. Эдийн засгийн гол үзүүлэлтийг авч явдаг үйлдвэрлэл, тэр дундаа уул уурхайн үйлдвэрлэл, зам тээвэр, аялал жуулчлал бага зэрэг агшиж. Агшихад хоёр тал бий.

Цар тахлын нөлөө зайлшгүй байгаа. Дэлхийн бараг бүх орны эдийн засаг унаж байхад Монголынх өснө гэж байхгүй л дээ. Гэхдээ, бидний алдаа бий гэж миний хувьд хардаг. Хилээ хаасан нь зөв бодлого байлаа. Гэхдээ дотоодын үйлдвэрлэлээ эрч далайцтай явуулж болох байсан. Оюутолгой, Эрдэнэт, Таван толгой, бусад үйлдвэр үйлчилгээний газрууд нарийн зохион байгуулалттай, хяналттай ажиллаж болох байсан. Нүүрс, зэс, нефть болон бусад олборлолтоо явуулж, гол хэдэн боомтоороо экспортоо тасалдуулахгүй явуулах боломж байсан гэж эдийн засагчид, судлаачид үздэг юм билээ.

Хариуцлагын тогтолцоо зарим газар хэтэрхий суларсан. Үүнийг Улаанбаатар-Дарханы замаар жишээлж болно. Зам тээврийн яамны удирдлагууд, зөвхөн хувийн ашиг сонирхлын үүднээс бодлогогүй алхам хийсэн. Тендер будлиантуулж энэ чухал замын ажлыг гадныханд өгснөөс их бүтээн байгуулалт саатна билээ. Гадныхан авилга их өгдөг учраас Хятадын компаниудыг шалгаруулдаг, тэд нар нь цар тахлын үеэр хилийн чанадад хашигдсан. Яагаад монгол барилгачидаараа, монгол замчдаараа бариулж болоогүй юм!

 

Монголчууд Улаанбаатар-Дарханы зам байтугай Дорноговь аймагт хоёр том төмөр зам, бас засмал замыг өөрсдөө барьчихлаа. Замын энэ том бүтээн байгуулалтад алдаа гаргасан сайд дарга нарт хариуцлага тооцох нь бүү хэл дахиад л УИХ-д нэр дэвшүүлж, сонгож байх юм.

Бас аялал жуулчлал уналаа, сүйрлээ гэнэ. Энэ чинь коронавирусынх биш, энэ салбарын түрүүчийн удирдлагуудын хэтэрхий хариуцлагагүй байдал. Гадаад жуулчлал зогссон нь үнээн. Дотоодын аялал жуулчдаас хэдий л бол хэдий орлого олж болох байсан. Улаанбаатараас бусад газарт халдвар тархсангүй. Хаа л бол хаа чөлөөтэй аялж болох байлаа. Яам газрынх нь удирдлагууд хааяа нэг “Аялал жуулчлалын салбарын төчнөөн хүн ажилгүй боллоо” гэж зовлон тоочоод л суугаад байгаа. Аялал жуулчлалынхныг татаж хөрөнгө босгоно гэж Хэнтийд хэдэн шавар овоолчихоод санаа амарсан.

 

 

 

Би харамсдаг юм. Дэлхийд гайхагдмаар газар орон Монголд бий. Хаа ч байхгүй түүхийн дурсгал Монголд л бий. Даанч түүнийгээ сурталчилж ард түмэндээ ойлгуулдаггүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монголоо сурталчлахгүй хэрнээ “Миний очих дуртай 100 газар” “Үүргэвчтэй аялал” гээд бусад улс орнуудыг л орой болгон телевизээр сурталчилж цацаж байх юм. Ингэхээр дотоодын аялал жуулчлал яаж хөгжих билээ дээ!

Хотын бүтээн байгуулалт гээд байгаа зүйлийг хар даа. Долдугаар сарын 1 хүртэл сонгууль гэж шоудсан. Дараа нь бүгд амралтаа аваад алга болсон. Айраг архинд умбаж умбаж ирээд, яг сургууль цуглаж хөдөлгөөн ихсэх үеэр зам талбайнуудыг ухаж сэндийлээд хаячихсан. Тэгээд “түгжрэл” гэж сүржигнэлээ. Засгийн газар түгжрэлийг бууруулах талаар хариуцсан байгууллага, хүмүүсээс санал авсныг та нар ажигласан байх. Тэнд улс орны эрх ашиг, нийслэлийнхний сайн сайхны төлөө дуугарсан хүн бараг алга. Бүгд л хувийн, салбарын ашиг сонирхолд хөтлөгдсөн. Банк санхүүгийнхэн гэхэд л татвар хураамж нэмье л гэж хашгиралдсан. Замын түгжрэл гэдэг чинь Улаанбаатарын гудамжинд байгаа юм биш. Дарга сайд нар, баячуудын толгойд байгаа юм.

Жилд өчнөөн мянган машин хил гаалиар оруулж ирээд байхад түгжрэлийг арилгана гэж зүүдлээд яах юм. Энэ томчууд чинь жилд өчнөөн машин оруулж ирээд, албандаа 2-3, ар гэртээ 2-5 машинтай болсон байна. Би таван жилийн өмнө гадаадаас машин оруулж ирэхээ 5-6 жил хориглооч гэж саналаа бичиж байсан. Тэгсэн чинь юун хориглох, таван жилд улам олон машин орж ирсэн байна билээ. Одоо улаанбаатарчууд унаагаар хангагдсан. Түргэн тусламж, галын машинаас бусдыг нь тодорхой хугацаагаар хориглох хэрэгтэй шүү дээ. Ингэж л байж замын түгжрэл буурна.

Ингээд харахаар Монголын эдийн засаг, цар тахлын хямралыг хохирол багатай даван туулах бүрэн бололцоотой байсан, цаашид ч “эзэн хичээвэл, заяа хичээнэ” шүү дээ.

 

3.Төгсгөл

 

Одоо хүн бүрийн сэтгэлд “Цар тахлын дараа яах вэ?” гэсэн асуулт явж байгаа. Гэхдээ энэ аймшигт цар тахал хэзээ дуусах юм?, Ер нь дуусах юм уу, ингээд л үргэлжлээд байх юм уу?, Бүр хоёр, гуравдугаар давалгаа гээд дэлхийн улс үндэстнийг сүйрүүлэх юм уу?

Хэн ч тодорхой хариулт өгөөгүй л байгаа. Улс болгонд л коронавирусын эсрэг эм тариа, вакцин үйлдвэрлэж байгаа сураг байна. Энэ нь хүн төрөлхтнийг аврах санаа агуулсан гэдэгтэй маргахгүй. Гэхдээ нэр хүндний төлөө, борлуулалтын төлөө, их олз ашгийн төлөө өрсөлдөж байгаа гэсэн мэдээлэл ч бий. ОХУ хамгийн түрүүнд “Спутник-5” вакцин гаргаснаа зарлаж, В.Путины охин болон нэр хүндтэй хүмүүс нь өөр дээрээ туршсан. Гэтэл ДЭМБ энэ вакциныг “шаардлага хангаагүй” хэмээн зөвшөөрөхгүй байгаа юм байна. Ер нь аль ч вакциныг бүтээлээ гэхэд 1.8-2 жилийн туршилтын хугацаа заавал шаарддаг гэсэн. Ингэхлээр коронавирус гэх аюулт цар тахлын төгсгөл нэг л бүдэг санагдаад байгаа юм.

 

Тэгвэл Монгол минь одоо яах вэ? Энэ цар тахлыг хохирол багатай яаж даван туулах вэ? гэсэн асуултад бүгд л хариулт бэлдэж байгаа, би ч хувийн бодлоо нэмэрлэе.

Манай эрхэм дээдэс оны төсөвтөө, ард түмнээрээ өчнөөн сар шаардуулж байж тодотгол хийсэн чинь 4.8 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталчихлаа. Эрдэмтэн судлаачид “тодотгоод улам дордуулчихлаа” гэж байна. Магадгүй л юм. Хоёр жил тэсчихэж болохоор тэр олон барилга байшин, хэрэгтэй хэрэггүй юмыг яах гэж төсөвт оруулаад байгаа юм бэ?. Барилга нь нураад уначихсан, дарга нь гадаа ширээ сандалтайгаа сууж байгаа газар байгаа юм уу. Тэгвэл бүгдийг цомхотгочих л доо. Эдийн засагч бүсгүй “Төсвийн 50 хувь нь хасчихаж болох л зүйл байна билээ” гэж телевизээр ярьсан. Дарга сайд нар минь, ингэж үрэлгэн загнаад цар тахлын хохирлыг арилгана гэвэл эндүүрэл байх шүү.

Гол нь бизнесийн орчноо л тэлж өгье. Уул уурхайнууд нь ажилладгаараа ажиллаж, хил гаалиараа гаргадгаа гаргая. Уртасгасан цагаар, ээлжийн системээр гээд экспортын баялгаа нэмэгдүүлэх олон гарц бий дээ. Тэр бүхнийг ашиглаж, олз олбороо нэмье.

 

Жижиг дунд үйлдвэрүүдийг зогсоочихсон. Ажилчид нь хаа яваа нь бүү мэд. Энэ бол төр засгийн бодлогын нэг номерын асуудал. Өнөө жил, дараа жилийн төсвийн гол нь үүнд л чиглэх ёстой байсан. Дараа жилийн төсвийг удахгүй батална. Үүндээ эн тэргүүнд тусгах зүйл ЖДҮ.

УИХ-ын намрын чуулган хэдхэн хоногийн дараа эхлэнэ. Чуулганы хэлэлцэх асуудлын нэгдүгээрт, ЖДҮ-г дэмжих, зах зээлийг нь нээж өгөх, арьс шир, ноос ноолуурын гэх мэт дотооддоо үйлдвэрлэж болох бүх зүйлийг дэмжсэн хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлээсэй гэж бодох юм.

 

Монголын хөрөнгийн тал хувь нь гадаадад яваа. Нэг нь оффшор бүсэд хадгалуулсан валют, нөгөө нь дэлхийн хамаг тансаг газруудад барьж босгосон үл хөдлөх хөрөнгө. Гадаад улс орнууд харьд гаргасан хөрөнгөө татаж эхлэлээ шүү дээ. Манайх бол эздийг нь барьж хорьчихоод юм уу, хилийн хориг тавьчихаад л хараад суугаа. Харин АТГ-ын шинэ удирдлагууд, тухайлбал, З.Дашдаваа тэргүүтэй дарга нар нь сүүлийн үед хууль бусаар олж аваад нуусан хөрөнгөтэй “дайн” зарлаж байгаа юм билээ. Эхлээд, хаана аль улсад хэний нэр дээр ямар хөрөнгө нууцаар хадгалагдаж байгааг тухайн улсын хууль хяналтын байгууллагатай хамтран шалгаж, дараа нь тэр улсын хууль эрх зүйн үндэслэлийнх нь дагуу гэрээ хэлцэл байгуулан “нуугдмал хөрөнгө”- ийг татаж авчран улсын орлого болгох гэнэ. Энэ ажиллагаа эхлэчихэж.

Дэлхийн баячууд тэрбумтнууд өөр өөрийнхөө улс орны энэ хүнд үед жинхэнээсээ тусалж байна. Манайхан таг чиг. Надад нэг ийм санал байгаа юм. Хууль бусаар хөрөнгөжсөн, гадаад улс орнуудад эдлэн газар, орд харштай болчихсон хүмүүс сайн дураараа тэр хөрөнгөө энэ хүнд хэцүү үед улсдаа хандивлачихвал ял шийтгэлээс чөлөөлж болох юм. Зөвхөн АНУ-д 9 хаустай С.Баяр байсан бол Сөүлийн хамгийн тансаг хороололд 3 хаустай сайд тодорлоо. 5-10 сая ам.долларын авлига авсан сайд, УИХ-ын гишүүдийн нэр удахгүй зарлагдана гэсэн. Бас Австралиас, Оюутолгойн холбогдолтой авлига авсан монголчуудын нэрс, хөдөлшгүй баримт ч ирэх сураг гарлаа. АТГ-ын шинэ удирдлага маш өргөн цар хүрээтэй, дайчин шуурхай ажиллаж байгаа ч гэсэн, шүүх прокурор нь яах юм бол. Нэгдэж чадвал, үйл ажиллагаагаа хэрэгжүүлж чадвал, улсын төсвөөс илүү их хөрөнгө ороод ирэх юуны магад.

Дотоодын эрдэмтэн мэргэд, инженер техникчиддээ итгэл хүлээлгэе. Нэг дарга нь гарч ирээд л метро байгуулна гэдэг, нөгөө нь гарч ирээд агаарын дүүжин зам барина гэж шоуддагаа больё л доо. Дарханыхаа замыг, гэр хорооллуудынхаа зам, далан сувгийн барилга байгууламжийг юуны түрүүнд өөрийнхөө барилгачдын хүч хөрөнгөөр хийе. Улаанбаатарт эмнэлэг, сургууль хоёроос өөр барилга барихыг хатуу хориглоё.

Нууц хуйвалдаанаар хотын захиргааг Арцатын ам руу нүүлгэх гэсэн санаархлыг таслан зогсоож Арцатад барьчихаад байгаа байгууламжийг халдвартын эмнэлгийн зориулалтаар ашиглая. Хавдар судлалын үндэсний төвийн хашаанд баригдсан 120 ортой эмнэлгийн барилга, Түлэнхийн төвийн барилга зэрэг обьектуудыг нэн яаралтай ашиглалтад оруулъя.

Дээрээсээ эхлээд бүх зүйлд хэмнэлттэй хандъя. Эдийн засгийн энэ хүнд үед яам, агентлаг, газар, хэлтсүүдийг нэмж өөрсдийнхөө садан төрөл, танил талд суудал гаргаж өгдөгөө болил доо!

ГХЯ-нд гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг байгуулах гэнэ. ЭМЯ-нд эмийн агентлагтай болно. Кембриджийн сургалттай тусгай сургууль бий болгохыг завдлаа. Энэ татварын хэдэн төгрөгийг чинь хэн дуртай нь ингээд “суйлдаг” болсон байна шүү дээ. Кембриджийн сургалт гэдгийг чинь Монголд арваад жилийн өмнөөс туршсан. Би сайн мэднэ. Төсвийн мөнгийг ёстой л “иддэг” юм билээ. Харийн ийм хөтөлбөрийг оруулж ирэн, үндэсний сургалтын тэр сайхан уламжлалаа нам цохих хэнд хэрэгтэй байгаа юм?!

 

Ер нь тэгээд хувийн сургууль, хувийн эмнэлгүүд ард түмнээсээ барж ядсан их мөнгө нэхэж авч байхад улсын төсвөөс олон тэрбумыг олгодог нь ямар учиртай юм. Үүнийг болих хэрэгтэй.

Ингэж л “өөрийн” “хүний” гэсэн ялгавартай сэтгэлгээнээсээ салж байж цар тахлын дараах эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулна даа.

Би, энэ бяцхан өгүүллээ Сарьсан багваахайгаар эхэлсэн. Бас түүгээрээ өндөрлөе. Хөөрхийдөө, энэ нэг далавчтай амьтан ямар ч буруугүй хэрнээ яасан их нүгэл хураав!

Олон янзын өвчний вирус тээж, хоол эрж явдаг жирийн л амьтдын нэг. Хүн рүү дайраагүй, хүнд халдаагүй. Хүн төрөлхтөнд ямар ч хор зэм хүргээгүй. Энэ амьтныг алаад түүхий нойтон махыг нь идсэнээс өвчин тархсан бол хүний л буруу. Энэ амьтныг барьж аваад лабораторт тарчлаан тамласан бол бас л хүний буруу. Тэгтэл энэ амьтан удам судраараа яаж дормжлогдов! Яаж хараалгаж зүхүүлэв! Яаж тамлуулж алуулав. Хүн л тэгсэн!

 

Амиараа дэнчин тавьсан энэ хөөрхий, сарьсан багваахай хүн төрөлхтөнд, амьтны ертөнцөд олон чухал сургамж үлдээлээ. Хятадаас эхлээд олон улс орон, зэрлэг амьтан жигүүртэн шувуудыг алж хүнсэнд хэрэглэхийг хориглолоо. Амиараа дэнчин тавиад бусдыгаа аварчих нь энэ.

“Унтаж байсан” хүн төрөлхтөнийг сэрээлээ. Зарим улс орнууд энэ тахлаас болж өвчтөн хэвтүүлэх оргүй, шарил хадгалах газаргүй болж сандарлаа. Байгалийн давагдашгүй хүчин зүйл хэзээ ч тохиолдож болно, бэлэн байдалд байх ёстой гэдгийг мартсан байсныг санууллаа.

Хүчирхэг улс гүрнүүд од гариг руу аялж, онгоц пуужин бүтээгээд, хүн хийх нь холгүй байсан хэрнээ ганцхан вируст яаж дарлуулж болдгийг удирдагчид, эрдэмтэн мэргэдэд нь мэдрүүллээ. Эмчлүүлэх гэж харь орныг зорьж, хамаг мөнгөө барсан, хаа нэг газар ном сурах гэж махарсан, харин эх орноо муулж эргэж харалгүй зугтаасан, олз ашиг хөөж орон дэлхийг хэрсэн, олон улс дамжин биеэ үнэлж явсан гээд бүх хүн өнөөдөр Монголоо саналаа.

 

Алтаар сольж болшгүй аугаа сайхан эх оронтой хүн гэдгээ хэн хүнгүй мэдрэв бололтой. Онгоц онгоцоор ирцгээлээ. Ор дэрийг нь засчихаад хүлээж байлаа. Сарьсан багваахайн буянаар садан төрлүүд уулзлаа, уйлалдлаа. Дэлхийн улс үндэстнүүдийг ойлголцуулж, халуун цэгийнхнийг хүртэл харилцан буулт хийлгэлээ.

Дэлхийн улс орнуудыг хэмнэлтэд сургалаа. Ямар ч тооцоо судалгаагүй үрэгддэг, хаягддаг, далайд аваачаад цацчихдаг зүйл хэрэг болох цаг байж шүү гэдгийг хүн болгонд ойлгууллаа. Эдийн засгийг хэмнэлтийн зарчмаар хохиролгүй авч гарна гэсэн бодлого давамгайлах боллоо.

Ийм олон сургамжийг Сарьсан багваахай гэдэг хөөрхий нэгэн амьтан, амь насаараа дэнчин тавин байж хүн төрөлхтөнд үлдээж байна даа. Тэгээд л би сарьсан багваахайн алтадмал хөшөөг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын үүдэнд босгоё гэж санал тавиад байгаа юм.

 

(Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн)  Г.Жамьян