Хоёр тэрбум ам.долар хэр их мөнгө вэ. Ямар ч байсан Оюутолгойн уурхайд дэлхийн бусад уурхайнуудаас санхүүгийн хувьд илүү байх боломжийг олгож чадах мөнгө гэдэг нь одоогийн байдлаар тодорхой байна.

Чилийн Эль Меркурио сонины өнгөрсөн оны дугааруудын эхний нүүрийн 2/1 зайд “Чилийн зэсийн уурхайн инженерүүдийг Монголын Оюутолгойд очиж ажиллахыг урья” гэсэн утгатай ажлын зар чимж байлаа. Тэр үед бусад сонингууд ч “Ирэх долоо хоногт Чилийн уурхайчид баяртай байх нь” гэсэн мэдээлэл тавигдсаар байсан юм. Ийм утгатай зар зөвхөн Чилид ч бус Канад, АНУ, Индонези зэрэг улсын хэвлэлүүдээр дүүрэн гарсан. Үүний дараа Чили болон бусад улсын зэсийн уурхайнууд өндөр чадвартай инженерүүдийнхээ цалинг нэмж арай чамай барьж тогтоосон билээ. Энэ байдал эдгээр орны уул уурхайн салбарт балаг тарьж, боловсон хүчний хомсдол үүсгэх аюулыг агуулж байсан учир ийнхүү сандарцгаасан юм. Нөөц ашигласны татвар маш багатай улсад татварын дэндүү таатай орчинд үйл ажиллагаа явуулж байгаа нь “Айвенхоу майнз” болон Рио Тинтод ийм боломж олгож байсан юм. 

Дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч Чили улсад өнгөрсөн жил хүчтэй газар хөдлөлт болж дэлхийд томоохонд тооцогдох уурхайнууд нь 7-21 хоног зогссон билээ. Улмаар зарим нэг уурхайд эвдрэл гарснаас болж гэрээлсэн зэсээ нийлүүлж чадахгүйд хүрч, ашиг нь буурч эхлээд байв. Зэсийн ханш өнгөрсөн жилийн дунд үеэс чангарч эхэлсний нэгэн шалтгаан нь энэ байсан. Тухайн үед сар шахам цалингүй байсан уурхайчдаа бодоод “зүгээр” байсан эрх баригчид өнгөрсөн сараас арга хэмжээ авч эхэлсэн нь Оюутолгой төсөлд ажилтан авах цаг хугацаатай зэрэгцсэн явдал уурхайн удирдлагууд SOS дохио зарлах шалтгаан болсон байна. Чилийн эрх баригчдын авч эхэлсэн “арга хэмжээ” гэдэг нь ийм учиртай.

Газар хөдлөлтийн гамшгаас үүдэн тус улсын уул уурхай, дэд бүтцийн салбарт ихээхэн хохирол учруулж, хөгжлийг нь доош чангаааж байгаа гэж дээр өгүүлсэн. Энэ байдлаасаа хурдан гарахын тулд эрх баригчид шинэ төрлийн татвар гаргаж ирсэн бөгөөд эндээс орж ирсэн орлогоор уул уурхайн салбарыг сэргээн босгож илүү найдвартай, аюулгүй орчин бүрдүүлэхэд зарцуулахаар шийдсэн байж. Өнгөрсөн оны сүүлээр гарсан энэ шийдвэр уурхайчдын зүгээс эхлээд эсэргүүцэлтэй тулгарсан ч аажмаар дэмжигдсээр өнгөрсөн сарын байдлаар 80 хувийн дэмжлэг авсан тухай тус улсын Уул уурхайн сайд Лоуренс Голборн мэдэгдсэн байсан. Шийдвэр хэрэгжиж эхэлбэл одоо дөрвөн хувь байгаа рояльти есөн хувь хүртэл өсөх бөгөөд 2018 оноос 5-14 хувь болж нэмэгдэх юм байна. Escondida, Spence and Cerro Colorado зэрэг аваргуудад энэ хувилбар эхлээд таалагдаагүй ч сүүлд нь дэмжсэн юм. Өндөр татвар төлөх болсон компаниуд өндөр мэдлэг чадвар бүхий инженерүүдээ авч үлдээд хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх замыг эхнээсээ хэрэгжүүлээд явж байна.

Ийм хүнд үед Оюутолгой төсөл дээр ажиллах сайн нөхцөлтэй ажлын байрны санал гарч ирсэн нь уул уурхайн компаниудын боловсон хүчнүүдийг сандралд оруулах нь аргагүй юм. Учир нь, гадны ихэнх улсын /тэр тусмаа Чилийн/ уурхайнууд удахгүй өмнөхөөс хоёр дахин их татвар төлөх учир ажилчиддаа хангалттай цалин амлах нөхцөл хязгаарлагдана. Харин Айвенхоу майнз, Рио Тинто чадна. Зарим нэг хүн “Эх орноосоо урвасан хүний хийсэн хууль” гэж ярьдаг Монгол Улсын “Ашигт малтмалын тухай хууль”, энэ хуульд заасан Тогтвортой байдлын гэрээ тэдэнд ийм боломжийг олгож байгаа билээ. Чилийн эрх баригчид нөөц ашиглалтын төлбөрөө нэмэгдүүлэх шийдвэр гаргасны дараа Австрали, АНУ, Бразил, Индонези зэрэг орнууд ноогдуулж байсан нөөц ашиглалтын төлбөрөө эргэн харж, ихэнх нь нэмэх шийдвэр гаргасан байгаа. Манай УИХ ч энэ жишгээр явж, нөөц ашигласны төлбөрийг таван хувь байсныг 15 хувь болгож нэмэгдүүлсэн. Гэхдээ энэ шийдвэр зөвхөн Эрдэнэт үйлдвэр дээр хэрэгжиж байсан юм. Харин шинэчлэлийн Засгийн газар саяхнаас “Оюутолгой төслийн анхны хөрөнгө оруулалтыг хэрхэн нэмэгдүүлсэн үндэслэлийг шалгана” гэх боллоо. Ашгүй дээ. Ашигт үйлийн коэффициент багатай дэлхийн аль ч уурхайд үнэгүй өгсөн ч авахгүй тод экскваторууд хаана байна, Оюутолгойд л байна. "Эдгээр төмрийн сэгүүд" анхны хөрөнгө оруулалтад хичнээн сая ам.доллараар үнэлэгдсэнийг хамгийн түрүүнд шалгах хэрэгтэй.     

Б.Болор